ОХУ байгалийн хийгээ БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх “Сила Сибири” төслийг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Нийтдээ 3 төсөл яригдаж байгаагийн “Сила Сибири-2” нь Монголын нутгийг дайран өнгөрөхөөр төлөвлөгдаж, монголчууд ч энэ төслийг хэрэгжихийг хүлээж байгаа билээ. Энэ төслийн талаар шинэ мэдээлэл гарсан байна.
“World Pipeline” сэтгүүлийн энэ оны есдүгээр сарын дугаарт ОХУ-ын Шадар сайд Александр Новак “Сиоа Сибири-2” хоолойн ОХУ дахь маршрут тодорхойлох ажил эцсийн шатандаа ороод байна хэмээн ярьжээ. Түүний хэлснээр энэ хийн хоолой нь Ачинск, Красноярск, Канск, Саянск, Ангарск, Эрхүү, Наушки хот гэсэн чиглэлтэй тавигдахаар байна. Хоолой Байгаль нуурын өмнөд үзүүр хавиар тавигдахыг тэрбээр онцолсон байна. Мөн энэ хоолойноос салбарлан Наушки-Улаан-Үд-Чита чиглэл рүү 700 гаруй км хоолой татаж дотоодын хэрэглэгчдэд хий түгээх төлөвлөгөөтэй байгаагаа Александ Новак хэлжээ.
Хэдийгээр оросууд дотоодын маршрутаа тодорхойлсон ч Хятадын талаас гэрээний нарийн ширийг эцэслэж чадаагүй байгаа юм. “Сила Сибири-2” хоолойгоор Хятад руу байгалийн хий нийлүүлэх гэрээний тодорхой заалтуудыг Хятадын талын төслийн хамтрагч, төрийн өмчит CNPC компанитай энэ ондоо багтан эцэслэн тохирно гэж найдаж байгаагаа Александр Новак өнгөрөгч гуравдугаар сард Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэсэн ч олон улсын шинжээчдийн зүгээс Хятад улс 2030 он хүртэл Оросоос авах байгалийн хийн эх үүсвэрээ нэмэхгүй хэмээн таамаглаж байгаа хэмээн “World Pipeline” сэтгүүлийн мэдээллээс эш татан Reuters өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Монголчуудын хүлээж байгаа “Союз-Восток”
“Сила Сибири-2” хоолойн Монголын нутгийг дайруулан тавих хэсгийг “Союз-Восток” хэмээн нэрийдээд буй. “Союз-Восток” хоолой тавих төслийн санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах протоколд 2022 оны нэгдүгээр сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурсан. Үүнээс сар орчмын дараа хоёрдугаар сард нь төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан.
Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Союз-Восток” хоолой нь 962,9 км урт, хоолойн голч 1400 мм байх бөгөөд таван шахах станцтай байх юм. Хоолойн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум куб метр байх юм. 50 тэрбум куб метр гэдэг бол өндөр хүчин чадалтай байна гэсэн үг. 2021 онд хийн хоолой тавих зурвас газрыг тодорхойлох болон ТЭЗҮ-г боловсруулж дуусгах, энэхүү төслийг гүйцэтгэх “Газопровод Союз-Восток” компанид үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, 2022 онд инженер геодези, инженер геологи, инженер археологийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн тухай мэдээлэл гарч байсан. Хоолойн маршрут ОХУ-ын Хиагтаас Сэлэнгийн Алтанбулаг, Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэл төмөр замын трассын дагуу тавигдана. Хий дамжуулсан төлбөр талаар тодорхой мэдээлэл гараагүй. “Манай улс уг хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Мөн байгалийн хийн эх үүсвэртэй болгох зорилгоор эхний ээлжинд 1-2 цахилгаан станц барих, магадгүй төмөр замын дагуу, хийн хоолойг дагасан суурьшлын шинэ бүстэй болох, тэдгээрийг цаашид өргөжиж хөгжихөд хийгээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аажмаар манай улс хийн хэрэглээнд шилжих зорилтыг тавьж байгаа” хэмээн Шадар сайд С.Амарсайхан 2021 оны сүүлээр мэдэгдэж байсан.
