Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр АТГ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа 17 хүний нэрийг зарласнаас хойш бараг жил болж байна. Анх АТГ газраас дараах нэрсийг зарласан. Үүнд,

1.Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2.Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

3.Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд

4.Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат

5.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

6.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

7.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

15.”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд

16.”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг

17.”Эрхэт Монгол” группийн захирал Х.Мандахбаяр

АТГ нүүрсний гэх тодотголтой энэхүү хэргийг мөрдөн шалгасаар 2023 оны наймдугаар сард прокурорт хэргийг шилжүүлэхэд эдгээр 17 хүнээс ганц хүн буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр үлдсэн. Прокурорт шилжсэн хавтаст хэрэгт Б.Ганхуягаас гадна 10 хүний нэр байгаагийн дотор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байгаа юм. Түүнээс гадна Т.Түвшинбаатар (УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы дүү), Х.Батхишиг (“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү), О.Данзанлувсантүдэв (Говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр), Б.Отгонжаргал (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор), Г.Гантөмөр (“Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан), О.Дагвадорж (“МД трэйвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч), И.Дагвадорж (ХНХЯ-ны харъяа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан), П.Бадамханд (Б.Ганхуягийн эхнэр), Б.Эрдэнэбаяр (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан) гэсэн 11 хүнд холбогдох гэм бурууг шүүх хурал үргэлжилсээр байгаа. Сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд ээлжит шүүх хурлыг товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй байсны улмаас арваннэгдүгээр сарын 13 болгон хойшлуулаад байна.

Энэ хооронд УИХ дээр нүүрсний хулгайн энэ хэргээр сонсгол хийхээр хоёр дахь Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан долдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо /түр хорооны албан ёсны нэр/ арваннэгдүгээр сарын 8-нд хуралдаж, сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд хийхээр товлолоо.

Сонсголоос өмнө иргэдээс нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээллийг цахимаар авах боломжийг олгоод байна.

Мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм.

sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцолсон. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын сонсголыг энэ оны нэг, хоёр, гуравдугаар саруудад гурван үе шаттайгаар амжилттай удирдан явуулсан туршлагатай нэгэн.

Эхний түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулан өнгөрсөн оны сүүлээр байгуулж 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд сонсгол хийхээр товлосон ч тодорхойгүй шалтаанаар болоогүй юм.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending