Хятад улсын даргаар ажилласнаас хойш Ши Жиньпин дарга анх удаагаа өнгөрсөн Мягмар гаригт /2023.10.24/ Төв банкинд очсоныг Bloomberg мэдээлсэн. Ши даргыг очсоны дараахан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо мэдэгдэл гаргаж, 1 их наяд юань буюу 139 тэрбум ам.долларын бонд гаргахаар шийдвэрлэснээ зарлалаа.

Энэ нь Хятадын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулахын тулд олон жил хийгээгүй байсан төсвийн тодотгол боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Хятад улс төсвийн тодотголыг сүүлийн удаа 2008 онд Сычуанийн гамшигт газар хөдлөлтийн дараа хийж байжээ.

Бондыг энэ зун үерт болон хар шуургад нэрвэгдсэн бүс нутгуудын өсөн нэмэгдэж байгаа өрийн дарамтыг бууруулах, газрын төлөвлөсөн худалдааны орлого нь тасалдсан мужуудад зарцуулна хэмээн Байнгын хорооны мэдэгдэлд дурджээ.

Хэдийгээр Байнгын хорооны мэдэгдэлд бондын зарцуулалтыг ийн тайлбарласан ч энэ зун Хятадын бүс нутгуудад учирсан байгалийн гамшиг нь 2008 оны газар хөдлөлт, эсвэл КОВИД-19-ийн учруулсан хохиролтой харьцуулахааргүй бага учраас бондын жинхэнэ зарцуулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтворжуулахад зориулагдсан хэмээн Citi Research байгууллагын шинжээчид байр сууриа илэрхийлсэн байна.

Бондын 500 тэрбум юанийг энэ оны сүүлийн улиралд, үлдсэнийг ирэх онд гаргах бөгөөд орон нутгийн удирдлагуудад өөрт ногдсон 2024 оны квотоо оноос өмнө дотоодын эрэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зарах эрхийг олгожээ.

Энэ оны II улиралд 6,3%-тай байсан Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн улиралд 4,3% руу буурсан. Энэ нь хэдийгээр дэд бүтцийн өндөр өртөг бүхий томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсээр байгаа ч үл хөдлөхийн зах зээлд үүссэн таагүй байдалтай холбоотой.

Ипотекийн хүүг бууруулж, орон сууцны худалдан авалтыг дэмжихийн оролдсоор байгаа ч оны эхний 9 сарын хугацаанд үл хөдлөхийн борлуулалтын хэмжээ буурсаар байна.  

Бонд гаргах шийдвэр нь 2023 онд өсөлтийг 5%-д хүргэх Бээжингийн зорилгыг хангахад сайнаар нөлөөлнө хэмээн Goldman Sachs мэдэгджээ.

Хятадын эдийн засаг таагүй байгааг илтгэх өөр нэг үзүүлэлт нь Хятадаас гадагшилж байгаа хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байгаа явдал юм. Өнгөрсөн есдүгээр сарын дүнгээр Хятадаас гадагшилсан хөрөнгийн хэмжээ 53,9 тэрбум ам.доллар байсан нь сүүлийн 7 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болсныг Nikkei тэмдэглэжээ. Хөрөнгө гадагшилж байгаа нь хоёр урсгалтай байгаа бөгөөд эхнийх нь гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа хумиж байгаа бол нөгөө урсгал нь баян хятад иргэд хөрөнгөө гадаадын банкууд руу шилжүүлэх, гадаад оронд үл хөдлөх эсвэл бизнес худалдан авч байгаа юм.

Nikkei-н мэдээлсэн 53,9 тэрбум ам.долларын эх сурвалж нь Хятадын Гадаад валютын худалдаа эрхэлсэн албаны статистик юм. Салбараар нь авч үзвэл барилгын салбараас татсан хөрөнгө хамгийн өндөр буюу 26,2 тэрбум ам.доллар байсан нь 2010 оноос хойш тус салбарт тохиолдоогүй үзэгдэл болжээ.

  • Энэ тоог монголчууд анзаарч харах шаардлагатай. Хятадын барилгын салбарын хөрөнгө оруулалт татарна гэдэг нь гангийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гарцад шууд нөлөөлнө, гангийн үйлдвэрлэлийн гарц буурах нь үндсэн түүхий эд болсон коксжих нүүрсний хэмжээнд нөлөөлнө. Харин Монголын төсвийн гол орлого болж байгаа нүүрсний орлогын дийлэнх нь коксжих нүүрсний экспортын орлого.

Гадаадын хөрөнгө оруулагчид Хятад дахь хөрөнгөө зарах нь ихэссэнийг Японы Dai-ichi Life Research Institute онцолсон байна. Хөрөнгөө зарж байгаа компаниудын чамгүй хувь нь олборлох салбарт байгаа нь ч анхаарал татаж байна.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending