“Бүх зам Ром хүрдэг” хэмээх алдарт зүйрлэл 21-р зууны босгыг алхахдаа ийнхүү Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачлагад ирж нэгдлээ. Одоо бүх зам Хятад улс руу чиглэжээ. Түүгээр ч зогсохгүй мөнөөх зам дээгүүр давхилдах галт тэрэг, автомашинуудыг ч дэлхий нийт Хятад улсаас импортлон авах болов. Дэлхийн эдийн засгийн тулгуур багана болсон тус улс олон улсын ханган нийлүүлэгчдийн тавцанд хэдийнээ өөрийн туг далбаагаа өндөрт өргөчихлөө. Магтаад ч муулаад ч үл зогсох хөгжлийн хурдан хөсөг хэдийнээ хөдөлжээ #Бүс_ба_зам_10жил

Өнөөдөр /2023.10.18/ Бээжин хотноо эхэлж байгаа “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан III удаагийн форумд зориулан FB-ийн “АНД СТУДИ” гэсэн хаягаас ийн постолжээ. Энэ бол Хятадын төрийн мэдлийн Олон улсын радиогийн монгол хэл дээрх мэдээлэл түгээдэг редакцийн хаяг юм. Пэйжийн түүхийг харвал 2016 онд Юу Ка О гэсэн нэрээр анх үүсгэгдэж түүнээс хойш 5-6 удаа нэрээ сольсоор өнгөрсөн оны тавдугаар сард пэйжээ “АНД СТУДИ” хэмээн нэрийджээ. Сүүлийн хоёр жилд энэ хаягнаас Хятадын хөгжил, иргэдийн аж амьдрал, түүхтэй холбоотой видео контентуудыг тогтмол давтамжтай, эрчимтэй түгээж байгаа суваг.

“АНД СТУДИ”-ийн энэ пост “Бүс ба Зам”-ын форумын зорилгыг бүрнээ илэрхийлж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин форумын хүндэт зочдоо өчигдөр хүлээн авч, оройн зоог барин, хамтдаа зургаа татууллаа. Хамгийн анхаарал татсан хүндэт зочин нь манай хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байлаа. Гаагын Олон улсын эрүүгийн шүүх Путиныг Украины эсрэг өдүүлсэн дайны гэмт хэрэгт буруутган баривчлах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард гаргасан. Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд Ромын дүрмийг соёрхон батлах ёстой юм. Ромын дүрмийг хүлээн зөвшөөрсөн улс орон уг шүүхээс баривчлах шийдвэр гарсан иргэн хэнийг ч болов баривчлах үүрэг хүлээдэг. ОХУ болон БНХАУ нь Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй орнууд. Монгол Улсын парламент Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 2020 онд соёрхон баталсан. Гаагын шүүхийн шийдвэрээс хойш Путин гадаад орны газар нутагт хөл тавиагүй байсан бөгөөд Бээжинд очихын өмнө Киргизстанд очин Хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтад оролцоод дараа нь ийнхүү Бээжинд хөл тавьж байна. Хүндэт зочдын хамтын зурагт хоёр хөршийн тэргүүн голлон зогссон байгаа бол манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд эгнээний зүүн захад байр эзэлжээ.

Монголыг түлш, шатахуунаар таслахгүй гэдгээ Оросын томчууд илэрхийллээ

Өчигдөр оройдоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзлаа. Уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн төслүүдийн талаар яригджээ. Тухайлбал, ОХУ руу нийлүүлж буй Монголын экспортын зарим бараанд гаалийн өндөр татвар ногдуулж байгаа асуудлыг ярилцсан байна. Монголын экспортын мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд 40 хүртэл хувийн татвар ногдуулж байгаа бөгөөд энэ асуудлыг Монголын талаас олон жил ярьж тарифыг бууруулах асуудлыг хөндөж ирсэн ч Оросын талаас бодит алхам хийлгүй өнөөг хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг удахгүй Улаанбаатар хотноо болох хоёр орны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон нь сайн мэдээ байлаа.

Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Монголчуудын амьжиргааны суурь хэрэглээ болох түлш, шатахууныг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээ Ерөнхийлөгч Путин мэдэгдсэнд манай төрийн тэрүүн талархсанаа илэрхийлжээ.

ОХУ өнгөрсөн есдүгээр сарын 12-нд шатахууны экспортдоо хориг тавих шийдвэр гаргасан нь түлш, шатахууны хувьд бүрэн хараат монголчуудын санааг зовоогоод амжсан. Харин энэ шийдвэрийн дараахан Монголд айлчилсан Оросын Төрийн думын дарга Володин энэ хоригт Монгол хамаарахгүй гэдгээ мэдэгдэн монголчуудын санааг амраасан. Ийнхүү Оросын төрийн хоёр том эрх мэдэлтэн Монголын түлш, шатахууны нийлүүлэлтэд баталгаа өглөө.

“Сибирийн хүч-2” төслийн хариуг оросууд Бээжингээс авахыг хүсч байна

Монголчуудын Бээжингээс хүлээж байгаа өөр нэг мэдээ нь Монголын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн “Сибирийн хүч-2” төсөл юм. Зөвхөн монголчууд ч биш оросууд энэ төслийг хэрэгжүүлэх эсэх дээр Бээжингээс хариу хүлээж суугаа.

Бээжин рүү нисэхээс хойр хоногийн өмнө Путины Хятадын төв телевизэд өгсөн ярилцлага цацагдсан. Уг ярилцлагадаа Путин Оросын зүгээс Хятадын талтай эрчим хүч, агаарын тээвэр, авто машин үйлдвэрлэл, электроникс, ХАА зэрэг хэд хэдэн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэдэгтээ “итгэлтэй” байгаагаа илэрхийлсэн. Путины айлчлалын бүрэлдэхүүнд “Роснефть” болон “Газпром” компанийн удирдлагууд багтсан нь энэхүү итгэлийг харуулж буй хэрэг.

Оросын төсвийн орлого нефть, шатахуун, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай. 2014 онд Украины мэдэлд байсан Крымыг өөртөө нэгтгэснийг буруутган барууны орнууд Орост эдийн засгийн хориг тавьсан. 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнээс хойш энэ хориг улам чангарч Европын орнуудаас орох экспортын орлого нь хаагдаад байгаа. Тиймээс Оросын хувьд бусад чиглэлд, тэр дундаа Азийн чиглэлд байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа юм.

Хятад руу 2019 оноос байгалийн хий нийлүүлэх эхний хоолойгоо оросууд ашиглалтад оруулсан бөгөөд энэ жилээс уг хоолойгоор төслийн хүчин чадалд хүрэх хэмжээний буюу 30 тэрбум куб метр хий нийлүүлж байна. Үүнээс гадна Монголоор дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” болон “Сибирийн хүч-3” буюу Алс Дорнодын маршрутаар оросууд Хятад руу хий нийлүүлэх сонирхолтой байгаа. Монголоор дайран өнгөрөх хоолойн хүчин чадал жилдээ 50 тэрбум, Алс Дорнодынх 20 тэрбум юм. Алс Дорнодын маршрут Монголоор дайран өнгөрөх маршрутаас хойно яригдсан нь ч гэлээ хоёр тал гэрээний нөхцөлөө тохирч төслийн ажил эхэлчихсэн яваа юм. Оросуудын хамгийн их сонирхож, бас хүчилж байгаа маршрут нь Монголоор дайран өнгөрөх маршрут боловч Хятадын талаас эцсийн хариуг өнөөг болтол өгөөгүй байна. Путины итгээд байгаа төслүүдийн нэг нь энэ төсөл юм. Салбарын шинжээчид Орос, Хятад хоёр үнээ тохирч чадахгүй байгаа гэсэн тайлбарыг хийдэг.

Орост байгалийн хийн экспортийн хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгцээтэй байгааг энэ жил Узбекистан руу шинэ маршрут татсан нь нотолж байна. Энэ 2023 оны эхээр төслийн санамж бичгийг зурж, зургадугаар сараас төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад ердөө хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 7-нд ашиглалтад орууллаа. Казахстаны нутгаар дайран өнгөрч байгаа энэ хоолойн урт 1760 км бөгөөд 3 сар хагасын хугацаанд ашиглалтад оруулсан нь “Газпром” компанийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд хэрэгжсэн төсөл болжээ.

“Сибирийн хүч-2” хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх урт 962,9 км юм. Хэрвээ оросууд Хятадтай гэрээний нөхцөлөө тохирч чадвал төслийг богино хугацаанд хийх боломжтой гэдэг нь Узбекистаны жишээнээс харагдаж байна.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending