Монголын хоёр хөршийн дунд сүүлийн 6-7 жил яригдаж байгаа байгалийн хийн мега төслийн талаар шинэ мэдээ гарсан ч тэр мэдээ нь бидний хүлээсэн мэдээ биш байлаа.
Монголын нутгийг дайруулан татах “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр ОХУ идэвхийлэн хөөцөлдөж байгаа хэрээр Хятад наймааны нөхцөлөө улам чангаруулсаар.
Хоёр хоногийн өмнө South China Morning Post-д мэдээлснээр Хятад энэхүү төсөлд өөрийн талаас ямар ч хөрөнгө гаргахгүйн дээр Орос бариад хий нийлүүлж эхэллээ гэхэд үнийг улам хямдруулах хүсэлтэй байгаа хэмээн бичжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан форумд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохдоо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, үргэлжлүүлэн цаг гаруй ганцаарчлан уулзсан. Путин энэ форумд оролцохоор Москвагаас мордохдоо “Сибирийн хүч-2” төслийн ажил урагшилна гэж найаж байгаагаа илэрхийлээд очсон ч тийм зүйл болоогүй билээ.
Оросууд “Сибирийн хүч-1” хийн хоолойгоор Хятадын зүүн хойд хэсгээр 2019 оноос байгалийн хий нийлүүлж байгаа. Жилдээ 38 тэрбум куб.м хий нийлүүлэх хүчин чадалтай уг хоолойгоор нийлүүлж байгаа хийн үнээ Европ руу нийлүүлж байсан үнээс бараг 2 дахин хямдаар тохиролцсон. ОХУ Хятад руу 1000 куб.м хийг 297,3 ам.доллараар нийлүүлэх бол Европын орнууд болон Турк руу нийлүүлэх үнэ 501,6 ам.доллар байна. Харин ОХУ-ын Засгийн газрын ирэх 2024 оны төсвийн баримт бичигт дурдсанаар экспортын хийн үнээ аль аль чиглэлд хямдруулжээ. Тухайлбал, Хятад руу 271,6 ам.доллар, баруун чиглэлд 481,7 ам.доллар болгон бууруулжээ.
Хэдий ингэж хямдруулсан ч “Сибирийн хүч-2”-ийн үнийг Хятад үүнээс илүү хямдруулах шаардлага тавьж байгаа ажээ.
Монголчууд энэ төсөлд ихээхэн найдлага тавин хэрэгжихийг хүлээж байгаа. Оросын зүгээс Монголд тавигдах хийн хоолойн бүтээн байгуулалтыг хариуцах хамтарсан компанийг 3 жилийн өмнө байгуулж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, хоолой татах маршрутыг тогтоосон. Сарын өмнө Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 25 хуралдааныг даргалсан ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко “Сибирийн хүч-2” төслийн баримт бичиг боловсрогдож дуусч байгаа, ирэх 2024 онд төсөл хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Оросын талын албаны хүмүүс нэг биш удаа энэ төсөл удахгүй хэрэгжинэ хэмээн мэдэгдэж байгаа ч гол худалдан авагч Хятадын талаас нааштай мэдэгдэл хийж байсан удаагүй юм.
Украины асуудлаас үүдсэн барууны орнуудын хоригоос үүдэн Оросын Европын орнууд руу экспортлох хийн хэмжээ эрч буурч энэ нь төсөвт ихээхэн алдагдал болж байгаа. Оросын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Украины дайнаас өмнө “Газпром” Европын байгалийн хийн экспортоос 2 их наяд рублийн орлого олдог байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 700 тэрбум болон буурчээ. Экспортын орлого ийнхүү буурахаас гадна Украины дайны санхүүжилт Кремлийн толгойны өвчин болоод байгаа. Тиймээс ОХУ-ын хувьд Хятадын зах зээл рүү илүү ихээр нэвтрэх нь эдийн засгаа аврах нэг гарц юм.
China Natural Gaz Development Report-д дурдсанаар Хятад 2022 онд 346.6 тэрбум куб.м хий хэрэглэсний 41% нь импортолсон байна. Импортлогчид нь Орос, Туркмен, Австрали, Катар, Малайз юм.
Холбоотой мэдээ:
А.ҮЛЭМЖ





Leave a comment