Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт эгнэж буй хоёр гүрний тэргүүн нарын Сан Францискод өнөөдөр /2023.11.15/ болох уулзалтын үр дүнг олон хүн хүлээж байна.

Өнгөрсөн жилийн өдийд шахам буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 14-нд Индонезийн Бали аралд болсон G-20-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзалдсан. Гэхдээ энэ уулзалтаас хойших нэг жилийн хугацаанд хоёр гүрний хоорондох худалдаа, эдийн засгийн харилцаа харилцан тохлхилцсон байдалтай байлаа. Үүнээс илүүтэйгээр нэг жилийн хугацаанд хоёр тэргүүний улс төрийн рейтинг өөрчлөгдсөн явдал юм. Өнгөрсөн жил уулзахад Ши Жиньпин БНХАУ-ын даргаар 3 дахь удаагаа ажиллах статусаа бүрэн баталгаажуулаагүй байсан. Ши 3 дахь удаагаа сонгогдсоноос хойш улс төрийн байр сууриа улам бататгах алхмуудыг шат дараатай хийж, бодлогоо хатууруулж байгаа. Харин Жо Байдений хувьд рейтинг нь улам буурсаар байгаа. Хэрэв одоо АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болбол Байденаас илүүтэй Трамп сонгогдох магадлал өндөр байгааг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн.  

Энэ уулзалт нь жилийн өмнөхтэй адил хоёр улсын тулсан харилцаа биш олон улсын уламжлалт арга хэмжээний үеэрх уулзалт. АНУ-ын Сан Франциско хотноо АПЕК-ийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү уулзалтад Ши Жиньпинийг очно, очихгүй гэсэн яриа нэлээн байсан ч эцсийн мөчид очлоо. Сар гаруйн өмнө Хятадын Гадаад харилцааны сайд Ван И АНУ-д айлчилсан нь уулзалт болох магадлалыг төрүүлсэн. Ван И-гийн айлчлалын дараагаас Сан Франциско дахь Хятадын Ерөнхий консулын газраас тус хотод оршин суугаа хятад иргэдийн дунд Ши Жиньпин даргыг угтан авах ажлыг зохион байгуулж эхэлсэн нь энэ уулзалт болно гэсэн нотолгоо боллоо хэмээн АНУ-ын хэвлэлүүд бичсэн.

Хоёр талын харилцан мэдэгдэл

Ши Жиньпинийг Сан Франциско руу мордохын өмнө Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчдэд зориулан хийсэн мэдээлэлдээ “Хятадын удирдлага энэ удаагийн уулзалтаар АНУ-ын баримталж буй бодлогыг өөрчлөхийг хичээхгүй, Вашингтон Хятадтай зөрчилдөхийг болон шинэ хүйтэн дайн үүсгэхийг хүсэхгүй гэдэгт найдаж байна. АНУ өөрийн бий болгосон хүсэл тэмүүлэлдээ нийцүүлэн бусад орны дүр төрхийг бий болгож байна. Энэ хүсэл тэмүүлэл нь анхнаасаа ноёрхох үзэл байсан. БНХАУ АНУ-ыг өөрчлөхийг хүсэхгүй байгаатай адил АНУ БНХАУ-ыг өөрчлөхийг хүсэх ёсгүй” хэмээн мэдэгдсэн.

АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан уулзалтын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүний хэлснээр хоёр орны тэргүүн нарын энэхүү уулзалтыг АНУ-ын тал “зүгээр нэг уулзалт гэж үзэхгүй, харин эгзэгтэй үе” гэж үзэж байгаагаа хэлээд уулзалт тодорхой үр дүнд хүрнэ гэж хүлээж байгаагаа мэдэгдсэн.

Уулзалт болох газар

Хоёр тэргүүний уулзалт Сан Францискогоос өмнө зүгт 45 км-ийн зайд байх Номхон далайн эрэг дагуух Филоли хэмээх эдлэн газарт болно хэмээн Voice of America мэдээлжээ. Энэ газар нь байгалийн өнгө, үзэмж хосолсон, хавартаа алтан зул цэцэгс алаглан ургадаг алдартай газар. Энд шинэ хосууд хуримаа өргөн тэмдэглэдэг ажээ.

Оройн зоог

Уулзалт хоёр орын бизнесмэнүүд оролцсон оройн зоогоор өндөрлөнө. Оройн зоогийг АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо болон АНУ-Хятадын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулах ажээ. Оройн зоогны энгийн урилга 2000 ам.доллар бол Ши Жиньпин даргатай нэг ширээнд суух 8 урилгын нэг бүрийн үнэ 40 000 ам.доллар байна хэмээн Foreign Policy өнөөдөр мэдээлжээ.

Трампын засаглалын үед Хятадын зарим бараанд тавьсан худалдааны хориг, хагас дамжуулагч тойрсон хоёр орны “дайн”, тагнуулын бөмбөлгийн хэрэг, Тайванийн асуудал зэрэг сэдэв Ши-Байден нарын уулзалтын үндсэн сэдэв байна хэмээн таамаглаж байна.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending