2023 он гарсаар нийслэл Улаанбаатар хотод шинээр 33 барилгын объектыг эрх бүхий комисс хүлээн авч ашиглалтад оруулсан мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулжээ.
Байршлын хувьд авч үзвэл эдгээр 33 барилгын Баянгол дүүрэгт 2, Баянзүрх болон Хан-Уул дүүрэгт тус бүр 10, Сонгинохайрханд 6, Сүхбаатарт 3, Чингэлтэй болон Налайх дүүрэгт тус бүр 1 байна. Эндээс харахад хүн амын нягтаршил өндөртэй Баянзүрх дүүрэг болон барилгажилт ид өрнөж байгаа Хан-Уул дүүрэг хамгийн олон шинэ объект ашиглалтад оржээ.
Шинээр ашиглалтад хүлээн авсан объектуудыг барилгын зориулалтын хувьд үзэхэд орон сууцны 8, орон сууц болоод үйлчилгээтэй хавсарсан зориулалтын 10, дан худалдаа үйлчилгээний зориулалтаар 7, спорт биеийн тамирын зориулалтын 1, орон сууцны бус зориулалтаар (бүртгэлд үүнийг агуулах, гарааш болон бусад хэмээн тодотгожээ) 3, цэцэрлэгийн 2, эмнэлэг, контор, айлын зориулалттай тус бүр 1 барилгыг комисс хүлээн авчээ.
Гэвч баригдсан объектын ангилал, зориулалт хоорондоо зөрсөн тохиолдол нэлээдгүй байна. Эдгээр зөрчлүүдийг харахад анхнаасаа гөлөг төөрүүлэх сэдэлтэй гэж хардаж байна.
“Рояал хаус констракшн” ХХК Баянгол дүүрэгт “зоорьгүй 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга” барих зөвшөөрөл авсан ч шилэн бүртгэлд байгаа мэдээллээр ангиллын хувьд “өндөр”, зориулалт нь орон сууц, үйлчилгээтэй хавсарсан объект байх ажээ. Уг барилгын эзэмшигч нь “Өнө комфорт” ХХК юм. Барилгыг энэ оны тавдугаар сарын 24-нд комисс хүлээн авчээ.
Барилгын ангилал гэж юу вэ?
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү тушаалын хавсралтад ангилал, зориулалтыг нарийвчлан тусгажээ. Уг хавсралтад зааснаар “өндөр” ангилалд багтах объект нь орон сууцны барилгын хувьд “30-51 метр өндөртэй 9-16 давхар орон сууцны өндөр барилга” хэмээн тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд зоорьгүй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барих зөшөөрөл авсан ч үнэн хэрэгтээ үйлчилгээний хэсэгтэй орон сууцны барилга барьжээ.
Биеийн тамирын ганц объект
Спорт, биеийн тамирын зориулалттай ганц объект ашиглалтад оржээ. Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалттай барилгыг 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр комисс хүлээн авсан байна. Уг объект нь ангиллын хувьд “дунд” гэж ангилагдсан бөгөөд энэ нь 16-30 метр өндөртэй 5-9 давхар барилга гэсэн үг юм. Хүн ам олонтой Баянзүрх дүүрэгт иргэдийнхээ эрүүл мэндэд зориулагдсан ийм барилга баригдсан нь олзуурхууштай. Жич: барилга зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг нягтлаагүй болно.
5-9 давхар цэцэрлэгүүд баригджээ
Хүн ам нь хахсан нийслэл хотын хувьд цэцэрлэг, сургуулийн барилга нэн хэрэгцээтэй байгааг олон жил ярьж байна. 2023 он гарсаар өнөөг хүртэл ашиглалтад орсон объектууд дотор сургуулийн барилга байхгүй, харин цэцэрлэгийн зориулалттай 2, цэцэрлэгийн барилга нэрээр барьсан орон сууцны бус зориулалтын 2 объект байна.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт “Зоорьтой 2 давхар 240 ортой цэцэрлэг”-ийн зөвшөөрлөөр иргэн Э.Золбообаяр “бага” ангиллын “орон сууцны бус бусад барилга (агуулах, гарааш, бусад)” гэсэн зориулалттай объектыг “Веритас глобаол” ХХК-иар гүйцэтгүүлэн бариулж, дөрөвдүгээр сарын 18-нд комисс хүлээн авсан байна. “Бага” ангилал гэдэг нь 5 хүртэл давхартай барилга юм.
“Сонгинохайрхан цэцэрлэгийн барилга” зөвшөөрөлтэй Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны захиалгаар “Орон сууцны бус бусад барилга (агуулах, гарааш, бусад)” гэсэн зориулалттай, “дунд” ангиллын объектыг тавдугаар сарын 18-нд ашиглалтад өгсөн байна. Энэүү объектын эзэмшигч нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба. “Дунд” ангиллын барилга гэхээр 5-9 давхар цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Барилгыг “Тоонто Гранд” ХХК-ийн зураг төслөөр “Тусгал төв” ХХК барьж гүйцэтгэжээ.
Мөн Баянзүрх дүүрэгт БСШУЯ-ны захиалгаар дүүргийн 8-р цэцэрлэг гэсэн өмчлөгчтэй “дунд” ангиллын цэцэрлэгийн барилга “Ти Энд Эс Эн Эйч” ХХК гэсэн нэрээр баригдаж зургадугаар сарын 8-нд ашиглалтад хүлээн авсан байна. Өмнө өгүүлсэнчлэн “дунд” ангиллын барилга гэхээр 5-аас 9 хүртэл давхартай объект байх нь.
Цэцэрлэгийн гурав дахь барилга хүн амын нягтаршил өндөртэй Сонгинохайрхан дүүрэгт баригдсан байна. Гэхдээ шилэн бүртгэл дээрх мэдээллээр “Сонгинохайрхан гадна ус, дулаан хангамж, ариутгах татуурга, зуухны барилга, УДДТ, зуухны тоног төхөөрөмжийн угсралтын ажил” гэсэн нэртэйгээр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар, Нийслэлийн боловсролын газрын өмчлөлтэйгөөр “дунд” ангиллын цэцэрлэгийн зориулалтын объектыг “Дэрэн наран” ХХК, “Чулуутын багш” ХХК-ийн зураг төслөөр барьж гүйцэтгэжээ. Зөвшөөрөл, захиалагч, эзэмшигч, ангиллыг харахад цэцэрлэгийн барилга боссон эсэхэд эргэлзээ төрж байгааг нуугаад яахав. Уг барилгыг дөрөвдүгээр сарын 13-нд комисс хүлээн авчээ.
Ашиглалтад орсон орон сууцууд
Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд нийтдээ орон сууцны 10 барилгыг ашиглалтад оруулсаны тал нь буюу 5 нь Хан-Уулд байна. Гэхдээ зориулалт нь нь орон сууц гэж байгаа боловч зөвшөөрлийг өөр объектоор авсан тохиолдол байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт “үйлчилгээний зориулалттай барилга” гэсэн зөвшөөрлөөр “Батхэрэйд” ХХК-ийн өөрөө захиалан, мөн өөрөө барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллан “дунд” ангиллын орон сууц, Сонгинохайрхан дүүрэгт “Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга” зөвшөөрлөөр иргэн Б.Наранцэнгэл “дунд” ангиллын орон сууцны барилгыг “Сивил дизайн” ХХК-ийн зураг төслөөр “Ривер скай констракшн” ХХК-иар бариулж, дөрөвдүгээр сарын 5-нд комисст хүлээлгэн өгсөн байна.
Сүхбаатар дүүрэгт баригдсан орон сууцны нэгэн барилгын зөвшөөрөл анхаарал татлаа. “Автомашин хийгээр цэнэглэх станцын зориулалттай барилга” гэсэн зөвшөөрөлтэйгөөр иргэн И.Мөнхдорж “өндөр” ангиллын орон сууцыг “Зонзонсалтинг” ХХК-ийн зураг төслөөр “Уудам хишигтэн констракшн” ХХК барьсныг дөрөвдүгээр сарын 13-нд ашиглалтад өгчээ. Энэхүү орон сууцны эзэмшигч нь “Скай Эс Өү Эйч” ХХК юм.
“Хан-Уул Аялагч түр буудаллах, отоглох байр сууц” нэртэй объект мөн анхаарал татаж байна. Энэ объект нь “өндөр” ангиллын орон сууц бөгөөд барилгын захиалагч нь “Анд ноёд” ХХК, мөн бас өмчлөгч нь ажээ. Барилгын зураг төслийг “Рич мон консалтинг” ХХК хийж, “Хөх ган өгөөж” ХХК гүйцэтгэсэн байна. Барилгын тавдугаар сарын 19-нд ашиглалтад өгчээ.
Худалдаа, үйлчилгээний барилгууд
Ашиглалтад авсан худалдаа, үйлчилгээний объектууд ч бас зөрчилтэй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт худалдаа, үйлчилгээний зориулалттай 2 объект ашиглалтад орсон бөгөөд хоёул нэг захиалагчтай, мөн хоёул “байр сууц, аялал жуулчлалын цогцолбор” гэсэн зөвшөөрөлтэй. Захиалагч нь иргэн Б.Эрдэнэболд бөгөөд нэгийг “Батдах” ХХК-ийн зураг төслөөр “Корунд” ХХК барьж, тавдугаар сарын 5-нд, хоёр дахийг “Бизайн” ХХК-ийн зураг төслөөр “Ай ди си проперти” ХХК гүйцэтгэж, дөрөвдүгээр сарын 20-нд ашиглалтад өгчээ. Хоёр барилгын нэгийг иргэн Б.Эрдэнэболд өөрөө өмчилдөг бол нөгөөг “УБ каса капитал” ХХК өмчилж байна. Хоёр барилга “дунд” ангиллын объект юм.
Эмнэлэг ба контор
Өмнө өгүүлсэнчлэн эмнэлэг болон конторын зориулалттай тус бүр 1 объект ашиглалтад орсон боловч нээлттэй мэдээлэл нь мөн л анхаарал татах ажээ.
Хан-Уул дүүрэгт эмнэлгийн зориулалттай 1 объектыг тавдугаар сарын 18-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Гэхдээ уг барилгын зөвшөөрөл “Улаанбаатар, Хан-Уул орон сууцны барилга” гэсэн нэртэй бөгөөд захиалагч бөгөөд өмчлөгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар юм. ”Алтайн газрын хүч” ХХК-ийн зураг төслөөр “Жигүүр-эрдэнэ” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.
Харин конторын барилгын хувьд мөн Хан-Уул дүүрэгт ашиглалтад оржээ. Гэхдээ зөвшөөрөл мөн л өөрөөр, тухайлбал, “Улаанбаатар Хан-Уул Үйлчилгээтэй орон сууцны барилга” гэсэн байх ажээ. Энэхзз конторын барилгыг эзэмшигч нь “Гарьд зам” ХХК бөгөөд “Трай колорс” ХХК гүйцэтгэж, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад авсан байна.
Эмнэлэг нь “дунд” ангиллын бол конторын барилга нь “өндөр” ангиллынх юм.
Шинээр ашиглалтад хүлээн авсан барилгуудын мэдээллийг дараах холбоосоор орж үзээрэй.





Leave a comment