Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, XXX Номун хан, гэвш лхаарамба Дуламрагчаагийн ЖАВЗАНДОРЖ-ийг өнөөдөр /2023.11.18/ ширээнд нь залах ёслол Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы Их танхимд боллоо.
Тэргүүн хамба, XXX Номун хан Дуламрагчаагийн Жавзандорж анхны айлдвараа сүсэгтэн олонд айлдлаа. Бурхан багшийн сургаалийн охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон асуудал, бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Монголын Бурханы шашны боловсролыг орчин үетэй уялдуулан сайжруулж, нийгмийн соён гэгээрүүлэх шашны үйлийг шинэ шатанд гаргахын төлөө хичээн зүтгэж, Бурханы сургаалийг эх хэл дээрээ унших боломжийг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаагаа айлтгалаа.
Шинэ хамбын тэргүүн айлдварыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.
Эрхэм УИХ-ын дарга болон гишүүд,
Засгийн газрын гишүүд,
Бурхан шашны хутагт хувилгаад, гэвш, лхаарамба, гавж, хийдүүдийн хамба, ловон, лам, хуврагууд,
Гадаад орнуудын Элчин сайдууд, хүндэт зочид, төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ XVII жарны үзэсгэлэнт болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо.
Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт Бурханы шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна.
Энэхүү албанд итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX хамба номун хан, хансүр, гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.
Их Монгол орноо Бурханы шашны сургааль хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ.
Бурхан багш бээр “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ” хэмээн бошиглон зарлигдсаны дагуу Бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд ажил зүдэрлийг умартан хичээн зохиосон Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгээлээсээ талархан залбирмуй.
Өнөө цагийн Монголын Бурханы шашны тэргүүн Дээрхийн гэгээн, оройн дээд очир дарь X Богд Жавзундамба хутагт Данзанжамбалванчойжийван дээдэс, хутаг хувилгаад, хамба ловон, гэвш, гавж тэргүүтэй лам хуврагуудын Бурханы шашны төлөө зохиож буй үйлс бүхэнд даган баясъя.
Бурхан багш бээр Дөрвөн үнэний сургаалийг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бидний өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бээр зовлонг бий болгоод муу сэтгэлийг юун түрүүн таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага, эдгээрийг танин мэдсэн билэг ухаан, бусдыг энэрэн нигүүсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болох ёстой, өөрөө сайн байх хэрэгтэй гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээн айлдсан. Тиймээс Бурхан багшийн сургаалийн охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй олон асуудал, бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.
Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Бурханы сургааль номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая.
Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөгөөд Бурханы шашин дэлгэрэхийн ерөөлийг айлтгахыг хүлээн авна уу.
“Болгоогч багшийн өлмий батжин, билгүүнт хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж, зовлонгоос хагацуулагч Бурханы шашин дэлгэрэх болтугай.”





Leave a comment