“Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ Засгийн би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол бүүр ч байхгүй. Дэлхий дээр байхгүй болчихсон” хэмээн өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ хэлсэн “хосгүй номлол” бий. Энэ номлолыг одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 оны есдүгээр сард ГХЯ-нд ажиллах үеэрээ хэлсэн байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймагт төсвийн 9 тэрбум төгрөгөөр хашаа барих гэж байгаагаа мэдэгдсэн чөлөөт зах зээлийн тухай дээрх хосгүй номлолыг эрхгүй санагдууллаа. 9 тэрбум төгрөгийн хашаа нь Сэлэнгийг бэлчээрийг талхлах, дагтаршахаас хамгаалах зорилготой гэж байгаа ч үнэндээ “Гачуурт” компанийн эзэн Л.Чинбатын үхрийн эрчимжсэн фермийн бизнесийг хамгаалах хашаа юм. Сэлэнгэ аймагт газар тариалангийн том бизнес эрхэлдэг Хөдөлмөрийн баатар Л.Чинбат бизнесээ тэлж эрчимжсэн мал аж ахуй руу орж байгаа нь харин ч Монголд чөлөөт зах зээл байгааг илтгэж байгаа хэрэг.
Харамсалтай нь өнгөрсөн 30 жилд төртэй сүлэлдсэн хувийн бизнес л хөгжиж, зах зээлийн зарчмаар явсан хувийн компаниуд зөвхөн ажилчдаа болон ар гэрээ тэжээх хэмжээнд л татвар, хяналт шалгалтад нухлуулж өнөөг хүрсэн нь үнэн. Төртэй сүлэлдсэн гэдэг нь төрийг албыг, төрийн түшээдийг хахуульдаж ямагт өөрийн бизнест ашигтай, давуу байдал бий болгож ирсэн олигархууд юм. Өөрөө олигарх Х.Баттулга Ерөнхийлөгчийн тооцоогоор энэ тодорхойлолтод багтах 30 гэр бүл бий.
Монголын төрийн авлигатай хийж байгаа 5Ш ажиллагаа үнэндээ төртэй сүлэлдсэн олигархуудтайгаа хийж байгаа тэмцэл. Эдгээр олигархи нь Монголын хамгийн орлоготой бизнес болгонд 60 тэрбумаар төрийн албыг худалдан авч эзэн суусан, эзэн суусан бизнесээ элдэв сан үүсгэн төсвийн мөнгөөр бойжуулсан, залгуулаад Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаат зээлээр хөлжүүлсэн болохыг бид одоо мэддэг болсон. Түүнээс биш 30 жил ардчиллын замаар явсаны гороор Монголын төр өнөөгийн ялзралд хүрчихсэн юм биш. 30 жил хуулийг уландаа гишгэж ирсэны зүй ёсны хариу.
Хувийн бизнесийг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг гэхээс илүүтэй зохицуулалт хэрэгтэйг зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөгжлийн түүх харуулдаг. Хувийн компаниуд томорч, тэлэхийн хэрээр зах зээлийн эдийн засгийн шинэ шинэ зохицуулалт шаардаж байна. Гэхдээ энэ зохицуулалт хөгжлийн органик зарчмаар явах ёстой байтал төрийн зохицуулалтыг төрийг авлигадаж чадсан нэг нь хүчээр оруулж ирж, монопол үүсгэж байгааг Монголын бүхий л том компаниудаас харж болно. Нэг хэсэг уул уурхай руу хошуурч байсан дараа нь барилга руу хошуурсан, одоо хүнсний үйлдвэрлэл рүү хошуурч байна. Хүнсний үйлдвэрлэл бол ХАА, МАА. Газар тариалан зонхилсон бүс нутагт бэлчээрийн талбай хомс байх нь ойлгомжтой. Монголын газар нутаг ганц “Гачуурт”-ын Чинбатын мэдлийнх биш болохоор үхрийн фермээ дуртай газраа очоод байгуулчаагүй, үүнд төрийн холбогдох шат шатны байгууллага эрх, зөвшөөрөл олгосон нь ойлгомжтой. Тэр зөвшөөрөл өгсөн төрийн байгууллага, албан тушаалтнууд тэнд газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, малтай иргэдийн эрх ашгийг бодолцох учиртай байсан, хөрөнгөө зарж тарьсан тариа, ногоог нь, малын бэлчээрийг нь Чинбатын үхэр идээд байх юм бол олигарх биш жирийн тэдгээр иргэд яаж амьдрах юм бэ? Аргаа бараад адууны бэлчээрээ хамгаалсан малчин залууг Чинбат жийп машинаараа хөөсөн хэрэг хавар гарсаныг санаж байгаа байх.
Д.НАРАНТУЯА





Leave a comment