“Сила Сибири”-уудын хувь заяа харилцан адилгүй
- “Сила Сибири-2” нь Хятадын хувьд Оросоос байгалийн хий авах гурван төслийн нэг юм.
Эхний “Сила Сибири-1” хоолойг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулсан. Энэ маршрут нь Монголын зүүн хилийн цаахнуур Оросын Алс Дорнодоос Хятадын зүүн хойд хилээр тавигдсан. Хоёр дахь маршрут нь одоо ид яригдаж байгаа Монголыг дайран өнгөрөх транзит шугам. Анх энэ маршрут нь Монголын баруун хилийн цаахнуур Оросын Алтайн хязгаараас Хятадын Шинжаан-Уйгур руу тавигдахаар яригдаж байсан ч олон хүчин зүйлийн улмаас цуцлагдан, чиглэл, нэрээ өөрчилсөн нь Монголыг дайран өнгөрөх магистраль шугам юм.
Үүнээс гадна Алс Дорнодын гэж нэрлэгдэж буй “Сила Сибири-3” төслөөр Оросын Сахалинаас Хятадын зүүн хойд чиглэлээр хий экспортлох хоолойн тавина. Энэхүү гэрээнд ОХУ болон БНХАУ-ын Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 31-нд гарын үсэг зурсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Ерөнхийлөгч Владимир Путин гэрээг соёрхон баталгаажуулжээ. Алс Дорнодын маршрутын төслийн хүчин чадал нь жилийн 10 тэрбум куб метр.
Оросоос Хятадад одоо хий нийлүүлж байгаа “Сила Сибири-1” хоолойн дамжуулах хүчин чадал нь жилдээ 38 тэрбум куб метр. 2019 онд ашиглалтад орсноос хойш төслийн тооцоолсон хүчин чадалдаа хүргэхээр шат дараатай ажилласаар энэ 2023 оноос графиктаа хүрсэн талаар “Газпром” компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
Яригдаж буй гурван хоолойгоор дамжих хийг гурван өөр ордоос татна. 3000 гаруй км урт “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулж байгаа хийг Эрхүү, Якутын ордоос татаж байгаа. Монголоор дамжуулах “Союз Восток” хоолой нь Ямалын ордоос хийгээ авна, харин “Сибирийн хүч-3”-ын хийн эх үүсвэр нь Сахалин байх юм. Алс Дорнодын маршрут Оросын талд ч, Хятадын талд ч ашигтай тусахаар байна. Нэгдүгээрт, хий татах үндсэн дэд бүтцийн нэлээдгүй хэсэг бэлэн хийгдсэн байгаа, хоёрдугаарт, маршрутын хувьд дөт, гуравдугаарт, Сахалин арлын хавьд “Газпром”-ын эзэмшиж байгалийн хийн ордуудад хөрөнгө оруулах сэдлийг энэ гэрээ өдөөх учраас хөрөнгө санхүүгийн хувьд саад багатай гэж үзэж байна. “Газпром” нь Сахалин хавьд Киринский болон Южно-Киринский гэсэн хоёр ордыг эзэмшиж байгаа. Киринскийн ордыг 2014 оноос олборлож эхэлсэн бөгөөд төслийн хүчин чадал нь жилдээ 5,5 тэрбум куб метр. Өнгөрсөн 2021 онд уг ордоос 1,2 тэрбум куб метр олборлосон нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт байжээ. Харин Южно-Киринскийн олборлолтыг 023 оноос эхлэхээр төлөвлөж байна. Южно-Киринскийн ордыг 2010 онд нээсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 611,7 тэрбум куб метр хэмээн нөөцийг тогтоосон.
Д.НАРАНТУЯА





Leave a comment