“Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2022 оны есдүгээр сарын 26-27-ны өдөр болж өнгөрлөө. Чуулга уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, Европын холбооны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн өргөн төлөөлөл оролцлоо. Энэхүү чуулга уулзалтаар газар зүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх үүрэг, нөлөө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар болоод нэр хүндийг өргөхүйц маркетингийн боломжийг бүрдүүлэх, олон улсын жишигт нийцсэн газар зүйн заалттай бүтээгдэхүүний үндэсний тогтолцоог бүрдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэдэг ойлголт сүүлийн 10 гаруй жил дэлхий нийтэд дэлгэрч байна. Европын холбооны улсуудад түлхүү хөгжиж гарч ирсэн бол сүүлийн үед Азийн улс орнуудад ихээхэн хөгжиж байгааг НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн олон улсын зөвлөх Стефани Пассэри хэллээ. Өнөөдрийн байдлаар Азийн улс орнуудад 3700 гаруй газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ажээ.
Газар зүйн заалт гэдэг нь тодорхой орон нутгийн үйлдвэрлэгчдийн мэдлэг, ноу-хауд тулгуурласан, тухайн газар нутгийн байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон өвөрмөц шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах оюуны өмчийн эрх юм.
Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын ХХААБ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХХААХҮЯ хамтран Монгол Улсад хэрэгжүүлж байгаа СТРИЙМ төслийн хүрээнд газар зүйн заалттай шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, одоо байгаа газар зүйн заалттай бүтээгдэхүүний бүртгэлийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Оюуны өмчийн газарт газар зүйн заалттай 44 бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаагийн 5 нь гадаад улсын, бусад Монголын дотоодын бүтээгдхүүн байна. Дотоодын 39 бүтээгдэхүүнээс ганцхан нь гадаад оронд бүртгэгдсэн нь Увсын чацаргана бүтээгдэхүүн юм. Увсын чацарганыг Европын холбоонд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх ажил 2019 оноос хийгдэж энэ оны нэгдүгээр сард албан ёсоор бүртгүүлсэн. Энэ ажил саад бэрхшээл ихтэй байсны хэрээр олон зүйлд суралцаж, бусад бизнес эрхлэгчдэд туршлага болсныг “Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Цэцэгсувд ярилаа.
Монгол орны нийт чацарганын 70 орчим хувь Увс аймагт ургадаг. Увс нуурын ай савд ургадаг байгалийн зэрлэг чацарганыг 1960-аад оноос тарималжуулжээ. Увс нуурын ай савд ургадаг чацаргана нь Монголын бусад газарт ургадаг чацарганаас илүү тослогтой байгаа нь энэ бүс нутгийн цаг уур, газар зүйн онцлогтой холбоотой эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээгээр тогтоосон нь Европын холбоонд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх гол үндэс болсныг З.Цэцэгсувд хэллээ.
Монголын Оюуны өмчийн газарт бүртгэлтэй бүтээгдэхүүнээс хөгжүүлж, гадаад улс оронд бүртгүүлэх боломжтой бүтээгдэхүүнд Завханы улаан сармис, Галбын говийн торомны ноос, Жинстийн цагаан ямааны ноолуур, Шүдэн уулын жамц давс, Тамирын цагаан ааруул, сүүн хурууд, Ерөөгийн “Цэцэг” зөгийн бал, Голбын говийн ингэний сүү, Хурхын арвайн гурил, Ховдын тарвас, Хэнтийн мойлтой тос, Улаанбаатарын “Оргил” рашаан зэрэг бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүнийг гадаад улс оронд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэхийн тулд шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа, лабораторийн шинжилгээгээр гаргасан техникийн үзүүлэлтүүд хэрэгтэй байгаатай чуулганд оролцогчид санал нэг байлаа. Мөн газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бүртгэл, хяналт, хамгаалалтын цогц тогтолцоог бий болгоход бүх талын оролцоо, тэрэн дундаа төрийн байгууллагуудын оролцоо нэн чухал байгааг оролцогчид хэлж байлаа.
Газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг гадаад оронд бүртгүүлэх гурван арга зам байдаг. Нэгдүгээрт, тухайн улс орон шууд бүртгүүлэх. Шууд бүртгүүлэх бүтээгдэхүүн нь өөрийн улс оронд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг. Энэ арга цаг хугацаа шаарддаг сул талтай. Европын холбоонд бүртгүүлсэн Увсын чацаргана бүтээгдэхүүн энэ арга замаар бүртгүүлсэн юм. Хоёрдугаарт, газар зүйн заалтын эрх зүйг зохицуулсан олон улсын гэрээ, актад нэгдэх замаар, гуравдугаарт, улс хооронд газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалт солилцох арга зам бий.
Монгол Улсын хувьд Европын холбоотой газар зүйн заалттай бүтээгдхүүний жагсаалт солилцох хэлэлцээрийн хэлэлцээг ирэх долоо хоногоос эхлүүлэх гэж байгааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз чуулганы үеэр мэдэгдсэн.
Д.НАРАНТУЯА





Leave a comment