БНХАУ-ыг Монголд Улсад төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
Шинэ Элчин сайдын оролцсон анхны олон нийтийн арга хэмжээ нь Монгол-Хятадын найрамдлын 7 хоногийн нээлт байлаа. Найрамдлын 7 хоног есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ арга хэмжээ уламжлалт арга хэмжээ бөгөөд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг зохион байгуулдаг. Найрамдлын өдрүүдийн арга хэмжээ нийслэл Улаанбаатар хот болон Дорнодын Чойбалсан, Архангайн Цэцэрлэг хотуудад зохион байгуулагдаж байна. Найрамдлын 7 хоногийг угтуулан “Нэг бүс, Нэг зам санаачилга ба Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний бага хурлыг есдүгээр сарын 22-ны өдөр зохиосон. БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн эхлүүлсэн “Нэг бүс-Нэг зам” санаачилга хэрэгжиж эхэлснийхээ 10 жилийг ойг энэ онд тэмдэглэж байна.
Найрамдын өдрүүдэд зориулан “Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил” гэрэл зургийн үзэсгэлэн, Өвөр Монголын өөртөө засах орны компаниудын үзэсгэлэн худалдаа зохиогдож, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр орны харилцааны тухай ярилцлага, хэлэлцүүлэг хийгдэж, Хятадын хөгжлийг харуулсан баримтат кино цацагдаж байна. Найрамдлын өдрүүдийн арга хэмжээнд Хятадын хоёр муж буюу Төвөдийн өөртөө засах орон, Ляонин мужийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
Хатагтай Шэнь Минжюанийг есдүгээр сарын 26-ны өөдөр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хүлээн авч уулзан Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авчээ.
“Монгол Улсад суусан үе үеийн Элчин сайд нарын залгамж халааг нэр төртэйгээр үргэлжлүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллахаа” хатагтай Шэнь Минжюань энэ үеэр илэрхийлсэнийг ГХЯ-ны албан мэдээнд дурджээ.
БНХАУ Монгол Улстай 1949 оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоож, Элчин сайдаа илгээж эхэлсэн 1950 оноос хойш анх удаа эмэгтэй Элчин сайд томилогдон ирж байгаа нь хатагтай Шэнь Минжюань болж байна. Шэнь Минжюань нь БНХАУ-аас Монголд томилогдон ирж байгаа 18 дахь Элчин сайд юм.
Элчин сайд Шэнь Минжюань Улаанбаатарт томилогдон ирэхээсээ өмнө БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн гзарын дэд даргаар ажиллаж байсан.
ЛАВЛАХ:
БНХАУ-аас Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайдууд:
- Жи Ятай (1950.07-1953.07)
2. Хэ Инь (1954.09-1958.08)
3. Ше Фушэн (1958.09-1963.08)
4. Жан Цаньмин (1963.09-1967.01)
5. Шуй Вэн И (1971.08-1974.02)
6. Жан Вейлиэ (1974.10-1978.04)
7. Мэн Ин (1978.08-1983.07)
8. Ли Жуйчин (1983.11-1989.06)
9. Жан Дэлин (1989.08-1993.02)
10. Пэй Жиа И (1993.03-1996.08)
11. Чи Зижиа (1996.09-1999.08)
12. Хуан Жиакуй (1999.08-2003.10)
13. Гао Шумао (2003.11-2007.07)
14. Юуй Хуняао (2007.08-2011.01)
15. Ван Шиаолун (2011.02-2015.06)
16. Шин Хаймин (2015.08-2019.12)
17. Цай Вэньруй (2020.01-2023.09)





Leave a comment