Монгол Улсын нүүрсний экспортын тал хувийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тээвэрлэдэг. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын нэг чухал хэсэг болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Гашуунсухайт боомтод шилжүүлэн ачих терминалыг байгуулж байгаа.
Энэ аравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар терминалын барилга угсралтын ажил 76%-тай явж байна. Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг Нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байх юм. Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус байгууламж нь жилд 18 сая тонн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74 га талбайтай. Одоогоор бетон талбайн барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ба нэг удаад 2100 чингэлэгтэй ачааг буулгах хүчин чадалтай, нийт 985 м урт, 64м өргөн, 0,3м өндөртэй байхаар төлөвлөгдсөн тус талбайг энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Шилжүүлэн ачих терминал төслийн хүрээнд Удирдлагын байр, Нэг цэгийн үйлчилгээний байр, Харуулын байр, Авто засварын төв, Амрах байр зэрэг нийт 9 барилга баригдаж байгаа ба тус төсөл бүрэн ашиглалтад орсноор 285 байнгын ажлын байр шинээр бий болно.





Leave a comment