Зүүн Европын болон Азийн зарим орон (Монгол Улс бас эгнээд нь багтана) 1990 оны эхээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, социалист/коммунист дэглэмээс ардчилсан тогтолцоо руу томоохон шилжилт хийсэн. Эдгээр шилжилтийн хурд, туршлага нь улс орнуудын хооронд харилцан ялгаатай байсан.
Коммунист систем нураад бараг 30 жил гаруй болсон хэдий ч эдгээр улс орны бодлого, ерөнхий үзэл баримтлалд энэ өнгө аяс байсаар байгаа юу гэдэг асуулт ч гарна. Тухайлбал, “эдийн засгийн үндсэрхэгжилт (economic nationalism)”-ийн өнгө аяс Монгол зэрэг улс оронд олон салбар дахь төрийн оролцоо (төрийн өмчит аж ахуйн нэгжүүд), үнийн хяналт, импортыг орлуулах, татвараар хамгаалалт, эргээд хүнд суртал, авлигын эх сурвалж болдог зөвшөөрөл зэргээр бат оршсоор, магадгүй бүр сэргэн мандах ч өнгө аястай болж байна.
Сүүлийн үеийн судалгаанууд (жишээ нь, Colantone болон Stanig 2019) нь барууны ардчилсан орнуудад хүртэл сүүлийн үед олны дэмжлэг авах болсон популист нам, улстөрчдийн санал болгож буй бодлогын нийтлэг шинж нь “эдийн засгийн үндсэрхэг үзэлд”-д төвлөрч байгаа ажээ. “Дээдсийг бурхан татаад авна, харин бид загасны хоол болно” гэдэгтэй адил барууны орнуудын хувьд засаглал, Үндсэн хуулийн хяналт-баланс нь популизм эдийн засгийн бодлого руу халихаас сэргийлж чаддаг бол манайх шиг орны хувьд популизмдаа ч живэх эрсдэл холгүй байх боломжтой.
Импортыг орлох тухай, хамгаалах тухай сэдэл нь социалист үзэл санаанаас анх эхлэлтэй бөгөөд дараа нь, колончлолоос гарсан улс орнуудын өөрөө бие даах хүсэл, үндсэрхэг үзэлтэй холбогддог. Импортыг орлох стратегийн хувьд, худалдааны хамгаалалт хийх, өрсөлдөөнийг сулруулах, валютын ханшийг хэт үнэлэгдэхэд хүргэдэг зэрэг нь маш ноцтой үр ашиггүй байдалд хүргэдэг. “Угжаа хурга” шиг болсон, өрсөлдөх чадваргүй, маш өртэгтэй бүтээгдэхүүнтэй дотоодын үйлдвэрлэгчид нь цаашид бие даан хөгжин дэвшиж чадахгүй, цагийн аясаар дотоодод худалдах үнэ нь маш өндөрт хүрч, импортод байраа тавьж өгснөөр төрийн бүх дэмжлэг үр дүнгүй болох эрсдэлтэй. Дэлхий дээр энэ стратегийг баримтлах гэсэн оролдлого бүр энэ гашуун түүхээр төгссөн нь хар дээр цагаанаар бичээстэй бий. Харин туйлын давуу талтай түүхий эд байгаад түүний боловсруулалтын шатыг ахиулж, экспортын чиг баримжаатай болгох тухай бол тусдаа асуудал юм.
Ийнхүү эдийн засгийн үндсэрхэг үзэл газар авч байгаад коммунист системд байсны урт хугацааны “санах ой” нөлөөлж байна уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Коммунизмын урт хугацааны нөлөөг Fuchs-Schündeln болон Schündeln (2020) нар Зүүн Европын орнуудын жишээн дээр судалжээ. Ингэхдээ тэд коммунист болон капиталист чиг хандлагын хувьд ялгаатай 4 суурь талбарын хувьд тухайн асуудлыг авч үзсэн. Тухайлбал, коммунизмын үндсэн үзэл санаа нь 1/зах зээл дэх төрийн хүчтэй оролцоо, 2/улс төрийн эрх чөлөөний хатуу хязгаарлалт, 3/ орлогын тэгш бус байдал бага, 4/ жендэрийн тэгш бус байдал бага байх явдал билээ.

