Замын түгжрэл, цаг агаарын хүйтрэлийн өмнө Улаанбаатар хот хүчин мөхөстөж, хотын болон иргэдийн ажил амьдрал хэвийн үргэлжлэх аргагүй болсон өдрүүдийг туулж байна.
Асуудлыг шийдэхийг иргэд хотын удирдлагуудаас иргэд шаардсан. Хариуг нь амралтын өдөр /2023.12.17-ны Ням гариг/ цочир байдлаар өглөө. Гаргасан шийдвэрийг маргаашнаас нь буюу 2023 оны 12-р сарын 18-наас хэрэгжүүлэх болсноо зарлаж, зөрчсөн этгээдэд торгуулийн арга хэмжээ ногдуулна хэмээсэн хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл тэртээ тэргүй бухимдалтай байсан нийслэлчүүдийг шоконд орууллээ. Хотын дарга Х.Нямбаатар хэрхэн шийдэв?
Дугаарын хязгаарлалт
Юун түрүүн замын түгжрэлийг машины дугаарын тэгш, сондгойгоор өнөөдрөөс эхлэн ирэх 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл 6 долоо хоногийн турш замын хөдөлгөөнд оруулах замаар шийдэх ажээ. Улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл Даваа, Лхагва, Баасан гаригт, тэгш тоо буюу 0,2,4,6,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл Мягмар, Пүрэв, Бямба гарагт өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно. Машины дугаарын зохицуулалт Ням гаригт үйлчлэхгүй, дугаар харгалзахгүй замын хөдөлгөөнд оролцох ажээ.


Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд:
-Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
-Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
-Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
-Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
-Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
-Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
-Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
Бүсчлэл
Дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод тодорхой бүсчлэлд мөрдөнө. Тухайлбал, Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл тухайн хязгаарлалт үйлчилнэ.
Бага ангийнхныг онлайн хичээлд шилжүүлнэ
Дугаарын хязгаарлалттай зэрэгцэн өмчийн бүх төрлийн ЕБС-ийн бага ангийнхны хичээлийг онлайн горимд шилжүүлэхээр шийджээ. Бага анги гэдэг бол 1-5 дугаар анги бөгөөд онлайн горим өнөөдрөөс эхлэн 12-р 29 хүртэл үргэлжлэх юм. Харин дунд /6-9 дүгээр анги/ болон ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид 12-р сарын 25-наас 29 хүртэл цахимаар хичээллэх ажээ.
Х.Нямбаатар дарга иргэдийг басамжилсан нь илүүтэй бухимдуулав
Хотын удирдлагын гэнэтийн шийдвэр нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж, Ням гаригийн орой нийгмийн сүлжээ энэ сэдвээр хахлаа. Нөхцөл байдлыг зохицуулах аливаа шийдвэрийг хотын иргэд ойлгож хүлээн авах сэтгэл зүйтэй байсан ч хагас өдрийн дотор албадлагын шинжтэй зохицуулалт хийсэнд иргэд хамгийн их бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа. Иргэдийн бухимдлын хариуд хотын дарга басамжилсан хариу барьсан нь хүмүүсийн бухимдлыг дээд цэгт аваачлаа.

Өөрт хамаарах аливаа үг, үйлдэл болгоныг газар гээлгүй, тэр дор нь хариу барьдаг Х.Нямбаатар өөрийнхөө энэ үг, үйлдэлд ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонин байна.
А.ҮЛЭМЖ





Leave a comment