Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад хийж байгаа айлчлалынхаа сүүлийн өдөр буюу аравдугаар сарын 14-ны Бямба гаригт Нант хотод нээгдэх “Чингис хаан хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Өмнө төлөвлөж байсан үзэсгэлэн “Тэнгэр газрын хүү. Чингис хаан ба Монголын Эзэнт гүрэн төрсөн нь” нэртэй байсан бөгөөд Нант хотын Үндэсний түүхийн музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын музейтэй хамтран дэлгэхээр бэлдэж байсан. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил эцсийн шатандаа орж байх үед үзэсгэлэнгийн тайлбаруудад Хятадын эрх баригчдын зүгээс засвар оруулахаар тулгасан. Тухайлбал, тайлбаруудаас “Монгол”, “Чингис хаан”, “Эзэнт гүрэн” гэсэн үгсийг хасахыг санал болгосон. Үүний дараа Бээжин барьцаа улам лавшруулж, үзэсгэлэнгийн тайлбар текст, тараах материал, зар сурталчилгааны үгийг Бээжинтэй тохиролцсоны дагуу олон нийтэд дэлгэхийг шаардсан байна.
Монголын их Эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаанд зориулсан үзэсгэлэнг Нант хотын Үндэсний түүхийн музей БНХАУ-тай хамтран 2021 оны эхээр дэлгэхээр төлөвлөж байсан ч Хятадын удирдагчдын цензураас болж одоогоос яг 3 жилийн өмнө 2020 оны аравдугаар сард цуцалж байсан билээ. Харин энэ удаад Нант зорьсондоо хүрч чадлаа.
- “Тэнгэр газрын хүү. Чингис хаан ба Монголын Эзэнт гүрэн төрсөн нь” үзэсгэлэнг цуцалсаны дараа олон нийтийн сүлжээнд тавигдсан шог зураг
“Хөх хотын музейтэй бид хамтран ажиллаж үзэсгэлэндээ бэлдэж байсан боловч гэнэт Бээжингийн зүгээс байр сууриа өөрчлөн өөрийн үзэл суртлыг тулгаж эхэлсэн. Энэ зун Хятадын эрх баригчид үндэсний цөөнх монголчуудын эсрэг бодлогоо чангаруулсан нь үзэсгэлэнг цуцлахад хүргэлээ. Манай музейн баримталдаг зарчмын нэг бол хүн төрөлхтөн, шинжлэх ухаан, ёс суртахууны үнэ цэнийг хамгаалах явдал. Харамсалтай нь түүхийг гуйвуулахыг хүссэн учраас бид үзэсгэлэнгээ цуцлах шийдвэр гаргалаа. Тохиролцож болохгүй зүйл гэж байдаг” хэмээн музейн захирал Бертран Гийе 2020 оны аравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Тухайн үедээ үзэсгэлэнг 4 жилээр хойшлууллаа гэсэн албан мэдээг музейн зүгээс гаргаж байсан.
Нант хот нь Францын баруун хэсэгт байдаг, хот музей гэж хэлж болохоор олон музейтэй хот юм.





Leave a comment