Х.НАРАНХҮҮ: “Монгол-Оросын цаашдын хамтын ажиллагааны талаар ярихын тулд эхлээд худалдаа, тарифын асуудлаа эхлээд ярих ёстой”
2015 оноос хойш зохиогдож байгаа Дорнын Эдийн засгийн форум энэ жил 8 дахь удаагаа зохиогдоод өндөрлөж байна. Владивостокийн гэж нэрлэгддэг энэхүү форум энэ 2023 оны есдүгээр сарын 10-13-ны хооронд болж өнгөрлөө. Форум болгоны оргил хэсэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины оролцдог нэгдсэн хуралдаан байдаг. Харин энэ жилийн форумын хамгийн оргил хэсэг нь нэгдсэн хуралдааны маргааш өдөр Владимир Путин Амур муж дахь Восточный сансрын буудалд Хойд Солонгосын удирдагч Ким Чер Ирийг хүлээн авсан явдал байлаа. Хойд Солонгосын удирдагч ковидын цар тахлаас хойш анх удаа нутгийнхаа хилийг дээс алхсан нь энэ бөгөөд тэрбээр Пёньянаас сум нэвтэрдэггүй галт тэргээр Орост очлоо.
Форум 2015 оноос зохиогдож байгаа нь учиртай. Украины мэдэлд байсан Крымийн хойгийг оршин суугаа иргэдийн хүсэл зоригоор гэсэн үндэслэлээр 2014 онд ОХУ өөрийн бүрэлдэхүүнд оруулсан билээ. Оросын энэ алхам нь бүрэн эрхт тусгаар улсын газар нутгийг булаан авсан хэрэг гэж үзэн АНУ тэргүүтэй барууны орнууд, мөн олон улсын дэг журмыг сахиулагч НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын зүгээс төрөл бүрийн, тэр дундаа эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Ингэснээр Оросын баруун зүг дэх эдийн засгийн харилцаа хумигдах болсноор Дорнын бодлого гэдэг томъёоллыг гаргаж ирэн Азийн орнууд руу эдийн засаг, худалдааны харилцаагаа тэлэх шаардлагатай болсон. Энэхүү бодлогыг албажуулах, албан ёсны харагдуулах гол талбар нь Владивостокийн форум болсон гэж хэлэхэд буруудахгүй.
Энэхүү форумд Монгол Улс тасралтгүй оролцож байна. Эхний жилүүдэд Засгийн газрын гишүүний түвшинд оролцож байсныг 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ анхны гадаад томилолтоороо Владивостокод очиж Монголын төлөөллийн рангийг нь дээшлүүлсэн. Өнгөрсөн жилийн форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Харин энэ жилийн форумд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.
Форум болгоны хөтөлбөрт “Монгол-Оросын бизнесийн диалог” нэртэй хэлэлцүүлэг зохиогддог. Энэ жилийн хэлэлцүүлэг есдүгээр сарын 12-ны өдөр болсон бөгөөд ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденов удирдан чиглүүлжээ.
Монгол, Оросын худалдааны эргэлт олон жил хангалтгүй түвшинд байсаар ирсэний гол шалтгаан нь ОХУ-аас Монголын бараанд ногдуулж буй өндөр татвар, тиймээс цаашдын харилцааны асуудлыг энэ өндөр тарифын асуудлыг эхэлж шийдэж байж явах ёстой гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссийн тэргүүн Х.Наранхүү илэрхийлсэнийг форумыг сурвалжилсан Оросын зарим мэдээллийн хэрэгсэл дамжуулжээ.
“ОХУ-ын зүгээс ногдуулсан импортын өндөр татвар нь хоёр улсын худалдааны эргэлтэд хүнд цохилт болсон. Ялангуяа Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Үүний уршгаар Монголын экспортын бараа таваар Орост бараг хаалттай болж байна. Энэ байдал хоёр улсын бүхий л төрлийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Тиймээс цаашдын хамтын ажиллагааны талаар ярихын тулд эхлээд худалдаа, тарифын асуудлаа эхлээд ярих ёстой” хэмээн Х.Наранхүү хэлсэнийг хэвлэлүүд эш татжээ.
Статистик үзүүлэлтээр сүүлийн хоёр жилд Монгол, Оросын худалдааны эргэлт харьцангуй нэмэгдэж байна. 2021 онд 60 гаруй сая ам.доолар байсан худалдааны эргэлт энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа талаар Оросын эх сурвалжид дурджээ.
Энэ ч бас учиртай. Украин өрнүүлсэн дайнаас үүдэн Оросын Дорнын бодлого улам идэвхжиж, Ази, Номхон далай улс орнуудтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны мөнгөн дүн нэмэгдэж байгааг харж болно. Тухайлбал, худалдааны эргэлтээр ОХУ нь Энэтхэгийн тав дахь түнш болоод байна. Украины дайнаас өмнө Энэтхэгийн нефтийн бүтээгдэхүүний импортын 1%-ийг Орос эзэлж байсан бол 2023 оны тавдугаар сарын байдлаар 46% болжээ. Орос-Пакистаны хооронд ачаа тээвэр хийгдэж эхэлсэн бөгөөд 2022 оны долдугаар сараас 2023 оны тавдугаар сар хүртэл Орос-Пакистаны худалдааны эргэлт 34% нэмэгдээд байна. Оросын худалдааны худалдааны номер нэг байсан Европын холбоо энэ жил Хятад улсад байраа тавьж өгөөд байна.
Монгол Улс хоёр орны хоорондох худалдааг хөнгөвчлөх асуудлыг байнга тавьж ирсэн ч одоогоор үр дүнд хүрээгүй байгааг албаны хүмүүс хэлдэг. Монголоос Орос руу гарч байгаа бараа бүтээгдэхүүн дээр 40 орчим хувийн татвар ногдуулж байгаа юм.
Энэхүү тарифыг бууруулах асуудлын хариуд Оросын зүгээс ЕвроАзийн Эдийн засгийн холбоонд элсэх асуудлыг сөргүүлэн тавьсаар ирсэн. Монголын талаас элсэхгүй гэсэн байр сууриа олон жил хариу илэрхийлж, харин тус холбоотой Эдийн засгийн чөлөөлт худалдааны хэлцэл хийх хүсэлтэйгээ илэрхийлдэг. Хэрэв тэгвэл хоёр орны хоорондох тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах, ОХУ руу тээвэр хийх зэргээр олон боломж нээгдэх юм.
ЕвроАзийн Эдийн засгийн холбоонд элсвэл тус холбооны гишүүн орнуудтай нэг ижил гаалийн тариф үйлчилнэ. ЕвроАзийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армян гэсэн таван гишүүнтэй. Хэдийгээр гаалийн тарифын хувьд эдгээр оронтой нэг болж, тариф буурах магадлалтай ч Монголын гадаад худалдааны бүтцэд сөргөөн нөлөөлж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулах, ялангуяа Монголын экспортын уламжлалт бүтээгдэхүүнд таагүй нөхцөл үүсгэх магадлалтайг шинжээчид сэрэмжлүүлдэг.
ЕвроАзийн Эдийн засгийн холбоо нь бусад улс оронтой Чөлөөлт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагатай. Тухайлбал, 2016 онд Вьетнамтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан 2016 оноос хойш 2020 он хүртэлх хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоо болон Вьетнамын хоорондын худалдааны эргэлт бараг 40% нэмэгдсэн. Уг хэлэлцээрээр 10 жилийн хугацаанд Вьетнамаас холбооны гишүүн орнууд руу гаргах бараанд ногдуулах гаалийн тарифыг 9,8%-иас 2,5% хүртэл бууруулах, ХАА-н бүтээгдэхүүний хувьд 9,9%-иас 5,6% хүртэл бууруулах зэрэг заалтууд тусгагдсан юм.
Вьетнам ийнхүү хөнгөлттэй нөхцөлөөр худалдаа хийж байгаатай Монгол Улс барьцах боломжгүй. Вьетнамын эдийн засгийн хүчин чадал, аж үйлдвэрийн зарим салбарын өсөлт нь бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрсэнийг бодолцох ёстой.
Д.НАРАНТУЯА





Leave a comment