Хятадтай хамтран том оврын, хоёр коридор бүхий зорчигчийн бүхээгтэй онгоц үйлдвэрлэх ОХУ-ын хүсэл талаар боллоо. Зөвлөлтийн үеэс хойш ОХУ ийм том оврын онгоц дотооддоо үйлдвэрлээгүй байгаа бөгөөд энэ төсөлд ихээхэн найдлага тавьж байсан юм.

Иргэний агаарын тээвэрт дэлхийд ноёлж буй Boeing болон Airbus онгоцтой өрсөлдөхүйц өөрийн CR929 онгоц үйлдвэрлэх том төслөө БНХАУ 2017 оноос эхэлсэн. Төсөлд оролцогч нэг түнш нь ОХУ байна гэдгийг тухайн үедээ Хятадын тал зарлаж байсан.

Төслийг хэрэгжүүлэгч Хятадын төрийн өмчийн Commercial Aircraft Corporation of China (COMAC) компани онгоц үйлдвэрлэх явцынхаа талаарх мэдээлэлдээ Оросын нэрийг дурсахаа больжээ хэмээн South China Morning Post хоёр хоногийн өмнө мэдээлсэн байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Хятадын Агаарын тээвэрлэгчдийн анхдугаар хурлыг зохион байгуулсан бөгөөд хуралд агаарын тээвэр эрхлэгчид, агаарын тээврийн дагалдах үйлчилгээ эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид зэрэг 150 гаруй байгууллага, компанийн төлөөлөл оролцсон байна.

Энэ хуралд Commercial Aircraft Corporation of China компанийн дэд ерөнхийлөгч Ци Сюэфэн CR929 төслийн талаар мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр 280 зорчигчийн багтаамжтай дотоодын анхны том оврын авиалайнерийн ажил амжилттай үргэлжилж байгааг онцлолсон байна. Нэг онгоцны бүтэх өртөг 50 тэрбум ам.доллар байх ажээ.

Төслийг анх эхэлж байх үед ОХУ-ын Агаарын тээврийн нэгдсэн корпорац энэхүү төсөлд, тэр дундаа онгоцны хөдөлгүүрийг бүтээх ажилд оролцоно хэмээн яригдаж байсан юм. Энэ төсөл нь цэвэр дотоодын төсөл гэдгийг Ци Сюэфэн онцлон тэмдэглэж, Оросын хамтын ажиллагааны талаар огт дурдаагүй байна. Өнгөрсөн есдүгээр сард CR929 онгоцны тусгай лабораторийг нээсэн бөгөөд нээлтийн үеэр үг хэлсэн компанийн удирдлагууд ч Оросын түншлэлийн талаар дурдаагүй байна. Харин ч тэд хэлсэн үгэндээ “Технологийн хувьд бид өөрөө өөрийгөө хангаж чадлаа”, “инновацийн боломжуудыг бие даан шийдлээ” гэдгийг онцолж байсан нь салбарынхны анхаарлыг татаж, уг төсөлд ОХУ оролцохгүй болжээ гэсэн ойлголтыг төрүүлээд байсан ийнхүү нотлогдож байна.

Онгоцыг CR929 гэж нэрлэсэн ч учиртай. CR гэсэн хоёр үгний товчлол China-гийн С, Russia-гийн R үсэг юм. Энэ оны зун Дубайд болсон агаарын тээврийн шоуд уг онгоцны загварыг толилуулсан бөгөөд загварын онгоцон дээр CR929 товчлол байжээ. Харин одоо COMAC компани онгоцоо C929 гэж нэрлэх гэж байгаа тухай South China Morning Post мэдээлжээ.

Төсөл эхлэх үеэс Хятад, Орос хоёрын хооронд харилцан тохиролцож чадахгүй асуудлууд байсаар байжээ. Тухайлбал, онгоцыг дотоодын зах зээлдээ худалдсан нөхцөлд онгоцны төлбөрийн орлогоос Оросын талтай хуваалцахаас хятадууд татгалзаж, үүний оронд гадаад зах зээлд борлуулсан онгоцны орлогоос 70%-ийг амалж байжээ. Зах зээлийн эрэлтээс харахад Хятадын шинэ онгоц гадаадын биш дотооддоо борлогдох магадлал өндөр байгаа юм.

ОХУ-ыг онгоцны төсөлд оролцуулахгүй байхад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь Украинд дайн хийсний улмаас барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьж, Украины дайн сунжрах тусам хоригоо чангатгасаар байгаа нь нөлөөлсөн хэмээн салбарын шинжээчид байр сууриа илэрхийлжээ.

Хэдийгээр энэхүү онгоцыг Хятад дангаар бүтээсэн гэж байгаа ч оросуудтай хамтрахаар төлөвлөж байсан онгоцны зарим эд ангийг барууны орнуудаас авсан байна. Тухайлбал, хөдөлгүүрийг бүтээх ажилд Rolls-Royce болон General Electric компаниудыг татан оролцуулсан бол зөөвөрлөгч жижиг төхөөрөмжүүдийн дугуйнуудыг Герман болон АНУ-аас захиалж авчээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Борисов өнгөрсөн 2022 оны зургадугаар сард зохиогдсон “Ирээдүйн инженерүүд” форумд үг хэлэх үеэрээ Хятадтай хамтран онгоц үйлдвэрлэх төсөл “бидний хүссэнээр болохгүй байна, Хятад аж үйлдвэрийн гигант болох тусам бидний оролцоо буурч байна” хэмээн хэлж байжээ.

Онгоцны төслөөс ОХУ-ыг хассан нь Хятадын зүгээс Оростой хамтрахаас татгалзсан хоёр дахь том төсөл болж байна. Эхнийх нь байгалийн хийн хоолойн төсөл. ОХУ-аас Монголын нутгийг дайруулан Хятад руу татах хийн хоолойн төсөлд Бээжин өнөөг болтол хариу өгөөгүй байгаа юм. Хоригийн улмаас Европын орнууд руу нийлүүлж байсан хийн экспортоос олж байсан орлогоо алдсан, энэ алдагдлаа нөхөхийн тулд ОХУ-д “Сила Сибири-2” гэсэн энэ төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Орос 2019 оноос Хятадын зүүн хэсэгт “Сила Сибири-1” төслийн хүрээнд хийн хоолой татаж хий нийлүүлж байгаа, мөн Алс Дорнодын маршрутаар хийн хоолой татах төслийг эхлүүлж байгаа. “Сила Сибири-1” хоолойн хүчин чадал 30 гаруй тэрбум шоо метр, Алс Дорнодын хоолойн төслийн хүчин чадал 10 тэрбум шоо метр. Харин “Сила Сибири-2” буюу Монголын нутгаар дамжуулах төслийн хүчин чадал 50 тэрбум юм. “Сила Сибири-2” төсөл хэрэгжиж байж Орос Украины дайнаас өмнө Европын зах зээлээс олж байсан экспортын орлогоо олох боломжтой.

Өнгөрсөн сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойн форумд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохдоо энэ төслийн талаар нааштай хариу авна гэж ихээхэн найдаж байгаагаа илэрхийлж байсан ч хүссэн хариуг нь Ши Жиньпин өгөөгүй.

Оросын эсрэг хориг чангарах тусам Оростой том төсөл хэрэгжүүлэх нь дайныг санхүүжүүлсэн хэрэгт буруутгагдан, энэ нь санхүү, бизнесийн бусад харилцаанд нөлөөлөхөөс Хятад болгоомжилж байна.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending