Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Дархан-Уул аймагт өчигдөр /2023.09.15/ иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ энэ өвлийн улс төрийн алхмуудаа зарлажээ.
Ерөнхий сайдын ажлын томилолтын албан мэдээнүүд Засгийн газрын албан ёсны цахим хуудсуудад дэлгэрэнгүй сайхан тавигдсан ч МАНАН, Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 49 хувийг худалдан авсан асуудал, нүүрсний хулгай, шүүх тогтолцооны талаарх хэлсэн үгс нь тэдгээр мэдээнд агуулагдсангүй. Харин сошиал сүлжээгээр сэтгүүлчдийн аккаунтаар өчигдөр орой нэгэн зэрэг шахам түгээгдлээ.
Ерөнхий сайдын үгнээс хамгийн анхаарал татсан хэсэг нь шүүхийн үйл ажиллагаа бие даасан хараат бус, шударга байж чадахгүй байгаа нь түүний авлигатай хийж байгаа тэмцлийн хүчийг сааруулж байгаа учраас шүүх засаглалыг хуулийн дагуу ажиллуулахын тулд ямар нэг алхам хийхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.
Л.Оюун-Эрдэнэ:
“Энэ схем дээр байгаа Мишиг гэж хүн бол Батсуурь шүүгчийн аав. Батсуурь бол Засгийн газрын шийдвэр бүхнийг хянадаг Захиргааны танхимын тэргүүн шүүгч. Асуудал ингэж л явдаг. Тийм учраас бид шүүхтэй асуудал болоод байгаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ хоёр дахь өгүүлбэрт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахгүй байгаа учраас өнөөдөр бид парламент дээр шүүхтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй болж байгаа. Яагаад энгийн иргэд найман ишигний хэргээр шийтгэгдэж байхад Б.Эрдэнэбилэг гэдэг хүний хэргийг шүүх 7 жил гацаах ёстой юм. Яагаад ард түмний хүүхдэд арслан бар мэт загнадаг хэрнээ авлигачдын хэргийг яагаад бүтэн 5 жил гацааж байгаа юм. Тийм учраас шударга шүүхтэй байхыг шаардах эрхтэй гэж бодож байна”
Шүүхийн засаглалыг шударга, хариуцлагатай болгох Ерөнхий сайдын төлөвлөгөөнд юу багтсан нь тодорхойгүй. Монгол Улсын өнөөгийн засаглалын зарчмаар шүүгчийг томилох эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарч буй. Тэгэхээр Ерөнхий сайдын энэ үгс нь Төрийн ордны зүүн жигүүрийн эзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, цаашлаад МАН-ын дотор эрх мэдлийг тэнцвэржүүлэгч бүлэг хүчнүүдэд шууд хамаатай үг байлаа.
Энэ есдүгээр сарын 28-29-нд Нийт шүүгчийн II чуулган хуралдах тов зарлагдсан байгаа энэ үед Ерөнхий сайд ийнхүү шүүх засаглалынхны чадварт эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Түүнийг үгс цуурай болоод замхрахгүй л байх.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20.1-д “бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар” заасан байдаг. Энэ дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдах юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд мэдээлснээр “Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм” гэжээ.
Ерөнхий сайд ийнхүү шүүхийн ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд зогсолгүй шүүхийг шударга, хариуцлагатай, хуульд захируулж чадахгүй бол гудамжны тэмцэл эхлүүлнэ гэсэн нь энэ өвлийн улс төрийн тэмцлийн төлөвлөгөөнийх нь Б хувилбар бололтой.
Л.Оюун-Эрдэнэ:
“Хэрвээ ордон дотор хүч мөхөствөл би Төв талбай дээр суулт хийнэ”
Угаасаа Сүхбаатарын талбайд жагсч байж өнөөгийн өндөрлөгт хүрэх замаа зассан Ерөнхий сайдын хувьд сэтгэл дотор нь хангалттай багтаж байгаа байх. Гэвч Монголын түүхэнд байгаагүй эрх мэдлийг гартаа хийсэн Ерөнхий сайдын хувьд ийм үг хэлээд сууж байх нь хуулиар засагладаг улсад амьдарч байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Биднийг амар тайван, аюулгүй амьдруулаад өг гээд итгэл хүлээлгэсэн байхад “хүч хүрэхгүй байна, би талбайд гарч тэмцэнэ” гэх юм. Яг үнэндээ Ерөнхий сайд биш үерийн усанд живж, утаанд хордож, зам дээр өдрийн хагасыг өнгөрүүлж, мэдлэг, чадваргүй төрийн албан тушаалтанд дээрэлхүүлж байгаа иргэд бид л талбайд тэмцэхэд бэлэн байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дархан-Уул аймагт хэлсэн үг (сошиал сүлжээнд түгээсэн хэлбэрээр)
-Яагаад бид Эрдэнэтийн 49 хувь, яагаад Хөгжлийн банкыг дэлбэлэх болов. Яагаад бид Дубайн гэрээг цуцлах болов, яагаад бид Хөтөлийг хурааж авах болов. Яагаад бид Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлав. Яагаад гэвэл манайд болж байгаа бүх процессын 93 хувь нь уул уурхайтай холбоотой байгаа. Уул уурхайн эзэд бол банкны эзэд. Тийм учраас манай нийт хөрөнгийг уул уурхайн хэдхээ компаниуд барьдаг. Энэ хүмүүс зарим тохиолдолд хоёр намыг хоёуланг нь худалдаад авчихдаг. Энэ хүмүүс заримдаа шүүхийг тэр чигээр нь томилчих тохиолдол байна.
-Хоёр намыг ашиглаж, өөрийнхөө хүсэл мөрөөдөл буюу өөрийнхөө хувийн эрх ашгийг намуудаар дамжуулж хийж байгаа хэсэг бүлэг хүнийг л МАНАН хэлж байгаа юм.
-Сая нүүрсний хулгай гээд зөндөө зүйл болсон. Та бүхэн мэдээлэл авч байгаа. Өнөөдрөөс эхлээд зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-т хандсан байна билээ. Ер нь авлигачид баригдаад эхлэхээрээ л учир зүггүй хүний эрх ярьдаг.
-Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд санхүүжүүлсэн компани Ерөнхийлөгч болсных нь дараа Хэнтийн Бор-Өндөрийг, Дарханы Төмөрлөгийг, Эрдэнэт үйлдвэрийг, Монголросцветметийг авч, сонгуульд өгсөн хандиваа хэд дахин босгож авсан Мексиктэй адилхан авлигын систем байсан.
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой энэ асуудал өнөөдөр 7 дахь жил дээрээ явж байна. Монгол Улсад шударга ёс гэж байдаг бол эрх биш шүүх үнэнд гүйцэгдэж байх шиг байна.
-Удахгүй авлигачид их орилно. Олон олон асуудал дээр шүүх гэдгэр дээрээ гэдийнэ гэдэг шиг, том хэргүүд дээр томилсон шүүгч нар нь хамгаалж явсаар байгаад 7 жил болчихсон.
-Энэ уулзалтыг үймүүлэх гэж хэсэг хүмүүс Улаанбаатар хотоос ирсэн. Өнөөдөр энэ танхимд сууж байгаа байх. Би бас та хэдэд хэлэхэд “Та бүхэн яаж ч үймүүллээ гээд миний үзэл бодлыг ерөөсөө өөрчилж чадахгүй. Та хэдэд захиж хэлэх ганцхан юм байна. Гараад явчихсан Б.Эрдэнэбилэгийгээ, Ч.Сайханбилэгтэйгээ аваад надтай уулзуул. Та нар шиг төлөөний хүмүүстэй би уулзахгүй.
Энэ схем дээр байгаа Мишиг гэж хүн бол Батсуурь шүүгчийн аав. Батсуурь бол Засгийн газрын шийдвэр бүхнийг хянадаг Захиргааны танхимын тэргүүн шүүгч. Асуудал ингэж л явдаг. Тийм учраас бид шүүхтэй асуудал болоод байгаа юм. Үндсэн хуульд Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ хоёр дахь өгүүлбэрт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахгүй байгаа учраас өнөөдөр бид парламент дээр шүүхтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй болж байгаа. Яагаад энгийн иргэд найман ишигний хэргээр шийтгэгдэж байхад Б.Эрдэнэбилэг гэдэг хүний хэргийг шүүх 7 жил гацаах ёстой юм. Яагаад ард түмний хүүхдэд арслан бар мэт загнадаг хэрнээ авлигачдын хэргийг яагаад бүтэн 5 жил гацааж байгаа юм. Тийм учраас шударга шүүхтэй байхыг шаардах эрхтэй гэж бодож байна. Би өмнө нь хэлж байсан. Хэрвээ ордон дотор хүч мөхөствөл би Төв талбай дээр суулт хийнэ.
Д.НАРАНТУЯА





Leave a comment