Үндэсний Статитстикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын хүн ам 2023 оны арваннэгдүгээр сард 3.5 саяд хүрэх ажээ.
Монгол Улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 сая хүрч байсан.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна.
2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход Монгол Улсын хүн ам энэ оны арваннэгдүгээр сард 3.5 сая хүрэхээр байна.

Монгол Улсын 1 сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард, 2 сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 11-нд, 3 сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлж байжээ.
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ТҮҮХЭЭС
Монгол Улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй. Богд Хаант Монгол Улс 1918 онд хүн амын анхны тооллогыг хийсэн юм. Удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онд, тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн 4 тооллогыг орон сууцны тооллоготой хамтатган зохион байгуулсан. Үүний зэрэгцээгээр 1947, 1950 онд хүн амын тооллого шиг нэг удаагийн бүртгэл хийсэн байдаг. Хүн амын 1956 оны тооллогыг Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн хэлтсээс эрхлэн явуулсан нь аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон байжээ.
Монгол Улсад статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бие даасан байгууллага 1960 онд байгуулагдаж, 1963 оны тооллогоос эхлэн тус байгууллага хүн ам, орон сууцны тооллогыг эрхлэн явуулж ирэв. Статистикийн байгууллага тооллогыг эрхлэн явуулж эхэлснээр тооллогын асуулга, хөтөлбөр, заавар, аргачлалыг олон улсын нийтлэг жишиг аргачлалтай нийцүүлэн боловсруулж, баталж, мөрдүүлэх, тооллогын дүнг нэгтгэн боловсруулахад орчин үеийн техник, технологи ашиглах болсон байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг мөрдөж тооллогын үе шат бүрд мэдээллийн технологийн ололт, дэвшлийг өргөн ашигласан төдийгүй уг хуулийн 4.1.1 болон 4.1.2 заалтуудад заасан аргуудыг хослуулан явуулсан. Нийт өрхийн 10 хувийн мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын маягтаар сонгогдсон өрх бүрд орж /уламжлалт арга/, үлдсэн 90 хувийн мэдээллийг богино асуулга буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон төрийн байгууллагын мэдээллийн санд тулгуурлан бүртгэлд суурилан цуглуулсан.
Монгол Улсад статистикийн байгууллагын үндэс суурь тавигдсан 1924 оноос хойш 1935, 1944, 1956, 1963 онуудад хүн амын тооллого хийсэн бол улс хоршооллын байгууллагын орон сууцны фондын тооллогыг 1960 онд явуулсан байдаг. Олон улсын нийтлэг аргачлалын дагуу хүн ам болон орон сууцны тооллогыг нэгтгэн 1969 оноос хойш 10 жилийн давтамжтайгаар хийх болж 1979, 1989, 2000, 2010, 2020 онуудад, Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд тусад нь зохион байгуулсан.
А.ДАШ





Leave a comment