Монгол Улсын иргэн Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд хүргэх саналд 7 өдрийн дотор 100.000 илүү иргэн дэмжсэн санал өгчээ. Иргэн Г.Занданшатар энэхүү саналаа УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системд байршуулан санал авлаа. Энэхүү цахим систем нь d.parliament.mn гэсэн нэртэй гар утасны аппликейшн бөгөөд УИХ-ын parliament.mn цахим хуудастай үүрэг функцийн хувьд бараг ялгагдахааргүй, зарим талаараа давхардсан болохыг харьцуулан харж болно.

Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийснээс хойш төдийлөн иргэдэд танигдаагүй байсан энэ систем иргэн Г.Занданшатарын саналын ачаар богино хугацаанд олон нийтэд танил боллоо. Нээлтээ хийснээс хойш цахим системийг олон нийтэд таниулах ажлыг УИХ-ын дарга Г.Занданшатар идэвхийлэн хийж ирсэн. Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудад уг цахим системийг танилцуулах уулзалтыг хэд хэдэн удаа хийжээ. НӨАТ-ын буцаан олголтын санал асуулгаас хойш сүүлийн өдрүүдэд маш олон саналыг иргэд тус платформад байрлуулсан харагдана. Тухайлбал, “Цалинтай ээж гэж нэрлэгдэж өжй 50,000-ийг нэмэхийг та дэмжиж байна уу”, “Багшийн цалинг 1000 америк доллар, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалинг 800 америк доллартай тэнцэхүйц болгоё”, “НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50% бууруулах”, “Нийслэл хотын Засаг даргыг иргэдээс сонгогдог болох” зэрэг олон саналыг иргэд гаргажээ. Үүнээс хүүхдээ асарч буй ээжийн цалинг нэмэх саналыг 40 гаруй мянган иргэн дэмжиж, энэ асуудлаар УИХ Ажлын хэсэг байгуулах шаардлагатай болжээ.

“Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан эрхийг хангахад D-Parliament систем олгоно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар платформын нээлтийн үеэр онцолж байжээ. Энэ цахим систем ажиллаж эхэлснээр парламентын 30 жилийн түүхэнд хангалтгүй явж ирсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн санал бодлыг тусгах боломжийг бүрдүүлэхийн сацуу УИХ болон УИХ-ын гишүүдэд иргэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болно хэмээн онцолж байжээ.

Уг платформаар дамжуулан иргэдээс өргөдөл, гомдол, санал авах боломжийг платформ ажиллаж эхэлснээс хойш 3 сарын дараа буюу 2022 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулан нээжээ. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд “391 дүгээр зүйл. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах” гэсэн зүйлийг нэмж эдүгээ олон нийтийн анхааралд өртөөд буй НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх асуудлаар иргэдээс санал авах боломжтой болгожээ.

  • УИХ-ын тухай хуулийн нэмэлт бүрэн эхээрээ:

391 дүгээр зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах

391.1.Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно.

391.2.Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор энэ хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд хэлэлцэнэ:

391.2.1.тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;

391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;

391.2.3.хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол.

391.3.Энэ хуулийн 391.1-д заасан асуултыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11, 109.12, 109.13, 109.14-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

391.4.Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94.2, 94.3, 94.4, 94.5, 94.6-д заасан журмын дагуу хэлэлцэх бөгөөд санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батална.

391.5.Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон 8-д заасан хүрээнд гаргана.

Ийнхүү иргэн Г.Занданшатарын санал нэгэнт хуульд заасан 100.000-аас илүү хүний дэмжсэн санал авсан учраас Г.Занданшатар даргатай УИХ НӨАТ-ын буцаан олголтын хувийг 2-оос 5 хувь болгон нэмэгдүүлэх эсэхийг хэлэлцэхээр болж байна.

Энэ процесс хуулийн дагуу болж байгаа ч зарчимд нийцэхгүй, популист шинж чанар үнэртсэн, ойлгомжгүй ньюансууд байна.

НЭГ.

Монгол Улс 1998 оноос НӨАТ-ын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. 2007 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10 сая төгрөгийн эргэлттэй аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөхөөр хуульчилсан бол 2015 оны шинэчилсэн найруулгаар 50 сая төгрөгийн эргэлттэй компаниуд НӨАТ төлөгч болсон. 2015 оны шинэчилсэн найруулгын хамгийн гол онцлог нь НӨАТ-ын цахим системийг нэвтрүүлсэн явдал бөгөөд ингэснээр НӨАТ нь улсын төсвийн орлогын найдвартай, томоохон эх үүсвэр болсон. НӨАТ-ын хувь хэмжээ анх 15% байж байгаад 10% болгон бууруулсан.

2015 оны хийсэн хуулийн шинэчилсэн найруулгаар Урамшууллын бодлогыг оруулж ирсэн. Урамшууллын бодлого нь 2 зорилготой. Нэгд, иргэдийн эцсийн хэрэглээний худалдан авалтын хоёр хувийг урамшуулал болгон буцаан олгох бөгөөд үүний эцсийн зорилго нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг хянах юм. Хоёр дахь нь НӨАТ төлөгч бус иргэн, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг хянах зорилгоор олгосон баримтад нь НӨАТ бодогдож төлөгдөхгүй ч сугалаанд хамруулах юм. Энэ 2023 оны дүн мэдээгээр 50 мянга орчим НӨАТ төлөгч татварын албанд бүртгэгдсэн байгаа бөгөөд тэдний төлсөн татвар НӨАТ-ын орлогын 80%-ийг бүрдүүлж байна. Харин үүний цаана НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй 300 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж байна гэж тооцдог.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсанаар НӨАТ-ын буцаан олголт авч байгаа иргэдийн бараг 90% нь улиралдаа 40-50 мянга орчим төгрөг авч байгаа ажээ. Үүнийг 5%-иар өсгөн тооцооход 100 мянга хавьцаа байх бөгөөд энэ нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх хэмжээний үнийн дүн биш юм. Гагцхүү 2% байсныг 5% болгож өсгөж өгнө гэсэн нь иргэдийн мөнгө авах сэтгэл зүй дээр тоглосон попрол.

ХОЁР.

Ийм санал асуулгад эсрэг үр дүн гарах бараг боломжгүй. 50 мянган НӨАТ төлөгч өөрөө болон хажуугийнхаа нэг хүнээр дэмжсэн санал өгүүлэхэд 100 мянга өлхөн хүрнэ. Санал асуулгыг УИХ дээр ирэх 2024 оны төсвийн төсөл өргөн баригдаж хэлэлцэж эхлэх цаг үетэй давхцуулсан нь эрхгүй анхаарал татна. Хэрэв дэмжигдсэн саналын дагуу НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг УИХ-ын дарга хойшлуулшгүй горимоор хэлэлцүүлэн батлуулвал Засгийн газраас нэгэнт боогдож орж ирсэн төсвийг задлах хэрэгтэй болно. Тиймээс ч Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх тооцоо судалгааг байгаа эсэхийг лавласан гишүүдийн асуултад “санаачилсан хүнээс нь асуу” гэсэн хариултыг өгсөн. 2024 оны төсвийн төсөлд буцаан олголтод 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд бөгөөд хэрвээ 5% болгон өсгөвөл энэ тоо 600 тэрбум давна.

ГУРАВ.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн Г.Занданшатарын нэрээр төсөв хэлэлцэх энэ цаг үеэр Засгийн газарт ийм шахалт үзүүлэх ямар шаардлага байна вэ? Санал асуулгын томъёолол дээрээ НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах гэсэн байсан ч нэгдсэн чуулган дээр хийсэн тайлбараар хуульд өөрчлөлт оруулахгүйгээр НӨАТ-ын 30 хүртэл хувийг буцаан олгоно гэсэн хуулийн заалтаар бамбай хийлээ.

Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тэмцэгч 5-ын шахалтаар суудлаас нь буулгасан өмнөх спикер М.Энхболдын орыг залгаснаас хойш улс төрд төдийлөн тодорч харагдахгүй байгаа Г.Занданшатарын хувьд энэ алхам түүний дүрийг нийгэмд дүрийг товойлгон гаргаж ирлээ. Ялангуяа КОВИД-ын цар тахлын үед үүрэг функцээ Засгийн газарт атгуулчихсан байсныг дурдах хэрэгтэй.

Ээлжит сонгууль болоход 7-8-хан сар үлдсэн үед спикер Г.Занданшатар иргэний эрхээ тултал ашиглаж чадлаа. Гэвч спикер Г.Занданшатар иргэн Г.Занданшатарын эрхээ ингэж эдлэх нь ёс зүйгүй үйлдэлд тооцогдоно.

ДӨРӨВ.

Өнөөдөр /2023.10.23/ болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны талаарх мэдээлэл өгөхдөө бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. “Иргэд санал өгсөн бол үүнийг хуульд заасан ном журмаар нь явуулна. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлага байхгүй. Ирэх оны төсөв ид хэлэлцэгдэж байна. D-Parliament платформаар иргэдээс санал авч байгаа журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Иргэд ямар ч хуулийн төслийг санаачилж болно. Харин татвартай холбоотой болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлснийг харахад спикерийн санаачилгад эрх баригч нам шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending