Сүүлийн хэд хоног нийслэлийн иргэд шатахуун дараалалд хэдэн цагаар зогсч бухимдаж байна. Ихэнх ШТС шатахууны хязгаарлалттай өгч давхар бухимдуулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийсэн нь нийгэмд улам бухимдал нэмлээ.
Шатахуун тасалдсан 3 шалтгаан:
1.Монгол Улсын шатахуун болон дизель түлшний гол ханган нийлүүлэгч нь ОХУ. ОХУ дотооддоо өнөөдрийн байдлаар өвлийн түлш болоод авто бинзений хомсдолтой хэвээр байсаар байна. Энэ нөхцөл байдал Монголд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
2.ОХУ экспортоо ихэвчлэн баруун тийшээ хийдэг байсан бол одоо голдуу БНХАУ, Энэтхэг гэх мэт Зүүн өмнөд Азийн улс орнууд руу шилжүүлсэн. Үүнээс үүдэн Оросын зүүн Сибирь болоод Алс дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл болоод байна. Үүнээс шалтгаалж Монгол руу нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийн график хоцролттой явж байна.
3.Монголын дотоод асуудал байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь дизелийн хангамжинд шууд нөлөөлж байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.12.11/ сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 65 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд он дуусахад энэ тоо 70 сая тонн хүрэх магадлалтай. Нүүрсний экспортын хамгийн оргил үе нь 2017 онд 32 сая тонн хүрч байсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна /2023.12.11 Төрийн ордон/
Дизель түлшний хэрэглээ
Монгол Улс өнгөрсөн 2022 онд 987.875 тонн дизель түлш импортолсон. Харин энэ 2023 оны 1-р сараас 11-р сарын хооронд 1.235.736 тонн дизель түлш импортолсон жилийн дундаж хэрэглээнээс 20 гаруй хувь илүү байгаа юм. Импортолсон дизель түлшний 60 гаруй хувийг уул уурхайн 5-6 компани хэрэглэж байна.
Шатахууны хэрэглээ
Өнгөрсөн 2022 онд 626.395 тонн АИ92 шатахуун импортолсон бол энэ оны эхний 11 сарын байдлаар 636.719 тонн импортолсон нь ялимгүй өссөн дүн харагдаж байна.
Шатахууны хомсдолд иргэдийг буруутгаад, Улаанбаатар хотоос дизель түлш гаргахыг хориглов
Иргэд машины банкаа дүүргэж, ААН-үүд дизель түлш нөөцөлж байгаа нь зохиомол хомсдол үүсгэлээ хэмээн Ж.Ганбаатар сайд буруугаа бусдад тохлоо. “Дизель түлшийг ихээр нөөцөлж байна. ШТС-уудаар бөөний үнээс хямд зарж байгаа. Түлшийг ихээр авч цааш нь дамлаж зарах үзэгдэл байгаа учраас ямар нэгэн захиалгагүй, падаангүйгээр дизель түлш Улаанбаатараас гаргахыг өнөөдрөөс хориглож байна” хэмээн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.
Засгийн газар зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулж чадсангүй
2017 онд 32 сая тонн нүүрс экспортлох үед ч дизель түлшний эрэлт нэмэгдэж байсан ч тухайн үед Засгийн газар захиалгыг нэмэгдүүлж, хомсдол үүсгэлгүй ажиллаж чадсан. Харин энэ удаад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж бие биеэ хөөргөхөөс өмнө энэ нөхцөл байдал эдийн засгийн бусад салбарын уялдаа холбоог тасалдуулалгүй байлгах нь Засгийн газрын үүрэг байсан ч ухаан дутлаа.
Ж.Ганбаатар сайдын хариуцлагагүй мэдэгдлүүд
Дизель түлш, шатахуун хомсдож байгаа талаарх сэтгүүлчдийн асуултад сүүлийн 1 сарын турш Ж.Ганбаатар сайд эхэндээ “нөхцөл байдал хэвийн байгаа” гэж байснаа сүүлдээ “уул уурхайн салбар их хэрэглээд байна” хэмээн гомдоллосон.
Харин өнөөдөр хийсэн мэдэгдлүүд нь төрийн сайд хүний амнаас унахааргүй цагаандаа гарсан мэдэгдлүүд байлаа. Тухайлбал, “Бүх хүн банкаа дүүргэх нөөц Монгол Улсад алга. Ойрын үед энэ нөөц хангагдана. Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Улсад одоогоор нөөц гэж байхгүй. Онцгой байдлын журмаар нөөцөлж байгаа асуудал бий. Үүнийг манай яам мэдэхгүй. Үүнийг Шадар сайд мэдэж байгаа. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бид хоёр оросуудтай хамт телеграмын хаяг нээж, групп чатанд орсон” зэрэг мэдэгдэл нь түүнийг хариуцсан албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг хангалттай нотолж байна.
А.ҮЛЭМЖ





Leave a comment