УИХ-ын Хянан шалгах түр хороо хоёр дахь удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ долоо хоногт хийлээ. Хоёр дахь удаагийн сонсгол нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний олборлолт, борлуулалт, түүнийг тойрсон худалдан авалтуудтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж байна. Нүүрсний сонсголыг 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөсний эхний шат нь 2023 оны арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд 4 өдөр боллоо. Хоёр дахь шатны сонсгол арванхоёрдугаар сарын 18-нд эхэлж мөн 4 өдөр үргэлжлэх юм.

Эхний шатны сонсголоор Өмнөговь аймгийн орон нутгийн 51 хувийн өмчлөлтэй “Тавантолгой” ХК болон төрийн 100 хувийн өмчлөлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баримтуудыг шинжилж, эдгээр баримттай холбоотой 275 гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч биеэр ирж оролцлоо.

Хоёр дахь шатны сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төсөл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ; Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн 6 сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлахаар төлөвлөж байна. Сонсголд оролцох гэрчүүдийн нэрийг ирэх Даваа гаригт /2023.12.11/ Хянан шалгах түр хороо нийтэд зарлана.

Өнгөрсөн хавар болсон Хөгжлийн банкны сонсгол, энэ удаагийн нүүрсний сонсголоор төсөвт орох учиртай хэдэн их наяд төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, хээл хахуулийн замаар завшсан нь ил боллоо. Төгрөгийн хохирлоос гадна хууль зөрчин сумынхаа газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид зарсан ноцтой баримт энэ удаагийн сонсголоор ил боллоо.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагаанд эргэлдэж буй мөнгөн дүнгийн гүйлгээний хэмжээ сая төгрөгөөр яригдахаа байж тэрбум, цаашлаад их наядаар яригддаг болжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрс хуулалтын ажлын дийлэнхийг авсан “Хишиг арвин индустриал” компанийн захирал Б.Хишигдорж “Манай компанитай холбоотой тоо буруу байна. Нэг их 400 тэрбум биш харин нэг их наяд 400 сая” хэмээн залруулга хийсэн нь зөв боловч ямархуу үнийн дүнтэй хууль бус үйлдлүүд далдуур явагдаж байгааг харууллаа.

Төрийн ордонд хэдэн тэрбум, хэдэн их наядын хулгай яригдаж байхад жирийн иргэд цалингийн өрөн дороос өндийхөөргүй болж байгаа нь нийгмийн баялгийн хуваарилалт хэрхэн зүй бус явагдаж, монголчууд баян, ядуугийн хоёр туйлд хүрсэнийг харуулна.

Монголбанкнаас сар бүр гаргадаг Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын энэ оны есдүгээр сарын тайланд дурдсанаар иргэд өрийн дарамтад орох эрсдэл хэдийнэ бий болжээ. Статистик тоо баримтаар сүүлийн 1 жилд бодит цалин 4 улирал дараалан өссөн ч өрхийн зарлага орлогоосоо илүү хурдтай тэлж байна. “Өрхийн орлого зарлагын зөрүү үргэлжлэн өсч, зөрүүг зээлээр санхүүжүүлэх тохиолдолд өрхийн өр нэмэгдэж, өрийн дарамтад орох эрсдэлтэй” хэмээн уг тайланд дүгнэжээ.

Нэн ялангуяа ББСБ-д өртэй иргэдийн тоо нэмэгдсэн байна. ББСБ-аас иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш хурдацтай нэмэгджээ. Тухайлбал, 2023 оны II улирлын эцсийн байдлаар ББСБ-ын иргэдийн зээлийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, 2018 оны эцсээс 3.8 дахин нэмэгджээ.  

СЗХ-ны шийдвэрээр ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2018-2021 онуудад үе шаттайгаар нэмэгдүүлсэн, түүнчлэн гар утасны програм, техник, технологийн дэвшлийн нөлөөгөөр Финтекийн салбарын үйл ажиллагаа эрчимжсэн нь үүнд нөлөөлсөн болохыг тайланд дурдсан байна.

Тайлан гаргах хугацааны байдлаар банк болон ББСБ-аас 277 мянган иргэн давхар зээлтэй байна. Зээлийн мэдээллийн сангийн 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаарх тоон мэдээлэлд үндэслэн банк болон ББСБ-аас давхар зээлтэй иргэдийн мэдээллийг шинжлэхэд тэдгээр иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөг, үүнээс банканд хамаарах нь 4.7 их наяд төгрөг байна. Энэ нь банкны иргэдийн зээлийн үлдэгдлийн 38 хувь, ББСБ-ын хувьд 52 хувийг бүрдүүлэв. Нэг иргэн дунджаар 4 зээлтэй, зээлийн үлдэгдэл нь 21.7 сая төгрөг байна.

Давхар зээлтэй иргэд банкнаас урт хугацаагаар их хэмжээний, ББСБ-аас богино хугацаагаар, бага хэмжээний зээлүүд авдаг байна. Тухайлбал, тэдгээр иргэдийн банкны зээлийн дундаж хугацаа 38 сар, ББСБ-ын хувьд 17 сарын хугацаатай зээл авчээ. Түүнчлэн, ББСБ-ын зээлийн үлдэгдлийн 34 хувь нь 5 сая төгрөгөөс доош үлдэгдэлтэй зээлүүд байна.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending