2023 онд дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжлийн трэнд, чиг хандлага ямар байсныг Reuters Institute тодорхойлжээ. Хамгийн гол нь эдгээр чиг хандлага ирэх 2024 онд хадгалагдахыг онцолжээ.
Мэдээлэл авах гол суваг сошиал сүлжээ хэвээр байна
Reuters Institute-ээс жил бүр гаргадаг Digital News Report 2023 судалгаанд оролцогчдын 22% л өглөөг вэб сайт, эсвэл гар утасны апп-аас мэдээ уншиж эхэлдэг гэж хариулсан нь 2018 онтой харьцуулахад 10 пунктээр буурсан үзүүлэлт юм. Судалгааны дүгнэлтэд онцолсноор Скандинавын хойг болон Хойд Европын цөөн хэдэн улс вэб сайтын хандалтаа хуучин хэвээр тогтоон барьж чадаж байгаа бол бусад улс орны мэдээллийн зах зээлийн гол хандалт сошиал сүлжээ болон хайлтын платформ байна.

Энэ 2023 оны эхээр European Journal of Communication-д хэвлэгдсэн судалгаагаар интернэт хэрэглэгчдийн 90% нь ямар нэг сошиал сүлжээ ашиглаж байна. Иргэд мэдээллээ хаанаас авч байгаа талаарх судалгаагаар улс орон бүрт өөр өөр дүр зураг харагдаж байгаа юм. Шууд вэб сайт руу хандаж мэдээллээ түлхүү авч байгаа улс орнуудыг харахад цаасан сонины бат бөх угшилтай зах зээлүүд байгаа нь анхаарал татаж байна. Ийм уламжлалтай улс орны уншигчид сошиал сувгаас мэдээлэл авах хувь хэмжээ харьцангуй бага түвшинд байна.
YouTube, TikTok, Instagram сувгууд мэдээний зах зээлд хүч түрэн орж ирж байна
Ерөнхий дүр зургаар нь харахад хүмүүсийн зонхилон ашиглаж байгаа сошиал суваг нь Facebook хэвээр байгаа ч Facebook платформ дахь сэтгүүл зүйн контентийн хувь хэмжээ буурч, бусад суваг руу, тэр дундаа дуу, дүрс зонхилсон сувгууд руу шилжиж байна. Нэн ялангуяа You Tube болон Tik Tok суваг руу мэдээний контент шилжиж байна. Reuters Institute-ийн судалгаагаар 18-24 насныхны 44% нь Tik Tok ашиглаж байгаа бөгөөд тэдний 20% нь мэдээ үздэг гэжээ. Сүүлийн жилүүдэд Ази, Латин Америкийн зарим улс оронд Tik Tok хэрэглэгчдийн тоо тууштай нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, Перу болон Тайландад интернэт хэрэглэгчдийн 30%, Кенийн 29%, Малайзийн 24% нь хятад эзэнтэй Tik Tok сувгийг ашиглаж байна. 
Digital News Report 2023 судалгаанд хамрагдсан 275 редакци цаашид Facebook /Meta/, Twitter /X/ руу хүч хаяхгүй, харин TikTok, Instagram, YouTube сувгууд дээр төвлөрч ажиллана хэмээн хариулсан энэ хандлагыг баталж байгаа юм.
Хэдий трэнд ийм байгаа ч Twitter-ийн мэдээний зах зээл дэх байр суурь ойрын жилдээ хэвээр хадгалагдах таамгыг хийж байна. Энэ платформ нь анх гарч ирсэн цагаасаа улс төр болоод цаг үеийн мэдээ сонирхдог, нийгмийн харьцангуй мэдлэг, боловсролтой хэсгийнхний ашигладаг талбар байсан. Ялангуяа Ази, Латин Америкийн орнуудад Twitter нь улс төрийн мэдээ гол эх сурвалж болдог бол энэ үзүүлэлт Европ тивд эсрэгээрээ бага байдаг. Өнгөрсөн 2022 оны аравдугаар сараас Twitter шинэ эзэнтэй болсон. Шинэ эзэн Элон Маск бодлого болоод бүтцийн олон өөрчлөлтийг хийж байгаа нь хуучин хэрэглэгчдийн зарим хэсэгт таалагдахгүй байгаа ч Twitter-ийн улс төрийн мэдээллийн байр суурь ойрын 10 жилдээ хадгалагдана гэж үзэж байна.
Мэдээнд үзүүлэх хариу үйлдэл буурсаар
Мэдээнд сэтгэгдэл бичдэг, мэдээг сошиал сувгаар шэйрлэх зэргээр ямар нэг хариу үйлдэл үзүүлдэг байдал сүүлийн жилүүдэд буурч байгаа ажээ. 2018 онд мэдээнд хариу реакц үзүүлэх хувь 33% байсан бол энэ үзүлэлт энэ онд 22% болон буурсан байна. Ялангуяа АНУ, Их Британи, Испани зэрэг оронд энэ үзүүлэлт өндөр байна. Энэ нь ерөнхийдөө мэдээ унших нь багассан, мөн мэдээнд итгэх уншигчдын итгэл буурсантай холбоотой гэж дүгнэж байгаа юм. Мэдээнд итгэх итгэл буурч байгааг мэдээний контентийн чанартай холбон тайлбарлах нь их байна. Үйл явдлын мэдээнээс илүүтэй тайлбарласан, үйл явдлын учир шалтгааныг дэлгэрэнгүй өгүүлсэн мэдээ уншигчид хүсч байна гэсэн дүгнэлт рүү хөтөлж байгаа юм.
Мэдээнд мөнгө төлөх сонирхол янз бүр байна
Онлайн мэдээнд мөнгө төлөн захиалж унших хандлага нэг хэсэг нэмэгдэх төлөвтэй байсан бол энэ жил энэ хандлага буурч эхэлсэн байна. Судалгааны ерөнхий үзүүлэлтээр мэдээнд мөнгө төлөхөд бэлэн гэсэн хариулт өнгөрсөн 2022 оныхтой ижил 17%-тай байна. Улс орноор нь авч үзвэл харилцан адилгүй, тухайлбал, Норвегид энэ үзүүлэлт 39% байгаа бол Их Британи болон Японд 9% байна. АНУ, Герман, Их Британи , Японд хийсэн судалгаагаар мөнгө төлж мэдээ уншаад түүнтэйгээ дүйцэх хэмжээний үнэ цэн авдаггүй, хий дэмий мөнгө төлдөг хэмээн хариулсан нь анхаарал татаж байна. Мөн сүүлийн жилүүдэд байнгын захиалагч нар захиалгаа цуцлах нь нэмэгдэж байгаад редакциуд ихээхэн санаа зовинож байна.
Мэдээнд мөнгө төлөх сонирхолтой хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн мэдээ сонирхдог гэсэн нийтлэг дүр зураг гарчээ. АНУ-д мэдээнд мөнгө төлж байгаа хүмүүсийн хувьд өмнө өгүүлсэн тодорхойлолтоос гадна улс төрийн зүүний үзэл баримтлалтай хүмүүс түлхүү байгаа ажээ. Жишээ нь, АНУ-д мөнгө төлж мэдээ уншдаг хүмүүсийн 79% улс төрийн мэдээг онц их сонирхдог хэмээн хариулсан нь сонирхол татаж байна.
Эзэмшил болон мэдээний агуулга
Reuters Institute-ийн Trust in News Project төслийн хүрээнд энэ онд АНУ, ИХ Британи, Бразилд хийсэн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчид болон ерөнхий редакторууд өөрсдийн эрх ашгийн төлөө мэдээний агуулгад нөлөөлдөг хэмээн хэрэглэгчид сэжиглэдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Сэтгүүлчид ч мөн эзэмшигч болон ерөнхий редакторууд өөрсдийн хүссэн чиглэлд мэдээ бэлтгүүлэх сонирхолтой байдаг гэсэн хариултыг өгсөн байна. Тухайлбал, Бразилийн сэтгүүлчдийн 65%, АНУ-ын сэтгүүлчдийн 59%, Их Британийн сэтгүүлчдийн 54%, Энэтхэгийн сэтгүүлчдийн 42% нь эзэд болоод ерөнхий редакторын хүссэнээр мэдээгээ бэлтгэх хэрэгтэй болдог гэж хариулжээ.
Хиймэл оюун ухаан
Сэтгүүл зүйд хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатай гэж ихэнх редак үзэж байгаагаа илэрхийлсэн ч хүний нөөцийн хувьд ч, технологийн хувьд бэлэн биш байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Өнөөдрийн байдлаар редакциудын 29% нь хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн, хэрхэн ашиглах дүрэм журмыг боловсруулан мөрдөж байгаа гэсэн бол, 16% нь ашиглахаар төлөвлөж, хэрхэн шилжих талаарх бэлтгэл ажлыг хариуцсан хүн, эсвэл нэгж байгуулсан хэмээн хариулжээ.
А.ҮЛЭМЖ





Leave a comment