Чөлөөт хэвлэл мэдээлэл бол ардчилсан нийгмийн нэг тулгуур багана. Гэхдээ дан чөлөөт хэвлэл мэдээлэл биш хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй байж гэмээнэ ардчиллын тулгуур багана гэгдэх учиртай. Харамсалтай нь чөлөөт хэвлэл мэдээлэлгүй бол ардчилал байхгүй гэж ярих дуртай хүмүүс асуудлын нөгөө талыг буюу хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй гэдэг салшгүй шинж чанарыг орхигдуулсаар ирлээ.

Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл, гэмт хэрэг сүүлийн хугацаанд ойр давтамжтай гарч, олон нийтийг цочроогоод байна. Ямар ч нийгэмд гэмт хэрэг, тэр дундаа эцэг эхийн хараа хяналт болоод  нийгмийн хамгаалал шаарддаг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг нийгэмд цочроо өгдөг. Энэ цочроог санаатай болон санамсаргүйгээр өдөөх юм бол уур хилэнгийн давалгаа болон үерийн ус мэт хэн ч зогсоож хүч хүрэхгүй байдалд хүргэх аюултай. Ийм өдөөгчийн нэг нь хэвлэл мэдээлэл юм. Тийм ч учраас хүчирхийлэл, гэмт хэргийн, ялангуяа, бага насны хүүхэд хохирогч болсон үед мэдээллийг маш болгоомжтой, мэргэжлийн ёс зүйд захирагдаж, ямар ч нөхцөлд хохирогчийн болоод ар гэрийнхний сэтгэл зүйн байдал, нэр хүндийг сэвтээхгүйгээр мэдээллээ бэлтгэн түгээх зарчим сэтгүүлчдэд үйлчилдэг.

Монголын сэтгүүлчдийн баримтлах Ёс зүйн зарчмын 4 болон 6 дугаар заалтуудад гэмт хэрэг, осол гамшгийг сурвалжлан мэдээлэхдээ ёс зүйн ямар зарчим баримтлахыг тодорхой тусгасан байдаг. Тухайлбал,

  • ДӨРӨВ. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.

4.1 Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ.

4.2 Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

4.3 Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй.

4.4 Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.

4.5 Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй.

4.6 Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана.

  • ЗУРГАА. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.

6.1 Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

6.2 Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.

6.3 Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.

6.4 Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй.

6.5 Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.

6.6 Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.

6.7 Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.

6.8 Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

Энэ хоёр заалтыг уншсан хэн бүхэн харамсалтайгаар амиа алдсан 12 настай охины хэргийн талаар зарим сэтгүүлч, редакц мэдээлэхдээ ёс зүйн алдаа гаргасныг төвөггүй харж болно. Ёс зүйгээ баримтлаагүй учраас энэ хэргийн мэдээллээс үүдэн угаас унасан байсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд, итгэлийг бүрмөсөн шаварт хутгагдлаа.

Талийгаач охины талаарх мэдээллээ мэргэжлийн шаардлага, стандартын дагуу ёс зүйтэй бэлтгэн мэдээлсэн редакц олон бий. Гэсэн ч дусал бэх дусаахад усны өнгө өөрчлөгддөг шиг нийгмийн бухимдал нийт сэтгүүлчдэд хаяглагдлаа. Энэ кэйс сэтгүүлч мэргэжилдээ дуртай, хайртай бүх хүнд цочроо өглөө. Энэ цочроо хэвлэл мэдээллийн салбарт бий болсон гажуудлыг хамтдаа хэлэлцэн засч залруулах алдаж болохгүй алтан мөч байж болох юм.

ГАЖУУДАЛ

Мэргэжлийн ур чадварын дорой байдал, сэтгүүлчдийн мэдлэг боловсролын түвшин, ялангуяа гадаад хэлний боловсрол, санхүүжилтийн буруу тогтолцоо буюу худалдагдсан байдал, үүнээс үүдэн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн байхгүй болсон, хүчтэй редакц цөөрч, хувь тоглогчид өөрсдийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд үнэлэх болсон, салбарын хэмжээнд ажиллах учиртай ТББ-уудын үлбэгэр байдал, хүлээн зөвшөөрөгдсөн болон худалдагдаагүй зангарагтай эрхлэгч, редактор, анкор байхгүй, энэ салбарын дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг анхаарч тоодоггүй, сошиалд бүрэн ялагдсан, онол практик нь төө хэрийн зөрсөн, зөвхөн жалган дундаа хэдэн биетэйгээ өрсөлддөг зэрэг байдлыг гажуудал хэмээн дүгнэж байна.

Эдгээр гажуудлыг сэтгүүлчид өөрсдөө ярьж хэлэлцэж засахаас биш гаднаас хэн нэгэн, ялангуяа төр орж ирээд зохицуулна гэж бодож хүлээж болохгүй өвөрмөц салбар бол хэвлэл мэдээлэл байдаг. Төр нь зохицуулалт хийж байгаа улс орнууд дэлхийд байгаа боловч тухайн улс орны ардчилсан, эсвэл хагас ардчилсан, эсвэл бүүр тоталитар байхаас хамааран эцсийн үр дагавар өөр байгааг бид бэлхнээ харж байгаа. Монголын хувьд коммунист угшилтай нам дангаар эрх барьж, сөрөг хүчний дуу хоолой нийгэмдээ хүрэх тэнхээ чадалгүй байгаа ийм үед төрийн зохицуулалтыг хүснэ гэдэг нь өөрсдийгөө цаазын тавцанд аваачиж, чөлөөт байдлаа эрх баригчдад найр тавьсан хэрэг болно. Сүүлийн 5-6 жил төрийн зүгээс сэтгүүлчийн ажиллах орчныг хуулиар дордуулах, мэдээллийн чөлөөт урсгалыг хаах зэрэг алхмыг хийж ирсэнийг байнга санах хэрэгтэй.

Ардчилсан тогтолцоо руу шилжиж хэвлэл мэдээллийг төрөөс хянахаа больсон 30 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл өөрийн хүчээр, өөрийн боломжоор хөгжсөөр ирсэн. Чөлөөт хэвлэлийн 100-200 жилийн түүхтэй улс орнуудтай харьцуулахад бид хөгжлийн жамаараа, үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулаад явж ирсэн. Энэ хугацаанд сэтгүүлчдийг өөрсдийн талд үйлчлүүлэх, мөнгөө төлөөд хүссэн үгээ бичүүлэх эрх баригчдын хүсэл ч ямагт байсан. Энэ хүсэл МАН-ын дангаар эрх барьж байгаа сүүлийн 7 жилд төгсрөх хэмжээнд очсоныг салбарынхан харж байна. Цар тахлын 2 жил энэ үйл явцын хугарлын цэг байлаа.

Дээр тодорхойлсон гажуудал бүр дээр дүн шинжилгээ хийж, гарц гаргалгаа олохыг үе үеийн сэтгүүлч, редакциуд, салбарын ТББ-уудад уриалж байна. Үүнийг эс хийвээс ардчилсан чөлөөт гэсэн хуурамч хуягтай хараат сэтгүүл зүй болон хувирах зам үлдэж байна. Гэрээ засаагүй байж төрийг засах гэж оролдож байгаа биднийг хэн тоохов дээ.  

Д.НАРАНТУЯА  

Leave a comment

Trending