ОХУ-ын Дагестаны нийслэл Махачкала хотын нисэх буудлын байр болон нислэгийн талбай руу дайран орсон хэрэг аравдугаар сарын 29-ны орой гарлаа. Орон нутгийн цагаар оройн 19.17 цагт Тель-Авив-Махачкала чиглэлийн Red Wings авиакомпанийн нислэг Махачкала хотын онгоцны буудалд газардсан байна.

Онгоц газардахаас өмнө олон дагестан иргэн онгоцны буудлын гадаа цугларч, Израилийн онгоцыг буулгахгүй байхыг уриалж байжээ. Тэдний зарим нь Палестины далбааг барьсан байсан хэмээн Meduza суваг мэдээлсэн байна. Meduza бол Кремлийн дэглэмд захирагдалгүй Оросын талаарх мэдээллийг түгээж байгаа сөрөг хүчний цөөн сувгийн нэг юм.

Тус сувгийн мэдээлснээр өмнөх өдөр нь буюу аравдугаар сарын 28-нд Дагестаны Хасавюрте хотын нэгэн зочид буудалд Израилийн дүрвэгчдийг байрлуулсан гэсэн яриа гарч зочид буудлын гадна олон хүн цуглан Израилийн эсрэг байр сууриа илэрхийлжээ. Үүний дараа нийслэл Махачкала хотын Ленины нэрэмжит төв талбайд иргэд ямар ч зохион байгуулалтгүйгээр цугларч Израилийн эсрэг байр суурийг илэрхийлжээ. Мөн өдрийн оройн сошиал сүлжээгээр “Израилаас маргааш шууд нислэгээр дүрвэгсэд ирнэ, тиймээс онгоцны буудалд ирж, онгоцыг буулгахгүй байх хэрэгтэй” гэсэн уриа тарсан хэмээн Meduza мэдээлжээ.

Дагестаны удирдлага цагдаа болон Росгвардийг яаралтай дайчилж, онгоцны буудал руу дайран орсон иргэдийг зогсоосон байна. Хүчнийхэн юун түрүүн онгоцны буудалд гар утасны холбоог тасалсан хэмээн мэдээлж байна. Хэдэн хүнийг баривчилсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч дайран орсон хүмүүсийг баривчилж, гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явчээ. Эмнэлэг рүү авч явсан хүмүүсийн дунд энгийн иргэд болон цагдаагийнхан байгаагаас харахад тэдний дунд мөргөлдөөн болсон гэсэн таамгыг хийгээд байна.

Махачкала хотын онгоцны буудлын үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай зогсоон, нөхцөл байдлыг тогтворжуулахаар ажиллаж байна хэмээн Дагестаны тэргүүн Сергей Меликов РИА Новости агентлагт ярьжээ. Махачкалад буух ёстой нислэгүүдийг Дагестаны бусад буудлууд руу шилжүүлжээ.

Тель-Авивын онгоцын дараахан газардсан Дубай-Махачкала чиглэлийн онгоц зорчигчдоо буулгаж чадалгүй 3 цаг болжээ.

Дагестаны тэргүүн Сергей Меликов онгоцны буудлын үймээнд оролцсон хүмүүсийг “Оросын дайснуудаар удирдуулсан экстремист хүчнийхэнд өөрсдийгөө ашиглуулсан” хэмээн хэлжээ.

Израилийн Red Wings нь Махачкала руу 7 хоногт хэд хэдэн удаа тогтмол нислэгтэй авиакомпани юм.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending