Чеченийн удирдагч Рамзан Кадыров амьд эсэх талаар сүүлийн өдрүүдэд янз бүрийн мэдээлэл түгж байна. Зарим нь нас барсан байх магадлалтай гэж байгаа бол зарим нь эмнэлэгт ухаангүй байгаа хэмээн бичиж байна. Эдгээр элдэв ярианы хариу болгон Кадыровын telegram хаягаар түүний цэцэрлэгт зугаалж яваа видеог есдүгээр сарын 17-ны Ням гаригт оруулжээ. Гэхдээ энэ видео хэзээ хийгдсэн нь тодорхойгүй.

Кадыровын биеийн байдал сайнгүй болоод олон жил байгаа. Оросын сөрөг хүчний “Новая газета” сонин өнгөрсөн жил Кадыров хүнд өвчин туссан, түүний туссантай ижил оноштой өвчтөнүүдийн 30% нь хорвоог орхидог хэмээн бичиж байсан.

Сүүлийн жилүүдэд Кадыровын олон нийтэд ил гарсан бичлэг, гэрэл зургуудыг харахад нэг бол хэт таргалсан, нэг бол жингээ хаясан байдалтай байсан нь биеийн байдал цоо эрүүл биш гэдгийг харуулж байна хэмээн BBC бичжээ.  

Кадыровын хоёр өдрийн өмнө telegram хаягтаа оруулсан видеоны зураг

Кадыровын биеийн байдлын талаар оросуудын түгээмэл ашигладаг telegram сүлжээний хаягуудаар өнгөрсөн оны сүүлээс бичиж эхэлсэн бөгөөд саяхнаас Украины байр суурийг илэрхийлдэг хаягаар мөн бичиж эхэлсэн. Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын дарга Андрей Юсов “Чеченийн толгойлогчийн биеийн байдал маш хүнд байгаа” хэмээн бичсэн элдэв яриаг улам өдөөсөн.

  • Европ руу дүрвэн гарсан Чеченийн сөрөг хүчний төлөөлөгч, блогер Тумсо Абдурахманов Кадыровыг бөөрний өвчнөөр шаналж байгаа, диализийн аппаратад орж байгаа ч энэ эмчилгээ нь тус болохгүй байгаа, тэр удаан тэсэхгүй байх” хэмээн долдугаар сарын 1-ний өдөр өөрийн блогтоо бичжээ. Үүний хариу болгон маргааш өдөр Кадыров өөрийн үеэл, Оросын Төрийн Думын гишүүн байсан Адам Делимхановын хамт видео бичлэг хийж, цуу яриа худал хэмээн няцаасан. Уг видео бичлэгт “Бид чимээгүйхэн амьдарч л байна, талхаа идээд. Сонирхолтой амьдрал. Амьдрал богино байх тусмаа сонирхолтой байдаг. Тиймээс удаан амьдрахыг хүсэхгүй байна. Богино боловч бардам амьдарна” хэмээн Кадыров ярьжээ.

Долдугаар сарын 2-ны энэ бичлэгийг үзээд эдүгээ Израильд амьдардаг анестезиолог эмч Михаил Фремдерман Кадыровын биеийн байдлыг ийн дүгнэсэн байна. “Бичлэгийг томруулан татаж, олон удаа үзлээ. Кадыровын баруун гарын шууны арьсан дор цус хурсан хөхрөлттэй харагдаж байна. Энэ нь дусал тариа байнга хийлгэж байгаа гэсэн үг. Үүнээс харахад Кадыров ямар нэг дотор эрхтэний удаан хугацаа шаардагдах эмчилгээ хийлгэж байгаа гэсэн үг” гэсэн тайлбарыг тухайн үедээ BBC-д өгч байжээ.

Гэвч зарим хүн Кадыровын бөөр биш зүрх муудсан, тэр одоо Москва хотын аль нэг эмнэлэгт, тэр дундаа Клиникийн төв эмнэлэгт хэвтэж байгаа хэмээн бичиж байна.

Кадыровын энэ жилийн ажлын графикийг харвал тэр 3 удаа, тодруулбал, нэгдүгээр сард, дөрөвдүгээр сард, бас долдугаар сард амралт авсан болохыг BBC мэдээлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Путин Холбооны хуралд хандан үг хэлэх арга хэмжээнд Рамзан Кадыров оролцоогүй нь сэтгүүлчдийн анхаарлыг анхлан татсан. Үүний дараахан гуравдугаар сарын 3-нд Путин гэнэт Кадыровын 17 настай том хүү Ахматтай Кремльд уулзаж, хуримаа хийж байгаад нь баяр хүргэжээ. Ахматын хурим Путинтэй уулзсаны маргааш өдөр болсон ажээ.

Чухам энэ үеэс сэтгүүлчид болон олны дунд Кадыровын хувь заяаны талаарх элдэв яриа гарч эхэлсэн. 2004 онд Кадыровын аав алагдсаны дараа Путин Кадыровыг хүлээн авч уулзаж байсан түүх давтагдах нь гэсэн яриа гарч эхэлсэн. Улс төр огт сонирхдоггүй байсан Рамзан Путинтэй Кремльд уулзсанаас хойш улстөрч болсон түүхтэй.

Хавраас хойш Ахмат Кадыров зарим нэгэн албан ёсны арга хэмжээнд оролцох болсон нь анхаарал татна. Энэ бүхэн нь Рамзан Кадыров үнэхээр өвдсөн, түүнийг орыг хүүд нь өвлүүлэх замаа Путин зассан гэж харагдаж байна. Чеченийг овоо хараандаа байлгах нь Путины хувьд маш чухал ач холбогдолтой.

Leave a comment

Trending