Монгол Улсын экспортын гол орлого болсон нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын явцын баримтыг шинжлэн судлах зорилго бүхий УИХ-ын нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ эхэллээ.
УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо энэхүү нээлттэй сонсголыг хийж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний шат нь 2023 оны арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд, хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно.
Эхний шатны сонсголоор жижиг гэгддэг “Тавантолгой” ХК-тай холбоотой баримтуудыг, хоёр дахь шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой баримтуудыг гэрчүүдийг дуудан ирүүлж, асуулт асуух замаар шинжлэн судлах юм.
Эхний шатны сонсголд нийт 175 гэрчийг дуудсан бөгөөд эдгээр гэрчээс дараах чиглэлээр асуулт асууж хариу авах юм. Үүнд,
1) “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа;
2) “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл;
3) “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар.
Сонсголын эхний өдөр нийт 22 гэрчийг дуудсанаас мэдэгдэх хуудас хүлээн авсан нь 17, холбогдож чадаагүй 5 гэрч байгаа юм байна. Мөн гэрчээр дуудагдсан хүмүүсээс хоёр хүн нас барсныг мэдэлгүй дуудсандаа ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж буйгаа нээлттэй сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр илэрхийллээ.
А.ДАШ





Leave a comment