Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” санаачилгын III форумд оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумыг зохион байгуулагч орны тэргүүн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй аравдугаар сарын 18-ны өдөр уулзлаа.

Оросын хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд албан ёсны хэлэлцээрийн дараагаар манай хоёр хөршийн тэргүүн нэг цаг гаруй ганцаарчлан уулзжээ. Хоёр орны тэргүүн нарын уулзалтын үр дүнгээс монголчуудад хамгийн хамаатай байгаа асуудал нь “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл эхлэх эсэх тухай байлаа. Айлчлалын үр дүнгийн хамтарсан мэдэгдэл болон айлчлалын талаарх хоёр талын албан мэдээнд “Сибирийн хүч-2” төслийн талаар нэг ч үг дурдагдсангүй. Ши Жиньпин даргын үгэнд “хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэсэн ганц өгүүлбэр дурдагджээ.

Айлчлалыг сурвалжлахаар Бээжинд очсон Оросын сэтгүүлчдэд Ерөнхийлөгч Путин мэдээлэл хийсэн боловч хийн хоолойн төслийн талаар ганц ч асуулт тавигдсангүй. Харин moscowtimes.ru сайтад төслийг хэрэгжүүлэхээс Хятад татгалзсан тухай мэдээлэл нийтлэгдээ.

“Ерөнихийлөгч Путины Бээжинд хийсэн айлчлал Кремлийн олон жил хүлээж байгаа гол асуудлаа шийдэж чадалгүй өндөрлөлөө. Путин Ши даргыг “хүндэт найз” хэмээн дуудаж, түүний “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд гаргасан амжилтыг магтаж, хоёр талын хамтын ажиллагаанд маш их ирээдүй байгаа гэх зэргээр хэлсэн ч Хятадын тал “Сибирийн хүч-2” хийн хоолой барих гэрээг зурсангүй” хэмээн сайт бичжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Ши Жиньпин Москвад айлчлах үеэр ч Путины зүгээс “Сибирийн хүч-2” төслийн бүх бэлтгэл хангагдсан гэдгийг сайтар хэлсэн ч Хятадын талаас ямар ч хариу өгөөгүй билээ.

Хоригийн улмаас Европын зах зээлд байгалийн хий нийлүүлж чадахгүй байгаа Оросын хувьд Хятадын зах зээл онцгой хэрэгтэй байгаа юм. Европын зах зээл хаагдсаны улмаас Орос байгалийн хийн олборлолтоо ЗХУ-ын үеэс хойш анх удаа бараг 30%-иар бууруулах шаардлагатай болсон. 2022 оны долдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэлх хугацаанд “Газпром” компанийн алдагдал 1 их наяд рубль болж, хуримтлуулсан нөөц хөрөнгийнхөө гуравны хоёрыг алдагдлаа нөхөхөд зарцуулсныг moscowtimes.ru мэдээндээ дурдсан байна.  

Экспортын ид оргил үедээ “Газпром” Европын орнуудын зах зээл рүү 170-180 тэрбум куб метр хүрч байсан. Энэ онд Хятад руу нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ 22 тэрбум куб метр байгаа бөгөөд үнийн хувьд өмнө нь Европын зах зээлд болон одоо Турк руу нийлүүлж байгаа үнээс бараг 2 дахин хямд байгаа юм. Хятад Оросын байгалийн хийг 1 куб метрийг нь 271,6 ам.доллараар авч байгаа бол Турк руу нийлүүлж байгаа 1 куб метр хийн үнэ 481,7 ам.доллар байгаа ажээ.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending