БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көцяныг өнөөдөр /2023.11.02/ эцсийн замд нь үдлээ. Хятадын өнөөгийн удирдагч Ши Жиньпинтэй хамт мөр зэрэгцэн улс төрийн карьер хийж, Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар томилогдсон 2013 оноос энэ оны гуравдугаар сар хүртэл Ерөнхий сайд нь байсан Ли Көцяны гэнэтийн үхэл Бээжингийн хөшигний ар дахь улс төрд шинэ үзэгдэл нэмлээ.

Ли бол Ши Жиньпиний мөнхийн өрсөлдөгч байсан. Энэ хоёр хоёул Хятадын удирдагч асан Ху Жинтао даргын хүрээлэлд багтдаг, хэн нэг нь Ху даргын орыг залгах нь ойлгомжтой байсан. Гэхдээ Ли Хятадын Коммунист нам дахь Ши-гийн фракцад харъяалагдаж байгаагүй. Чухам энэ нөхцөл байдалтай холбоотой элдэв яриа Ли-гийн гэнэтийн үхлийг тойрон эргэлдэж байна.

Өнгөрсөн оны намар Бэйдайхэд болсон намын ахмадуудын уулзалтын үеэр Ши даргад хаягласан ширүүн шүүмжлэлийн ард чухамхүү Ли Көцян байсан хэмээн Хятадын улс төрийн хүрээнийхэн сэжиглэдэг. Бэйдайхэгийн уулзалтаас хойш хөшигний ар дахь улс төр буцалсан болохыг түүнээс хойш өрнөсөн үйл явдлууд нотолдог.

Ли бол Хятадын эдийн засгийг нээлттэй, чөлөөт урсгалд оруулсан Дэн Сяопины бодлогыг тууштай дэмжигч Ху Жинтаогийн залгамж байсан. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон ХКН-ын их хурлын индэрт Ши Жиньпин зүүн талд зэрэгцэн сууж байсан 80 настай Ху Жинтаог заалаас албадан гаргасан үйл явдал болсон. Ху заалаас гарахдаа Ши-гийн баруун гар талд сууж байсан Ли Көцяны мөрөнд хүрээд гарч байгаа нь гэрэл зурагт хадгалагдан үлдсэн байдаг. Ху даргын энэ үйлдэл Ли-гээс аврал хүссэн үү, эсвэл байр сууриндаа хэвээр бай гэсэн хүч өгөх гэсэн үйлдэл үү? Өнөөдрийн үйл явцыг харахад хоёр дахь нь буюу үйл хэрэгтээ үнэнч бай гэсэн санаа байсан байж болох юм.

Энэ зун Гадаад хэргийн сайд Цинь Ган, ердөө хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Ли Шанфу нарыг албан тушаалаас нь огцруулсан нь араасаа олон асуулт үлдээсэн үйл явдал болсон.

Ийм үед Ерөнхий сайдаар Ши даргын дэргэд 10 жил ажилласан Ли Көцян гэнэт таалал төгссөн нь хариултгүй асуултыг нэмлээ. ХКН-ын жишгээр чөлөөндөө гарсан намын удирдах албан тушаалтнууд байнгын хамгаалалт, халамжинд байдаг. Тэр тусмаа эрүүл мэндийн үйлчилгээ, хяналтыг тасралтгүй үзүүлдэг. Тиймээс ч чөлөөнд гарсан Хятадын удирдлагуудаас Ли шиг харьцангуй залуу 68 насандаа мөнх бусыг үзүүлсэн нь ховор, багадаа 80, цаашлаад 90 илүү наслах нь түгээмэл үзэгдэл. Өнгөрсөн наймдугаар сард Ли дэлхийн өвд багтдаг Хятадын баруун хойно оршдог Дуньхуань дахь Могао агуйг үзээд явж байхдаа эрүүл саруул харагдсаныг гадаадын хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд сануулж байна.

Гэтэл өнгөрсөн Баасан гаригийн орой буюу аравдугаар сарын 26-ны орой гэнэт зүрхний шигдээс болж, 27-ны өдрийн 00.10 цагт зүрх нь зогссон, эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч аварч чадаагүй хэмээн Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлсэн. Ли-г эмнэлэгт аваачсан эсэх талаар тодорхой мэдээлэлгүй, гэртээ амьсгал хураасан нь Хятад дотроо эмнэлгийн тусламж үйлчилгээгээр толгой цохидог Шанхай хотод ийм явдал болсон нь эрхгүй анхаарал татна.

