Гаалийн тарифаа бууруулж өгөөч гэсэн монголчуудын олон жил тавьж ирсэн хүсэлтэд Оросын тал нааштай хандахаар болж байна. Улаанбаатар хотноо 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 25 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын нэг нь гаалийн тариф байлаа.

Хуралдааны үр дүнгийн хамтарсан протоколоос гадна 6 баримт бичигт хоёр талын холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичгүүдийг дурдвал,

Нэг. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Гаалийн алба хоорондын эрсдэлийн удирдлагын хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ,

Хоёр. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Гаалийн алба хооронд итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,

Гурав. Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль “МЭИ” (Москвагийн Эрчим хүчний их сургууль) хамтран Зорилтот сургалтын төв байгуулах тухай санамж бичиг,

Дөрөв. Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Динамик систем, онолын удирдлагын хүрээлэн хоорондын Шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээр,

Тав. Монгол Улсын Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургууль хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг,

Зургаа. Монгол Улсын ЭМЯ-ны харъяа Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хотын Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн шинжлэх ухааны төв хамтран Сэлэнгэ аймагт хачигт халдварын судалгааны хамтарсан төв байгуулах тухай санамж бичиг зэрэг болно.

Хуралдааныг Монголын талаас ахалсан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хэвлэлд мэдээлснээр энэ удаагийн хуралдаан амжилттай болж өндөрлөсөн бөгөөд хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын экспортын бүтээгдэхүүнд Оросын талаас ногдуулах гаалийн тарифыг бууруулах чиглэлд тодорхой алхам хийхээр санал нэгдсэнийг онцоллоо.

“Дөрвөн нэр төрлийн бүлэгт хамаарах 894 бараа, бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг бууруулах асуудлыг нарийвчлан судалж ойрын үед үр дүнг танилцуулахаар тохирлоо. Санхүүгийн салбарт ахиц гаргахаар боллоо. Хоёр улсын хооронд худалдааны хамтын ажиллагаа өргөжөөд ирмэгц яах аргагүй банк хоорондын гүйлгээг шийдэх шаардлагатай болж байна. Монгол Улс ОХУ-аас тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг, тухайлбал, нефтийн бүтээгдэхүүн, тэсэлгээний материал, бордоо зэргийг тогтмол худалдан авдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг тогтвортой, найдвартай нийлүүлэх тал дээр харилцан тохиролцлоо. Хоёр орны хамтарсан сургуулиудын хууль эрх зүйн орчныг ойлгомжтой болгох чиглэлд хийх ажлуудыг тохирлоо. Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн харилцаа өргөжиж байгаатай холбоотойгоор “УБТЗ” хамтарсан компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр зам, мөн баруун болон зүүн чиглэлийн шинэ төмөр замын төсөлд хамтран ажиллах саналыг тавилаа. Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээнүүдийг эцэслэж, ойлголцож тохиролцох хамтарсан ажлын хэсгүүдийг гарган шуурхайлахаар ярилцлаа. Татвар бууруулахтай холбоотойгоор хил дамнасан худалдааны асуудлыг өргөн хүрээтэй ярилаа. 1000 евро хүртэлх үнийн дүнтэй худалдаанд татвар ногдуудахгүй байх боломжийг бүрдүүллээ” хэмээн мэдэгдлээ.

Оросын талаас хуралдааныг даргалсан ОХУ-ын Шадар сайд хатагтай Виктория Абрамченко хуралдааны үр дүнгийн талаар мөн мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн жилийн хуралдаанаар тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх өргөн хүрээтэй ажил хийгдсэнийг онцолж хэлье. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрхүү, Буриад, Алтай, Өвөр Байгалийн хязгаарын Амбан захирагч нарт талархал илэрхийлье. Хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийн статусыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцлоо. Ийм статус бүхий аж ахуйн нэгжүүдэд ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гаалийн хялбаршуулсан коридорыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагчийн оролцоогүй байх юм. Евразийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны бүс байгуулах талаарх түр хугацааны угтвар гэрээг боловсруулах ажлыг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Хэдийгээр холбогдох баримт бичиг зурагдаагүй ч Монголд үйлдвэрлэсэн арьсан бүтээгдэхүүн, ноолуурын эдлэлийг Оросын цахим худалдааны платформаар дамжуулан Оросын зах зээлд нийлүүлэх боломжийг олгохоор ярилцлаа. Тухайлбал, цахим худалдааны ozon.ru платформын төлөөлөгчид энэ асуудлаар одоо Монголд ажиллаж байна. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тухайд бага оврын цөмийн цахилгаан станц байгуулах боломжтой гэдгээ Оросын тал илэрхийллээ. Цөмийн цахилгаан станц барих хангалттай туршлага, технологитой Оросын хувьд хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр харагдаж байна. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ оны сүүл гэхэд Монгол, Оросын харилцан зорчсон иргэдийн тоо цар тахлын өмнөх буюу 500 мянгад хүрэх тооцоотой байна. Орос, Монгол, Хятад гурван улс хамтран хил орчмын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” маршрутыг бий болгохоор бэлдэж байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн нэг чухал хэсэг нь Оросын жуулчдад бэлэн бус төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх, тухайлбал, Оросын төлбөр тооцооны “Мир” картыг ашиглах, эсвэл үүнтэй адилтгах төлбөр тооцооны хэрэгслийг олох явдал юм” хэмээн хатагтай В.Абрамченко хэллээ.

Улаанбаатарт газардахын өмнө Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хатагтай В.Абрамченко Монгол-Оросын хамтарсан “УБТЗ”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд ирэх 2024 оны эхний хагаст багтаан ачааны 4 зүтгүүр нийлүүлэх бөгөөд үүнд ОХУ-ын төсвөөс 2 тэрбум рубль гаргахаар тусгасан хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр 2023 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад “УБТЗ”-ын ачаа тээвэр 23%, чингэлгийн транзит тээвэр 40% нэмэгджээ.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending