Ирэх 2024 оны төсвийн төслийг УИХ ид хэлэлцэж байна. Процедурын хувьд энэ 7 хоногт хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэж байна.
Засгийн газраас өргөн барьснаар ирэх 2024 онд:
-Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг,
-Төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг,
-Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөгт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -2.8% байхаар тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр 2024 оны төсөв нь энэ 2023 онтой харьцуулахад 5 их наядаар тэлж байгаа юм.


2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Мөн Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-д эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.
Иймд, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх, тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцэж буй ч улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 71.0 хувь нь төсвийн төсөлд байгаа нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бүрэн тусгагдаагүй байна.
Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.
Түүнчлэн гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн зарлагын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 48.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай.
Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх, төсвийн төлөвлөлтийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг төсвийн алдагдлыг 2 хувиас бага байлгах эдийн засгийн зохист харьцааг баримтлан төсвийн тогтвортой байдлын үндсэн зарчмыг хангаж, төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байхыг мэдэгдэж байна.
Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах, барилга байгууламжийн зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулж эрсдэл үүсгэхгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих, Төсвийн төслийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн эсэх хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах нь чухал байна.
Түүнчлэн гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам, арга аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах гэсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
ХҮН намаас 2024 оны төсвийн төсөлд өгч буй зөвлөмж
ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогод дүн шинжилгээ хийж, дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:
- Гадаад нөхцөл байдал улам тодорхойгүй болж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа тул манай хөдөө аж ахуйн салбар агшиж болзошгүй.
- Нүүрсний экспортын биет хэмжээ, үнийн түвшин буурах эрсдэлтэй. Иймд төсвийн зардлыг танаж, төсвийг алдагдалгүй батлах,
- Хувийн секторыг дэмжсэн мөнгөний бодлого явуулах,
- Төсөв мөнгөний бодлогоо харилцан уялдуулж, 2026 он хүртэл инфляцыг нэг оронтой тоо руу оруулах,
- Сонгууль угтсан, халамжийн бодлого биш, урт хугацаанд өгөөжөө өгөх, томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх,
- Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод болгох, эдгээр компанийг ХК болгон, төсөвт орлого оруулдаг болгох гэсэн зөвлөмжийг өглөө.
“Нээлттэй нийгэм форум”-аас 2024 оны төсвийн төсөлд өгч буй санал, зөвлөмж
“Нээлттэй нийгэм форум”-аас 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт Сангийн яамны зүгээс “Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл”, Үндэсний Аудитын газраас “Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудит” сэдвээр танилцуулга хийлээ. Мөн судлаачдын зүгээс 2024 оны төсөв дэх уул уурхайн салбарын орлого төлөвлөлт, төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлт, төслүүдийн Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй уялдах байдал, хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээнүүд болон 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, өргөн барих зохицуулалтын дүн шинжилгээний дүнг танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс 2024 оны төсвийн төлөвлөлтийн тухайд УИХ, Засгийн газарт хандан дараах анхаарах асуудлыг хөндөж, саналуудыг гаргалаа. Үүнд:
Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд:
- Улсын хүн амын 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын утаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа тул утааг бууруулах чиглэлээр дорвитой төсөл, арга хэмжээ тусгах;
- 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 70 гаруй төсөл “Улсын хэмжээнд” гэж байршил, хүчин чадал тодорхойгүй төсөвт тусгасныг тодорхой байршил, хүчин чадлыг тусган тодорхой болгох;
- “Шинэ хөдөө” төслүүдийн хүрээнд ямар ажил хийгдэхийг тодорхой тусгах;
- Бяслагийн үйлдвэр, хүнсний ногооны зоорь барих зэрэг хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зохисгүй тул эдгээр төслийг хасах;
- Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбар, залуучуудад нэн тулгамдсан асуудлууд байсаар атал тоног төхөөрөмжийн худалдан авалтад ихээхэн зарлага төлөвлөснийг бууруулах; Тухайлбал УИХ-ын Тамгын газрын тоног төхөөрөмжид 19 тэрбум төгрөг төсөвлөжээ. Яамд компьютер, програм хангамжаа жил бүр солихоор төлөвлөж буйг танах;
- Аялал жуулчлалын цогцолбор нэрийн дор хөшөө барих төслүүд төсөвт тусгасныг хасах;
- Залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл, арга хэмжээг тусгах;
- Шинээр хэрэгжүүлэх ижил хүчин чадалтай барилгуудын төсөвт өртгийн хэлбэлзэл өндөр байгааг анхаарах;
- Барилга байгууламжийн ажил удааширснаар элэгдэлд орж, чанар нь муудаж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж буй бөгөөд олон жил үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгахад анхаарах;
- Улсын төсөвт гол, нуурын урсацыг сайжруулах чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Орон нутгийн засаг, захиргаа эдгээр гол, нуурын ашиглалтаас орлого олдог. Энэ орлогоос буюу орон нутгийн төсвөөс эдгээр төслийг санхүүжүүлэх боломжийг судлах;
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 суудалтай сургуулийн барилгын ажил удаашралтай байгаа бөгөөд алслагдсан сумдад барилга байгууламж ашиглалтад орохгүй удаж буйд анхаарах;
Урсгал зардлын хувьд:
- Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь инфляцыг өсгөж, худалдан авах чадварыг бууруулах сөрөг үр дагавартайг анхаарах;
Төсвийн орлого төвлөрүүлэлтийн хувьд:
- Далд эдийн засгийг ил болгох чиглэлээр арга хэмжээ авах гэсэн санал, зөвлөмжүүдийг оролцогчид өгсөн юм.





Leave a comment