Сүүлийн хэдэн өдөр нийгэм даяараа шуугиж байгаа ногоон автобусны кэйс дээр бүрэн фэйлдсэн Улаанбаатар хот “Улаанбаатар бонд”-ын арилжаагаа өнөөдөр эхлүүлэх байсан ч МХБ захиалга авах хугацааг хойшлууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Арилжааны журам”-ын 57.1 дэх заалтын дагуу “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга авах хугацааг эрх бүхий байгууллагаас холбогдох чиглэл, нэмэлт мэдээлэл ирүүлэх хүртэл түр хугацаагаар хойшлууллаа” гэсэн албан мэдээг МХБ гаргасан байна. Хэдий хугацаагаар хойшлуулсан талаар тодорхой мэдээлсэнгүй.

Улаанбаатар хотын захиргаа нийт 500 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хорооноос энэ 2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр авсан. 500 тэрбум төгрөгийн бондын эхний үе шат болох 277 тэрбум төгрөгийн бондын арилжааны захиалгыг аравдугаар сарын 2-4-ний өдөр авахаар төлөвлөж байсан билээ.

“Улаанбаатар бонд” нэртэй энэхүү өрийн хэрэгслийн анхлагч зах зээлийн арилжаагаар нэг бүрийн нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөгийн нийт 2,778,635 ширхэг бондыг жилийн 17.2%-ийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай гаргаж байна. 17.2% гэдэг бол харьцангуй өндөр өгөөжид тооцогдох бөгөөд бондын хүүгээ хагас жил тутамд төлөх юм. Бондын танилцуулгад дурдсанаар бондын хүүгийн дээд хязгаар бодлооын хүү дээр +5% байх юм.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын “хотын түүхэндээ анх удаагийн” хэмээн олон удаа онцолж байгаа өрийн хэрэгслээр төвлөрөх 500 тэрбум төгрөгийг НИТХ-ын баталсаны дагуу нийслэл хотын боловсрол, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах ажлуудад зарцуулахаар төлөвлөжээ.

500 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар татан төвлөрүүлнэ.

  • Эхний шатны 277.8 тэрбумыг 42 төсөл, хөтөлбөрт зарцуулах ажлын задаргаа:

₮62.8 тэрбум: 4 сургууль, 7 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 25 цэцэрлэгийн нийт 36 төсөлд,

₮28 тэрбум: Авто зам, замын байгууламж болон Налайх болон Багануур дүүргийн технологийн паркийн цахилгаан хангамжийн 3 төсөлд,

₮150 тэрбум: Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад,

₮31.9 тэрбум: Хагас кокс болон асаагч худалдан авалтад тус тус зарцуулна.

Жич: үнэт цаас гаргахдаа холбоотой зардал болох ₮4.3 тэрбумыг бондоос санхүүжүүлж буй учир энэхүү дүн орсноор эхний шатны бондын хэмжээ ₮277.8 тэрбум болж буй юм.

Тоон дүнгээр авч үзвэл 42 төсөл, хөтөлбөрийн дийлэнхийг буюу 36 нь боловсролын салбарт  зарцуулахаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 10 цэцэрлэг, Хан-Уул дүүрэгт 6 цэцэрлэг, 5 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2 сургууль, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэцэрлэг, 2 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, Налайх дүүрэгт 1 цэцэрлэг, 2 сургууль, Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, Сүхбаатар дүүрэгт 1 цэцэрлэг тус тус баригдана.

Харин мөнгөн дүнгээр авч үзвэл бондын төвлөрсөн хөрөнгийн талаас илүүтэйг “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.

“СЭЛБЭ СЭРГЭЛТ”

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх юм.

Энэ төсөл нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хариуцаж байгаа гол ажил гэж хэлж болно. Энэхүү төслийг Улаанбаатар хотын ая тухтай орчин, хот тохижилт, замын түгжрэлд иргэд олон цагийг өнгөрөөж байгаа гацаануудыг арилгах боломжит төсөл гэж үзэн өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг Ж.Сүхбаатар сайд мэдээлж байсан.

Төсөл хэрэгжсэнээр одоо байгаа замын түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах, гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, гэр хорооллын барилгажилтыг дэмжих, хотын эко системийг тэнцвэржүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулж чадна гэж төсөл боловсруулагчид үзжээ.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийгдэх гол ажил нь Сэлбэ гол дагуу буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км далан, авто замын сүлжээг байгуулах юм. Автозамын трассын дагуу дүүргийн чанартай 2 хүрээлэн, автобусны 24 буудал дагасан тохижилт, голын далан доторх иргэдийн ая тухтай амрах боломжтой бичил тохижилтуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн Сэлбэ голын хоёр талын суурьшил, худалдаа үйлчилгээний хэсгүүдийг болбосон туслах 18 гүүр, одоо байгаа авто замын сүлжээ дээгүүр 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц зэргийг хийхээр тусгажээ.

Бондын танилцуулгад дурдсанаар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023-аас 2025 онд хэрэгжүүлнэ.

ШИНЭ ШАХМАЛ ТҮЛШ

Эхний ээлжийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн 31.9 тэрбумыг хагас кокс болон асаагч худалдан авалтад зарцуулна. Энэ нь Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 тушаалаар байгуулагдсан хагас коксон түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтад зарцуулна гэсэн үг юм. Б.Чойжилсүрэн сайдын энэ шийдвэр 2-3 сарйн өмнө багагүй шуугиан дагуулсан. Хагас коксыг өмнөд хөршөөс худалдан авч шахмал түлш үйлдвэрлэн, Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд энэ өвөл туршилтаар хэрэглүүлэх гэж байгаа билээ. Хөрөнгийг хагас кокс худалдан авахаас гадна асаагч худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. Эрчим хүчний яамны зүгээр хагас коксон шахмал түлш нь нийслэлчүүдийн өмнө хэрэглэж байсан шахмал түлшээс давуу талтай хэмээн сурталчилж буй. Бондын танилцуулгад дурдсанаар лабораторийн шинжилгээ дүнгээр хагас коксон шахмал түлшний техникийн үзүүлэлт болон хаягдал утаанд агуулагдах хорт хийн үзүүлэлт сайн дүн үзүүлсэн гэжээ. Тухайлбал, өмнө хэрэглэж байсан шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий хий 45.8%, хүхэр 57.7%, үнслэг чанар 37.2% бага төдийгүй хагядал утаанд агуудагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, акотын исэл 23.5% хүртэл бага гэжээ.

Шахмал түлшийг уламжлалт аргаар мод болон бусад материал ашиглан асааж байгаа нь агаарт дэгдэх тоосонцрын хэмжээг нэмэгдүүлж байгаа гэж үзэн зориулалтын асаагчаар асаах нь агаарын бохирдолд нөлөөтэй гэж үзжээ. Бондын танилцуулгад дурдсанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн асаагчийг худалдан авах ажээ.

ЭРСДЭЛ

Ногоон автобусны хэрэг уг автобусыг захиалагч гэгдэж байгаа “Тэнүүн-огоо” болон нийлүүлэгч “Daewoo Bus” компани, “Тэнүүн-огоо” компанийн удирплагуудтай хамт өнгөрсөн шөнө саатуулагдсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудаар дуусах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ЦЕГ-аас мэдээлснээр “Тэнүүн-огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, тус компанийн гүйцэтгэх захирал, Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулсан байна.

Асуудлыг хуулийн дагуу шударга шийдвэл ногоон автобусыг худалдан авах ажиллагааг анхнаас нь хууль зөрчин улсын нууцад хамааруулан хийсэн албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Эдгээр нь юун түрүүн Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, мөн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар юм. Харин энэ хоёр албан тушаалтан “Улаанбаатар бонд”-ын хувь заяанд шууд холбоотой хүмүүс.

Хотын түгжрэлд дарлуулж байгаа нийслэлчүүдийг богино хугацаанд хөл дүүжлэх унаатай болгох гэсэн сайхан сэтгэл байсан гэсэн тайлбар нь хууль зөрчиж, төсвийн мөнгийг луйвардсан үйлдлийг цагаатгах учиргүй.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending