БНХАУ аравдугаар сарын 1-нд Улс тунхагласан баярын өдрөө сүр жавхлантай тэмдэглэдэг. Баярын өдөрт зориулан төрийн хүлээн авалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Есдүгээр сарын 28-ны өдөр болсон энэ жилийн хүлээн авалтад цэрэг, батлан хамгаалахын зарим өндөр албан тушаалтнууд үзэгдээгүй нь ажиглагчдын хараанд өртжээ. “Төрийн хүлээн авалтад цэргийн мяндагтангууд уригдаагүй нь Ши Жиньпины дараагийн хийх алхмуудыг тодорхойлж байна. Хятадын цэрэг армид томоохон хэмжээний цэвэрлэгээ хийгдэх магадлалтай боллоо” хэмээн Nikkei бичжээ.

Энэхүү хүлээн авалтыг телевизээр дамжуулсан байна. Цэргийн томчуудаас Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, Цэргийн төв комиссийн гишүүн Ли Шанфу харагдаагүй нь юун түрүүн анхаарал татжээ. Ли Шанфу олны өмнө харагдаагүй хэдэн 7 хоног болж байгаа ажээ. 1958 онд төрсөн, сансрын инженер мэргэжилтэй Ли Шанфу Хятадын сансар судлалын томоохон төслүүдийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн хүн юм. Өнгөрсөн хавар Батлан хамгаалахын сайдаар томилогдохоосоо өмнө Ли Шанфу Цэргийн төв комисст зэвсгийн худалдааны асуудлыг хариуцаж байсан, Хятадын улс төрийн хүрээнд нөлөөтэй. Цэргийн төв комисс нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд комиссийг Ши Жиньпин толгойлдог.

ОХУ-аас сөнөөгч онгоц, өндөр нарийвчлалтай пуужингийн систем худалдан авах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан. Үүнийг гүйцэтгэсний төлөө түүнийг АНУ-ын зүгээс Оросын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн хүний жагсаалтад оруулж байжээ.

Батлан хамгаалах салбарын худалдан авах үйл ажиллагааг хариуцдаг албан тушаалтнуудыг авлига, хээл хахуулийн хэргээр шалгана хэмээн Бээжин өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн бөгөөд Ли Шанфу төрийн хүлээн авалтад уригдаагүй нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон байх магадлалыг өндөрсгөж байна.

Ли Шанфугийн өмнөх сайд Вэй Фэнхэ мөн харагдаагүй байна. Эдүгээ 69 настай Вэй Фэнхэ Артиллерийн II корпусын захирагч байсан бөгөөд энэ корпусыг сүүлд Пуужингийн анги болгон өөрчилсөн. Пуужингийн анги нь Хятадын батлан хамгаалахын цөмийн болон пуужингийн зэр зэвсгийг бүхэлд нь захирдаг. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Пуужингийн ангийн өндөр цолтой хоёр офицер албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хэд хэдэн офицер баривчлагдсан.

Мөнхүү хүлээнд авалтад эдүгээ 94 настай генерал Чи Хаотянь харагдсангүй. Хятадын Батлан хамгаалах салбарыг толгойлж байсан, эдүгээ амьд сэрүүн байгаа цөөн сайдын нэг нь Чи Хаотянь юм. Гэхдээ түүнд хүлээн авалтын урилга илгээсэн хэмээн хэвлэл бичжээ.

Жил бүрийн намар Хэбэй мужийн далайн эргийн Бэйдайхэ хотод Хятадын тэргүүн ахмад улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг хүлээн авдаг уламжлалтай. Магтаал сайшаалын үгэнд дунд өнгөрдөг байсан уламжлалт уулзалт энэ жил өөр уур амьсгалтай болсныг тухайн үедээ гадаадын хэвлэлүүд өлгөн авч бичиж байсан.

Энэ уулзалт дээр Ши Жиньпинийг шүүмжилсэн Хятадын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Зэн Цинхунтай Чи Хаотянь мөр зэрэгцэн сууж байжээ. Эдүгээр 84 настай Зэн Цинхун Хятадын коммунист намын өнөөгийн удирдлагуудад хандан хэд хэдэн эрс шүүмжлэлийг хэлсэн.

Бүх Хятадын Ардын хурлын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан хоёр хүн, тухайлбал, Бэйдайхэн уулзалтад дээрээсээ 3-т эрэмблэгддэг эдүгээ 76 настай Жан Дэцян, Ши Жиньпины ойрын хүн гэгддэг эдүгээ 73 настай Ли Жаньшу нар хүлээн авалтад харагдаагүй байна.

Гадаад хэргийн сайдаар 7 сар ажиллаад ажлаа өгсөн Цин Ган мөн хүлээн авалтад харагдсангүй. Түүнийг ямар учраас чөлөөлж оронд нь өмнө сайд байсан Ван И-г буцаан томилсон талаар Бээжин албан тайлбар хийгээгүй өнөөг хүрсэн.

Leave a comment

Trending