Ли ба Ши

Ши, Ли хоёрын улс төрийн тэмцэл аль эрт Ху Жинтаог хэн залгамжлах вэ гэдэг асуулт тавигдаж байсан 2007 оны их хурлын үеэс эхэлсэн гэж үздэг. Олон хүн Ли-д илүү боломж байгаа гэж үзэж байсан Учир нь, Ли Ши-гээс илүү Ху-д ойр байсан, насны хувьд Ши-гээс хоёр насаар дүү, ХКН-ын Залуучуудын байгууллагадаа нэр хүндтэй байсан. Харин Ши бол ХКН-ын удирдах албан тушаалтны удам залгамжилсан ханхүүд тооцогддог, намын хоёр дахь үеийн удам залгах хүүхдүүдийн бүлэгт хамаардаг байсан.

2007 оны их хурлаар Ли, Ши аль аль Улс төрийн зөвлөлийн Байнгын хорооны гишүүн болцгоосон ч албан тушаалын рангийн хувьд Ши нэг шат илүү болсон нь Ху Жинтаог залгамжлах замыг нь зассан гэж үздэг.

Ли Көцяныг шарилыг Бээжинд авчран чандарласан бөгөөд сүүлчийн замд үдэж төрийн далбааг бөхийлгөх шийдвэр гаргасан. Зарим хүн талийгаачийг сүүлийн замд нь илүү хүндэтгэлтэй үдэх ёстой байсан, тухайлбал, төрийн оршуулга зарлах ёстой байсан гэж үзэж байгаагаа бичиж байна.

Ли Көцяныг нас барсан мэдээг дуулсан олон иргэн гашуудан, түүний төрсөн хот, бага, залуу насаа өнгөрөөсөн хотуудад хэдэн зуугаараа цэцэг өргөхөөр жагссан нь Ши-д болгоомжлол төрүүлж байгаа нь ойлгомжтой. Ли Аньхуа мужийн Хэфэй хотод төрсөн, түүний төрсөн гэрийн гадна маш олон хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд цуглажээ. Гашуудлаа илэрхийлэх гэсэн хүний тоо дэндүү их байснаас цагдаагийнхан зохицуулах шаардлага гарсан байна.

Хэфэй хотын Шинжлэх ухаан, технологийн сургуульд 1986 ардчилсан залуучуудын хөдөлгөөн анх үүсч, энэ хөдөлгөөн эцсийн дүндээ 1989 оны Тянь Ань Миний хэрэг явдал руу хөтөлсөн. Тухайн үедээ намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ху Яобан Хэфйэн оюутнуудын хөдөлгөөний эсрэг шийдэмгий арга хэмжээ аваагүй гэж буруутгагдан 1987 онны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцорсон. Ху Яобан намын залуучуудын байгууллагын гишүүн байхдаа ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд албан тушаалаасаа огцорсноос хоёр жилийн дараа 1989 онд дөрөвдүгээр сарын 19-нд гэнэт ухаан алдан унаж, сэргэж чадалгүй амьсгал хураасан. Ху Яобангийн үхэл оюутны ардчилсан хөдөлгөөнд шинэ давалгаа өгч, Тянь Ань Мин рүү хөтлөн, улмаар эмгэнэлтэйгээр төгссөнийг дэлхий нийт мэднэ.

Сонирхолтой нь өнөөгийн Ши даргын аав Ши Жунсюнь Улс төрийн зөвлөлийн гишүүн байсан бөгөөд Ху Яобаныг өмөөрч Дэн даргатай ам зөрж байжээ. “Нөхөр Ши Жунсюнь Дэн Сяопин даргыг тулаанд дуудсан. Энэ бол ганцаарчилсан тэмцэл байсан. Түүний хүчээр Ху Яобаныг огцруулах нэгдсэн хуралдааныг 10 хоногоор хойшлуулж байсан. Энэ тэмцэл Ши Жунсюнийг эрүүл мэндийг илтэд муутгасан юм” хэмээн тухайн үед Улс төрийн зөвлөлийн гишүүн байсан ахмад сүүлд дурссан байдаг ажээ.

Ли Көцяны залуудаа ажиллаж байсан Хэнань мужийн нийслэл Жэнчоу хотод мөн олон хүн гашуудлаа илэрхийлэн, ажиллаж байсан намын байрных нь гадаа цугласан. Цугласан олноос хэн нэгэн нь намын байрны ханан дээр Ли Көцяны Ерөнхий сайдаас огцрохдоо хэлсэн “Хүний хийсэн үйлдэл болгоныг тэнгэр харж байдаг. Тэнгэр нүдтэй” гэсэн үгийг бичжээ. Ли Көцяны энэ үгийг намын цензурт оруулан тухайн үедээ олон хүргээгүй хэмээн Nikkei тоймдоо бичжээ.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending