Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн талаарх шүүмж улам хүчтэй өрнөж байна. Ялангуяа сошиал сүлжээнд хайр найргүй шүүмж өрнөж байна. Эдгээр шүүмжийг харахад “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэсэн үгийг эрхгүй санагдуулна. Уг нь мэргэжилдээ, салбартаа хайртай, ёс зүйтэй олон сэтгүүлч, редакц бий.

Олон нийтийн шүүмжийг хараад өөрсдийгөө өмөөрөх биш буруу байвал засч залруулах, зөв зүйлээ түгээн дэлгэрүүлэх нь илүүтэй чухал байна. Энэ үйл явцад бага ч гэсэн тус болох байх гэж найдан “РЕДАКЦИЙН ЗУРВАС” номыг бичин хэвлүүлсэн билээ. Энэхүү номноос өнөөгийн өрнөж байгаа шүүмжид хамаарах зарим эшлэлийг энд хуваалцъя.

  • “Монголын сэтгүүл зүй хөгжлийн сонирхолтой үе дээрээ явж байна гэж номынхоо эхэнд хэлсэн. Энэ хөгжил нь жам ёсны дагуу үргэлжилж байгаа процесс. Сайн сэтгүүл зүй хийх чин хүсэлтэй залуу сэтгүүлчид, редакциуд олширч байгааг харах бахархалтай. Хэдийгээр органик хөгжил явж байгаа ч үндсэн чанараа гажуудуулах сонголтыг редакциуд, сэтгүүлчид хийх боллоо. Ийм сонголтыг зах зээлд амьд үлдэх, тэсч гарах гэсэн хүний амьдралын анхдагч хэрэгцээнээс үүдэж байна. Энэ бол сэтгүүл зүй хараат бус байх амин чанараа мөнгөнд худалдаж байгаа гажуудал. Энэ гажуудлыг засахад цаг хугацаа, орчин нөхцөл, мөн энэ салбарыг бизнес гэсэн утгаар нь авч үзэж, хандах шаардлагатай.” 
  • “Сэтгүүл зүйн тулах гурван цэг нь сэтгүүлч, редактор, редакц. Үйлдвэрлэлийн процесс гэж үзвэл гурван дамжлага юм. Сайн сэтгүүлч, сайн редактор, сайн редакц байж гэмээнэ сайн сэтгүүл зүй байна. Монгол улс чөлөөт ардчилсан нийгэм рүү шилжиж, хэвлэл мэдээлэл зах зээлийн зарчмаар хөгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд сэтгүүлчийн мэргэжлийн боловсрол олгох, давтан сургах, боловсруулах чиглэлд чамгүй анхаарал хандуулсан байдаг. Харин хэвлэл мэдээллийн салбарыг компанийн сайн засаглалын онолоор авч үзэх, сэтгүүл зүйн салбарын бизнес загварчлал гаргах, редакцийн менежмэнтийг хэрхэн хийх вэ зэрэг асуудал бага судлагдсан гэж дүгнэж болно. Чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхтэй болсон салбарынхан өөр өөрсдийн зөн мэдрэмжээр, амьдрахын төлөө тэмцэж ирсэн.”
  • “Хэвлэл мэдээллийг нийгмийн соён гэгээрүүлэгч гэж үздэг социализмын үеийн ойлголт, хандлага амь бөх байсаар байна. Сэтгүүлчид нийгмийг соён гэгээрүүлэх үүрэггүй боловч нийгмийн сайн сайхан ирээдүй, хөгжил цэцэглэлийн төлөө хувь нэмрээ оруулах ёстой гэсэн ухамсар бүгдэд нь байдаг. Сайн сайхан зүйлийг бахархан сайшааж, буруу, муу зүйлийг олж гарган илчилж байгаа нь энэ ухамсрын илрэл юм. Гэхдээ сэтгүүлчид буяны ажилтнууд биш. Хэвлэл мэдээлэл бол бизнес. Өвөрмөц бизнес. Нийгмийн сэтгэл зүйг удирдах, олон нийтийн хандлага, төлөвшил бүрдэхэд онцгой нөлөөтэй салбар. Дөрөв дэх засаглал гэсэн хэллэгийг хэрэглэх дургүй. Учир нь, энэ хэллэгийг хэн хэрхэн ойлгож, мэдрэхээс хамаарч зарим нэг нь хаан мэт, зарим нэг нь шүүгч мэт, зарим нэг нь хоточ нохой мэт ааш, хандлага гаргадаг. 
  • “Ардын эрх” сонины редакцид суурилан онлайн мэдээлэл рүү шилжих үе бол “Ардын эрх” сонин маань редакцийн хувьд бэхжиж, чамгүй сайн авторууд, сэтгүүлчдийг ямар ч гэсэн өөрсийн “школ”-аар бэлдээд авчихсан үе байсан. Санхүүгийн хувьд компани хөл дээрээ зогсох хэмжээнд очиж, орлого нь зарлагаа давах торгон агшинд очсон үе байсан. Редакц маань яг бэхжиж, өнгө төрхөө олж байхад шинэ төсөл эхлүүлж бүгдийг бужигнуулах өөрчлөлтийг шууд хүлээн авах амар байгаагүй. Гэхдээ бас орчин цагийн өөрчлөлтийг дагах нь зөв гэсэн дотоод хүний үг сонсогддог байлаа. Харин дараа эргээд бодоход цахим руу шилжих том төслийг тун цагаа олж эхлүүлж, хөрөнгө оруулалт хийсэн нь менежмэнтийн талаасаа маш зөв алхам байлаа. Ямар ч компани тэлэхгүйгээр, үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүйгээр цаашид хөгжих боломжгүй, тогтонги байдалд орох аюултай. “Ардын эрх” сонин дижитал мэдээлэл рүү орж, news.mn сайтыг гаргаснаар өөртөө хэд хэдэн давуу талыг бий болгож чадсан. Нэгдүгээрт, салбарынхаа хөгжлийг түрүүлж мэдэрч, хөл тавьснаараа зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж чадсан, хоёрдугаарт, хөгжлийн дараагийн алхмыг хийснээр сэтгүүлч, авторуудын сэтгэлгээ, харааг тэлж чадсан, гуравдугаарт, салбарын өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлж чадсан. Гэхдээ нэг алхам урд гишгэх нэг хэрэг, хүрсэн байр сууриа хэвээр хадгалах гэдэг нь түүнээс илүү хариуцлагатай, байнгын “түгшүүрийн дохио” болж байлаа.”
  • “Өмнө өгүүлсэнчлэн хэвлэл мэдээлэл бол бизнес. Энэ салбарын бизнес яаж хөгжих ёстой вэ, бизнес модель ямар байх вэ, барууны орнуудын бизнес модель Монголд нутагших уу гэдэг талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцох цаг болжээ. Энэ салбарын хөгжлийг эко системээр нь, цогцоор авч үзэх шаардлагатай. Сэтгүүлчид бид эдийн засаг, нийгмийн бүхий салбар чиглэлийн хөгжилд анхаарал тавьж, энэ салбарыг хөгжүүлэх ийм, ийм орчин нөхцөл шаардлагатай гэж хангалттай бичдэг мөртлөө өөрсдийнх ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, редакц бизнес утгаараа хөгжих орчин нөхцөл байна уу гэдгийг бодох цаг нь ирсэн.”
  • “Фридрих Эбертийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн хүрээлэн 2019 онд хийсэн Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгааны гол дүгнэлт нь энэ салбарынхан ачаалал өндөртэй ажилладаг ч үүндээ тохирсон цалин хөлс авдаггүй гэсэн дүгнэлт юм.”
  • Редакциуд худалдагдсан, улстөрчдийн гар хөл боллоо гэж шүүмжлүүлдэг ч улс төрөө давж сэтгүүл зүйгээ хийх гэсэн хэдэн зуун сэтгүүлч өнөөдөр чадлаараа мачийж байгаа нь бодит үнэн юм.” 
  • ”Улс төр, сэтгүүл зүй хоёр ийнхүү өвөр түрийдээ орсноор сэтгүүлчид бид уншигчдынхаа итгэлийг алдаж, эцэстээ өөрсдөө хохирч үлдэж байгаа юм. Тархи угаалтын кэйс болгон дээр сэтгүүлчид бид factcheck хийж өөрөө өөрсдийгөө илчлэх замаар л салбараа цэвэрлэх гарц байна. Улс төрийн мөнгөөр санхүүжиж байгаа нь салбарын хөгжлийн үндэс болсон чөлөөт өрсөлдөөнийг боомилж, редакциудын дунд тэгш бус байдлыг бий болгож байна.””
  • Улс төрийн мөнгөний санхүүжилтийн салбарт учруулж буй хор хохирол:

-Чөлөөт өрсөлдөөнийг хааж байна

-Редакциудыг дунд тэгш бус байдлыг өдөөж байна

-Олон нийтийн мэдэх эрхийг зөрчиж, нэг чигийн урсгал, нэг түвшний эх сурвалжийн мэдээллээр нийгмийг төөрөгдүүлж байна

-Салбарын нэр хүндийг унагаж, итгэлцлийг байхгүй болгож байна

-Төрөөс хэвлэл мэдээллийг санхүүжүүлэхгүй гэсэн Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн суурь зарчмыг зөрчиж байна”

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending