Ирэх 2024 онд явагдах УИХ-ын ээлжит IX удаагийн сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-ны Баасан гаригт явуулах УИХ-ын тогтоолыг өнөөдөр /2023.12.28/ баталлаа.

2024 оны сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад онцлогтой явагдана. 2023 оны зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламентын сонгуулийг мажоритар болон пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулах, УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас нэмэгдүүлэн 126 болгосон юм. 126 мандатын 78-ыг мажоритар, үлдсэн 48-ыг пропроциональ тогтолцоогоор сонгохоор хуульчилсан.

Өнгөрсөн долоо хоногт /2023.12.21/ УИХ парламентын сонгуулийг томсгосон тойргоор явуулах тогтоолыг баталсан. Ингэснээр ирэх зургадугаар сарын 26-нд сонгогчид 13 томсгосон тойргоос 78 гишүүнийг сонгох болж байна.

Томсгосон тойрог болон тойрогт оногдох мандат:

1-р тойрог: Архангай, Баянхонгор, Өвөрхангай-  9 мандат

2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд- 10 мандат

3-р тойрог: Баян-Өлгий- 3 мандат

4-р тойрог: Булган, Орхон, Хөвсгөл- 8 мандат

5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв- 10 мандат

6-р тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий- 7 мандат

7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь- 7 мандат

8-р тойрог: Баянзүрх дүүрэг- 5 мандат

9-р тойрог: Баянгол дүүрэг- 3 мандат

10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг- 6 мандат

11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг- 5 мандат

12-р тойрог: Хан-Уул дүүрэг- 3 мандат

13-р тойрог: Багануур, Багахангай, Налайх дүүрэг- 2 мандат.

Ийнхүү тойргийг томсгосон нь сонгогчдод сонголт хийхэд хүндрэлтэй байх магадлалтай. Баруун аймгуудын тойргоор жишээлэн авч үзэхэд Ховд аймгийн 56 000, Увс аймгийн 52 000, Завхан аймгийн 46 000, Говь-Алтай аймгийн 37 000 орчим сонгогчид дундаасаа 10 гишүүнийг сонгон УИХ руу илгээх болж байна. Сонгуулийн саналын хуудсанд багаар тооцоход 40-50 нэр дэвшигчийн нэр бичигдсэн байхаар байна. Энэ нөхцөлд нэгд, нутгийн таньдаг хүн, хоёрт, намын харъяаллаар, гуравт, ямар нэг байдлаар олонд танигдсэн хүн /хэвлэлээр танигдсан, урлаг соёл, спортын алдартан гэх мэт/-ийг дугуйлах болно.

Д.НАРАНТУЯА

Холбоотой мэдээ

Leave a comment

Trending