Албан тушаалын рангаар манай Г.Занданшатартай эн тэнцүү Володины айлчлал хэл ам дагуулж эхэллээ. ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 24-ны Ням гаригийн үүрээр Улаанбаатар хотноо газардсан.
Айлчлалын гол ажил нь өнөөдөр /2023.09.25/ болж байгаа Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссийн анхдугаар хуралдааныг зохион явуулах юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах баримт бичигт УИХ-ын дарга Г.Занданшатарын өнгөрсөн долдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
Ноён Володиныг УИХ-ын дарга нийслэлийн төв талбайд угтан авч Монголын дипломат харилцааны уламжлалын дагуу Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Гэсэн Чингисийн хөшөөнд хүгдэтгэл үзүүлэх үед манай Занданшатар бараг 90 градусаар мэхийсэн байхад Володинд толгой дохих хэмжээнд биеийн хэлэмж үзүүлсэн зураг Монголын сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд халуун сэдэв болон өрнөлөө. Оросын сошиал хүрээнийхэн дунд ч, тэр дундаа Кремлийн байр суурийг дэмждэггүй хэрэглэгчдийн дунд ч тун эрэлттэй сэдэв байж цөсийг хөөргөөд амжлаа.
ВОЛОДИН БА ШАТАХУУН
Володины айлчлалын зар Орос улс нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж байгаагаа зарласан цаг хугацаатай давхцан тарсан нь түүний айлчлалыг Монголын олон нийтийн анхааралд оруулаад байсныг дурдах хэрэгтэй. Учир нь , Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр ОХУ-аас бүрэн хамааралтай. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нь Монгол, Оросын харилцааны гол зангилаа асуудал төдийгүй монголчуудыг бөхийлгөх Оросын талын гол хөзөр байсаар ирсэн. Тиймээс Володины айлчлалын өмнө экспортдоо хориг тавьсан шийдвэр нь хөзрийн тамгатай гэдгээ монголчуудад харуулсан хэрэг гэж олон монгол хүлээн авсан. Үнэндээ Оросын дотоодод нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн асуудал дэгдээд 2-3 сар болж байгаа бөгөөд харин ч Оросын нефть бүтээгдэхүүн экспортлогчдын лобби өнгөрсөн долоо хоног хүртэл хориг тавиулалгүй барьж байсан.
Ноён Володин Ням гаригтаа багтан хоёр албан уулзалт хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийсэн бол дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Володинд бараалхлаа. Хоёр уулзалтын аль алинд Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын хориг Монгол Улсад хамаарахгүй гэсэн албан ёсны тайлбарыг Володин өглөө. Энэ хоригт Монгол Улс хамаарах эсэх талаар Монголын талын албан эх сурвалжууд цэгцтэй, тодорхой хариу өгч чадахгүй хэд хоноод байсны эцэст ийнхүү юмны эзэн нь хариу өгч монголчуудыг тайвшрууллаа.
ВОЛОДИНООС ӨМНӨ ВЛАДИВОСТОКОД ЮУ ЯРИГДАВ?
Ямар ч гэсэн монголчууд бор ходоодоо божийлгосон хариултаа авч, хэсэгтээ санаа нь амарлаа.
- Гэхдээ:
“Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгчөөр 2005-2015 онд ажилласан Владимир Якунин 2013 онд Монголд айлчлахдаа “үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэдгийг хэлээд явсан. Якунины энэ үг одоогийн Монгол, Оросын харилцааны хамгийн ойлгомжтой, оновчтой тодорхойлолт юм.
Есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Владивосток хотноо зохиогдсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй яригдсан. Есдүгээр сарын 12-ны өдөр “Монгол-Орос” бизнес хэлэлцүүлэг зохиогдож, хэлэлцүүлгийг Буриад улсын тэргүүн Алексей Цыденов удирдан чиглүүлсэн. Украинд өрнүүлж байгаа оросуудын дайныг эсэргүүцсэн барууны компаниуд Оросын зах зээлийг орхин гарч байгаа бөгөөд барууныхны орхисон орон зайг монголчууд эзлэх боломжтой хэмээн Оросын талын оролцогчид хэлсэний хариуд Оросоос Монголын бараа, бүтээгдэхүүнд ногдуулж байгаа гаалийн 40 хүртэл хувийн өндөр татварыг бууруулах асуудал хөндөгдөхөд Евроазийн Эдийн засгийн холбооны өмнө хүлээсэн үүргээ бид умартаж чадахгүй хэмээн ам таглажээ.
“Худалдааны тэнцвэргүй байдал буурч, худалдааны эргэлт сайжрахыг бид ихээхэн хүсч байна. Оросын зах зээлийг Евразийн том зах зээлээс ангид авч үзэхгүй байхыг Монголын нөхдөөсөө хүсч байна. Евразийн зах зээл нь бидэнд хоёр талын хамтын ажиллагаанаас хамаагүй илүүтэй боломжийг олгодог, ложистикийн хувьд ч, санхүү төлбөрийн хувьд ч, хамтын ажиллагааны хувьд ч” хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Дмитрий Вольвач онлайнаар оролцох үеэрээ хэлжээ. Мөн тэрбээр Монголын ноолуурын тансаг брэндүүдийг Оросын зах зээлд орж ирэхийг урьсан байна. “Бид Монголын GOBI, Yalguun Accessories, GOYO, Bodio’s болон Munkh Cashmere зэрэг ноолуурын тансаг брэндүүд Оросын том хотуудад сүлжээ дэлгүүр нээхийг урьж байна. Үүнийг Оросын Эдийн засгийн хөгжлийн яам бүх талаар дэмжинэ” хэмээн Дмитрий Вольвач хэлжээ.
Барууны хоригийн улмаас Оросын зах зээлд махны нийлүүлэлтийн хомсдол үүсч байгааг Евразийн Эдийн засгийн комиссийн Худалдааны сайд Андрей Слепнев хэлж, энэ орон зайг монголчууд эзлэх боломжтой гэжээ. Гэхдээ энэ нь Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоонд элсэх, эсвэл Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд хэрэгжих боломжтой юм. Түүнээс биш одоо хэрэгжиж байгаа гаалийн тарифын нөхцөлөөр боломжгүй зүйл.
Оросын Дорнын бодлогоос Монгол зугатах аргагүй. Гагцхүү бид ч бас үнэгүй бяслаг хавханд байдаг гэдэг үгийг эргүүлээд оросуудад хэлэх нөхцөл бүрэлджээ.
ВОЛОДИНЫ АЙЛЧЛАЛЫН ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮН
Төрийн Думын даргыг дагалдан дараах бүрэлдэхүүн ирсэн байна. Үүнд, Төрийн Думын орлогч дарга Алексей Гордеев, Төрийн Думын орлогч дарга Александр Бабаков, Аж үйлдвэр, худалдааны Байнгын хорооны дарга Владимир Гутенев, Шинжлэх ухаа, дээд боловсролын Байнгын хорооны дарга Сергей Кабышев, ХАА-н Байнгын хорооны дарга Владимир Кашин, Аялал жуулчлал, аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн Байнгын хорооны дарга Сангаж Тарбаев, Хамтын нөхөрлөлийн орнууд болон Евразийн орнуудын хамтын ажиллагаа, гадаадад байгаа орос иргэдийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Затулин, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Надежда Школкина, Тээвэр, тээврийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Анатолий Лесун, Залуучуудын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Вячеслав Дамдинцэрэн болон салбар яамдын төлөөлөл багтсан байна.
ВОЛОДИН БА “КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА”
Володины айлчлалыг дагалдан Оросын олон сэтгүүлч ирж сурвалжлага бэлдэж байна. Эдгээр мэдээллээс “Комсомольская правда”-гийн гарчиг анхаарал татлаа. “Володин Монголд очлоо-Энэ бол барууныхан Төв Азид идэвхжиж байгаагийн хариулт” гэжээ.
Уг нийтлэлд “Төрийн Думын 30 жилийн түүхэнд Монголтой дипломат харилцаа бараг өрнүүлж байгаагүй. Хоёр улсын парламентын спикер Гомбожавын Занданшатар, манай Вячеслав Володин нарын санаачилгаар харилцаа хөгжиж эхэлж байна.
…..Төв Ази руу далайн цаадах шувуухайнууд анхаарал хандуулж байна. Хэдхэн өдрийн өмнө “С5+1” форматын анхны уулзалт болсон. Хуучин ЗХУ-ын мэдэлд байсан Төв Азийн таван орны удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены энэхүү уулзалтаар юу яригдаж, тэдэнд Вашингтон юу санал болгосныг АНУ 20 жил эзэгнэсэн Украин, Афганистаны жишээгээр харж болно. Тиймээс дэлхийн том тив, стратегийн бүс нутагт хийж байгаа айлчлал нь зөвхөн найрсаг байдлаа харуулах биш харилцан эрх ашигт суурилсан дэлхийн аюулгүй байдлын шударга архитектурыг бий болгох чиглэлд хийж буй алхам” хэмээн дүгнэжээ.
Д.НАРАНТУЯА





Leave a comment