Хятад улс дэлхийн эдийн засгийг холбох гүүр болгон дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойг энэ сарын 17-18-нд Бээжин хотноо тэмдэглэх гэж байна. “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнуудын III удаагийн форум гэсэн албан ёсны тодотголтой ч энэ удаагийн форумыг 10 жилийн ойд зориулан, үзэл суртлын өндөр хэмжээнд хийхээр Бээжин төлөвлөжээ.
БНХАУ-ын даргаар томилогдсоныхоо дараахан Казахстанд хийсэн айлчлалынхаа үеэр анх энэ санаачилгыг дэвшүүлж байгаагаа Ши Жиньпин зарласан. Анх “Нэг бүс, нэг зам” хэмээн нэрлэж байсан “нэг” гэдэг үгийг дэлхийн улс орнууд янз янзаар хүлээн авч, тэр дунд “Хятадын дэлхийг эзлэх санаархал”, “Хятад дэлхийн дэг журмыг шинээр тогтоох гэж байна” зэрэг сөрөг байр суурь нэлээн байсан учраас “нэг” гэдэг үгийг хэрэглэхээ больж “Бүс ба Зам” хэмээн нэрийдэх болсон. Өөрсдийгөө энэ дэлхийн төв гэж үзсээр ирсэн хан үндэстэн бүр Ши Жиньпин даргын энэ санаачилгыг сэтгэл зүрхэндээ талархан хүлээн авсанд эргэлзэх зүйлгүй. Нөгөө талаар энэхүү санаачилгыг дэвшүүлэх үед өмнөд хөрш Хятадын эдийн засаг томорч дэлхийд хоёрдугаарт жагсах болсон байсан бөгөөд хөгжлийн ирээдүй, потенциалыг нь бодсон ч Хятадын энэ том амбицыг буруутгах хүн олон байгаагүй. Дэлхийн эдийн засгийг холбох зууны гэж хэлэхэд буруудахгүй том мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй зэрэгцэн энэ санаачилга нь Ши Жиньпин даргын дэлхийн лидер гэж хэлэгдэх улс төрийн амбиц нь хамт явж, Хятадын сүүлийн 10 жилийн гадаад харилцааны чиг хандлагыг тодорхойлж ирлээ.
17-18-нд Бээжинд болох форумаар “Бүс ба Зам” санаачилгын ололт амжилтыг хангалттай дурдах нь ойлгомжтой. Ойг угтан “Бүс ба Зам” санаачилгын “Цагаан ном”-ыг хэвлэсэн тухай Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба өнгөрсөн долоо хоногт (2023.10.11) сэтгүүлчдэд мэдээлсэн. “Бүс ба Замыг хамтаар байгуулах: Хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай практик” сэдэвт “Цагаан ном”-д дурдсанаар энэхүү санаачилгын хүрээнд Хятад улс дэлхийн 150 улс, олон улсын 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, санаачилгад нэгдсэн орнууд хоорондын импорт, экспорт жилд дунджаар 6.4 хувь өсчээ.
Хэвлэлийн бага хурлыг удирдсан Хятадын Хөгжил шинэтгэлийн үндэсний хорооны орлогч дарга, Худалдааны яамны орлогч сайд Гө Тинтин, Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн газрын дарга Ли Кэшинь нарын онцлон тэмдэглэснээр “Арван жилийн турш “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах явцад Хятад улс хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримталж ирсэн. Нээлттэй харилцаж, ногоон эдийн засгийг дэмжиж, сайн засаглалыг бэхжүүлж ажилласнаар нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит үр дүн бий болгосон юм. Хятад-Лаосын төмөр зам, Жакарта -Бандүнгийн хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Порт -Пирей боомт, Хятад Пакистаны эдийн засгийн коридор, Хятад Беларусийн аж үйлдвэрийн бүс зэрэг мега төслүүд хэрэгжүүлж үр шимийг нь олон мянган хүн хүртэж байна” гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард болсон Европ-Азийн эдийн засгийн форумд Ши Жиньпин даргын энэхүү санаачилгын талаарх хэлсэн “Энэ онд миний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэ бол холын хамаатан, ойрын хөршүүд хамтдаа хөгжих шинэ арга зам сүвэгчилж, олон оронд хүртээмжтэй байхын тулд санаачилсан ажил юм” гэсэн үгийг хэвлэлийн бага хурлын үеэр дахин дурдаж “энэ ганц өгүүлбэрт ” Бүс ба Зам”-ын зорилгыг маш тод илэрхийлсэн” хэмээн тодотгожээ.
Форумыг угтан санаачилгын алдаа, онооны талаар тойм нийтлэлүүд олон улсын хэвлэлд гарсаар байна. “Бүс ба Зам” санаачилгад хамгийн идэвхтэй хамтран ажиллаж, том төслүүдийг хэрэгжүүлсэн зарим улс орны, тухайлбал, Пакистан, Казахстаны эдийн засгийн өсөлт хүлээж байсан хэмжээнд хүрэхгүй байгааг ОУВС-гийн тайлан мэдээнд дурдсаныг эш татаж байна.
Өнгөрсөн 2022 оны тоо баримтыг аваад үзвэл “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаатай орнуудтай хийсэн Хятадын худалдааны эргэлт 2.9 их наяд ам.долларт хүрчээ.
Германы тинк-танк Merics байгууллагын энэ оны есдүгээр сарын илтгэлд дурдсанаар “Бүс ба Зам” санаачилга нь хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа орнуудад гэхээсээ илүүтэй Хятадад өөрт нь ашигтай тусч байгааг онцолсон байна. “Энэ санаачилгад нэгдсэн улсуудад дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн ч эдгээр төсөл нь Хятадын зах зээл, Хятадын компаниудыг шаардлагатай түүхий эдээр найдвартай хангах сүлжээ болж байна. Санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн “Digital Silk Road” төсөл нь хамтрагч орнуудын эрүүл мэнд, санхүү, төлбөр, боловсрол зэрэг олон салбарын дижитал шиджилтийг хөгжүүлсэн ч эдгээр нь Хятадын технологийн компаниудын хэрэгцээ, хөгжлийг хангахад суурилсан” гэж дүгнэжээ.
Санаачилгад нэгдсэн орнуудад хэрэгжсэн дэд бүтцийн том төслүүдийн дийлэнх нь “Бүс ба Зам”-ыг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Азийн Дэд бүтцийн банкнаас өндөр үнийн дүнтэй зээлээр бүтсэн нь өрийн асуудлыг хурцатгаж байгааг санхүүгийн шинжээчид анхааруулсаар байна. АНУ-ын судалгааны Rhodium Group фирмийн тооцсоноор 2020-2022 оны хооронд хятадын гадаад улс орнуудтай хийсэн 76,8 тэрбум ам.долларын өрийн хэлэлцээрийг шинэчилсэн байна.
Эдүгээ “Бүс ба Зам” дээр “Даян дэлхийн” тодотголтой 3 санаачилга нэмэгдээд байна
Хоёр жилийн өмнөөс Хятадын удирдлага шинэ санаачилгуудыг дэвшүүлсэн нь “Даян дэлхийн хөгжлийн”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” юм.
Эдгээр санаачилга нь “Бүс ба зам”-ыг орлох биш харин ч “Бүс ба зам”-ын дутууг нөхнө гэдгийг Ши Жиньпин дарга мэдэгдсэн. Эдгээр шинэ санаачилга нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн бусад салбар руу чиглэнэ, энэ нь “Хятад мөрөөдөл”-ийг биелүүлэх ээлжит алхам гэдгийг Японы Nikkei бичжээ.
Д.НАРАНТУЯА





Leave a comment