Ирэх 2024 онд явагдах УИХ-ын IX удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болох нь. Юун түрүүн, энэ оны зургадугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алины шинжийг агуулсан холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Мөн Монгол Улс парламентын тогтолцоог хэрэгжүүлж ирсэн 1992 оноос хойш 76 суудалтай явж ирсэнийг өөрчилж, ирэх оноос гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж байгаа юм. Ингэхдээ 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, үлдсэн 48-ыг пропорционалиар сонгох юм.
Энэхүү өөрчлөлт дээр бас нэгэн зарчмын өөрчлөлт оруулах шийдвэрийг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргалаа. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаар ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчлэн томсгосон тойргоор явагдахаар боллоо.
Нийт 13 тойрог байх бөгөөд Улаанбаатар хотод 6, аймгууд 7 тойрогт хуваагдах юм. Гэхдээ 21 аймгаас ганцхан Баян-Өлгий аймаг дангаараа 1 тойрог болж, үлдсэн 20 аймаг газар зүйн байрлалараа бүсчилсэн 6 тойрогт хуваагдах юм.
Тойргууд:
- 1-р тойрог: Архангай, Баянхонгор, Өвөрхангай
- 2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд
- 3-р тойрог: Баян-Өлгий
- 4-р тойрог: Булган, Орхон, Хөвсгөл
- 5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
- 6-р тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
- 7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь
- 8-р тойрог: Баянзүрх дүүрэг
- 9-р тойрог: Баянгол дүүрэг
- 10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
- 11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг
- 12-р тойрог: Хан-Уул дүүрэг
- 13-р тойрог: Багануур, Багахангай, Налайх дүүрэг
Баян-Өлгий аймгийг дангаар 1 тойрог болгосон асуудал нилээн маргаан дагуулж, гишүүдийн санал зөрөлдсөн ч анхны саналыг хэвээр үлдээсэн.
Сонгуулийн тойрог тогтоох тогтоол батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улс бол нэг засаглалтай, нэгдмэл улс. Бид үндэстэн ястнаар хуваагдаж болохгүй. Тиймээс Баян-Өлгий аймгийг салгаж нэг бүс болгож байгаа юм шиг буруу ярьж болохгүй. Тус аймаг харин ч бүс нутгийн интеграцчилалд орж, бүсийн хөгжлийн бодлогод хамрагдаж явах ёстой. Пропорциональ тогтолцоогоор 48 гишүүнийг сонгох жагсаалтад хүн амын бүлгүүд, үндэстэн, ястан бүрийн төлөөлөл орох боломж бий. Сонгуулийн тойргийн асуудалд нэг Монгол гэдгээ санаж, ул суурьтай хандахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна.
УИХ өнөөдөр улс орны хөгжлийн том бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уялдуулсан маш том шинэчлэлийг хийж байна. Дархан, Сэлэнгийн районд Дархан хот, Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн районд Орхон хот, Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, говийн бүсийн тулгуур төв Даланзадгад хот, түүнчлэн Аж үйлдвэрийн парк Сайншанд хот, аялал жуулчлалын Чингис хот гэх мэтчилэн бүс нутгийн хөгжлийн төв хотуудыг бий болгож байж 30 жилийн алдааг засаж, бүс нутгийн интеграцчилал, хөгжлийн том бодлогын эхлэлийг тавина. Улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл харилцан хамааралтай учир бүсийн буюу мужийн захирагчдыг томилдог байх ёстой. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бол мужийн захирагч нь нэгдмэл улсын бодлогыг хангасан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч байх учиртай. Энэ хүн сайдын рангтай байж, тухайн бүсийнхээ аймгуудын хөгжлийн нэгдсэн бодлогыг хангана. Дархан, Эрдэнэт, Ховд гэх мэт хотууд улсын чанартай хот боло хөгжсөнөөр ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, төвлөрлийг сааруулж чадна. Том зургаар харж байж бид хөгжихөөс бус жалга дов, нэг нам гэсэн жижигхэн, хагархай цонхоор харж хөгжихгүй. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэрэгжүүлж улсын реформын цоо шинэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн намуудын дарга нар нэгдэж, санамж бичиг гарын үсэг зурж. нэг Монгол, нийтлэг эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг гүнээ ойлговол зохино” гэлээ.
Ийнхүү тойргийг томсгосноор сонгогч олон нэр дэвшигчид дундаас тойргийнхоо мандатад тохирсон нэр дэвшигчийг олж сонгох хэрэгтэй болж байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжихэд сонгуулийн энэхүү шинэчилсэн тойрог дэм өгөх давуу талтай. Нэг аймаг нэг тойрог байхад тухайн аймгаас сонгогдсон гишүүд төсөв хэлэлцэх үед зөвхөн аймаг руугаа илүү төсөв хуваарилуулах, том төслийг татуулах сонирхолтой байдаг. Харин ийнхүү бүсчилсэнээр улсын төсөв 21 аймаг биш 7 тойрог руу хуваарилагдах болж байгаа нь яах аргагүй давуу тал юм.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ 2001 онд баталсан бөгөөд энэ үзэл баримтлалаар тодорхойлсон бүсчлэлтэй сонгуулийн шинэ тойрог ерөнхийдөө давхцаж байгааг дурдах хэрэгтэй.
Өөр нэг давуу тал тойргоо өмчилж ирсэн гажуудлыг засах боломж гарч ирж байгааг онцлох нь зөв.
Харин томсгосон тойргоос сонгогчдын олонхийн санал авахын тулд тухайн бүс нутгийн иргэдэд танигдсан байх магадлалыг нэмэгдүүлж байгаа нь улс төрд шинээр гарч ирж байгаа хүмүүс, эмэгтэйчүүд, цөөнхийн бүлгийг төлөөлж байгаа хүмүүсийн сонгогдох магадлал буурах сөрөг талтай.
Д.НАРАНТУЯА





Leave a comment