
2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх бүхий УИХ 2022 оны намрын ээлжит чуулганаа өчигдөр (2022.10.03) нээлээ. Их эзэн Чингис хааны эш хөргийг, алтан сургаальтай нь чуулганы танхимын хоймортоо залсан нь мэдээж машид билэгшээлтэй. “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн их эзэн хааны сургаалийг өдөр болгон санаж, дагаж мөрдөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үгийнхээ эхэнд сануулсан ч эрхэм гишүүд энэ захиасыг үйлдэлдээ сахиж мөрдөх нь бараг л худал биз. Их эзэн хаанаа чөлөөтэй дурсч, бахаддаг болсон 1990 оноос хойш чухамхүү энэ сургаалийг Монгол төрийн түшээ болгон эш татдаг ч мөрдлөгө болгосон үгүй өнөөдрийг хүрсэн. Харин ч эсрэгээрээ алд бие нь арвин эд агуурсанд умбаж, ахуй төр нь алдарсан он жилүүд үргэлжилсээр. Монгол төрийн түшээд энэ сургаалийг ажил үйлсдээ мөрдлөг болгосон бол өнөөдрийн “ул” байдалд хүрэхгүй л байсан байх.
Төгрөгийн ханш сүүлийн хоёр сарын дотор 150 төгрөгөөр огцом суларч, чуулган нээгдэх өдрийн ханшаар нэг ам.доллар 3440 төгрөгтэнй тэнцэж байна. Гэхдээ энэ бол Монголбанкны нэрлэсэн албан ханш, валютын зах дээр аль хэдийнэ 3500 төгрөг давсан. Иргэдийн хүнс болоод өргөн хэрэглээнийх нь 70-80 хувь нь импортоос хамааралтай Монгол Улсад төгрөг ингэж сулрах нь иргэдийн амьжиргаанд хүнд дарамт болон буудаг. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг сүүлийн 40 гаруй жил тохиогоогүй хэмээн спикер үгэндээ онцолсон нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш гэсэн үг.
“Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна” хэмээн УИХ-ын дарга үгэндээ онцолж үүсээд байгаа нөхцөл байдлыг цар тахал, хойл хөрш ОХУ-ын Украин руу хийсэн түрэмгийллээс үүдэлтэй гэж оношилж байгаа ч үнэндээ улстөрчид алд биеэ бөөцийлж ахуй төрөө алдруулсаны гор юм.
Мэдээж эдийн засгаа аварч, иргэд биднийгээ сайхан амьдруулах ирээдүй цаг дээрх амлалтаар спикерийн үг бялхлаа. Харин энэ амлалтандаа спикер өөрөө, эрх баригч МАН итгэж байгаа болов уу. Иргэд лав итгээгүй, яагаад гэвэл ийм ирээдүй цагийн зөгнөлт амлалтыг хангалттай өгсөн.
УИХ-ын даргын хэлснээр эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээг авах юм байна. Нэгдүгээрт, төсвийн реформыг эрчимжүүлнэ, хоёрдугаарт, орлогын реформ хийж, “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ, гуравдугаарт, зарлагын реформ хийнэ, дөрөвдүгээрт, аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татна, тавдугаарт, хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлнэ гэлээ. Хэн, хэзээ хийгээд үр шимийг иргэд хэзээ хүртэх амлалт вэ?
Иргэд, аж ахуйн нэгжийн татвараас бүрдэж байгаа улсын төсөв эрх баригч намын сонгуулийн циклэд ашиглагддаг бэлэн мөнгө болсон. Төсвийн шинэчлэлийг олон нийтийн саналд үндэслэн, шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь хамгийн ойрын зорилт гэж спикер үгэндээ хэлсэн байна. Ирэх 2023 оны төсөв өргөн баригдсан байгаа, энэ амлалт тусгалаа олох болов уу?
Орлогын реформыг хоёр замаар хийх ажээ. Нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрдугаарт, төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна. Эхний арга зам мэдээж хийх хэрэгтэй, гэхдээ сам, сэнс тараахгүй гэдгээ ойлгосон байх. Гэхдээ бодит байдал дээр хөдөлмөрлөж байгаагийнх нь цалингийн 20 хувь инфляцид идэгдэж орлого буурч байгаа, ажилгүй байгаад нь ажлын байр олдохгүй байна. Хоёр дахь арга зам бүүр анхаарал татаж байна. Төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлнэ гэхээр төсвийн албан хаагчдад бизнес хийх эрх зүйн орчин бий болгож, “улмаар татварын бааз суурийг өргөтгөн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ” гэдэг харин шинэ зүйл байна. Тэгэхээр төсвийн байгууллагынхан “хоёр нутагтан” болж, хувийнхнаа шахна гэсэн үг үү.
Бас нэг шинэ зүйл нь Итгэлийн зээл. “Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна” гэсэн нь үнэхээр итгэл төрүүллээ.
Д.НАРАНТУЯА





Leave a comment