Тэд макро үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийгээд институци болон зан төлвийн хувьд Зүүн Европын орнууд нь Баруун Европ руу хурдацтай конвергенци хийснийг харуулсан. Гэхдээ Европын холбооны гишүүн бус Зүүн Европын орнуудын хувьд бага зэргийн хоцрогдол бол байсаар буй. Харин 30 жилийн дараа ч бодлого болон иргэдийн илүүд үзэх сонголтын хувьд капиталист барууны орнуудаас ялгаатай буюу коммунизмын нөлөө байсаар байгааг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, коммунист системд олон жил явж ирсэн зүүн европчууд эдийн засаг дахь төрийн оролцоо, ардчилал, дахин хуваарилалт, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо зэрэгт коммунист үзэл баримтлалтай илүү нийцтэй сонголт хийж байгаа талаарх нотолгоог олсон. Энэ үр дүн нь коммунизмын бодлого, сонголт дахь удаан хугацаанд үргэлжлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байгаа бөгөөд бусад судлаач (Alesina and Fuchs-Schündeln 2007, Fuchs-Schündeln and Schündeln (2015), and Pop-Eleches and Tucker 2017)-ын гаргасан дүгнэлтүүдтэй нийцтэй юм.
Ялангуяа, коммунизмын үед удаан амьдарсан настай бүлгүүдийн хувьд залуу бүлгүүдээс илүүтэй 4 талбарын хувьд коммунизмтай нийцтэй байх хариулт өгчээ. Зүүн Европын оршин суугчид дунджаар ардчиллыг бага дэмжиж, дахин хуваарилалтыг илүү ихээр хүсч байгаа ч, зах зээлийн эдийн засгийг илүүд үздэг нь барууныхтай дунджаар ижил, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог дэмжих нь бүр ч доогуур байна.
Монголын хувьд иргэдийн санал асуулгаар авсан ижил төрлийн судалгаа байхгүй хэдий ч ижил гараанаас гарсан орнуудын судалгааг буулган бодоход дараах ерөнхий ажиглалт гарч болох юм. Коммунист системд 70 орчим жил явж ирсэн, тухайн нийгэмд амьдарч байсан хүмүүсийн нийт хүнд эзлэх хувийн жин харьцангуй өндөр хэвээр байгаа манай орны хувьд коммунизмын урт хугацааны нөлөө байсаар байгаа нь дамжиггүй. Тэр дундаа төрийн оролцоог хүсэмжлэх, орлогын тэгш байдлыг хангах зорилгоор дахин хуваарилалтыг илүү ихээр хүсэх байдал байсаар байгаа нь улс төрийн үүднээс илүү популист бодлого, тэр дундаа эдийн засгийн үндсэрхэг үзэл бат орших суурь болж байж болох юм. Иймд ямар сонгогч байна, тийм бодлого хэрэгжинэ гэдэг зарчмаар эдийн засаг, нийгмийн бодлого хэрэгжиж байна гэж үзэж болох юм. Эдгээр бодлогын анхны зорилго нь ч буруу биш байх, гагцхүү бодит үр дүнд хүрч байна уу, зорилтот болгох замаар үр дүнг сайжруулах боломжийг яагаад ашиглаж болохгүй вэ, төрийн оролцоо нь авлигал, хүнд суртал, алдагдал, өр зээлийг нэмээд байгааг үргэлжлүүлсэн байх уу зэрэг нь л санаа зовоох асуудал юм.
70 жилийн дараах 30 жилд институцийн хувьд өөрчлөлт хийж амждаг хэдий ч түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт, хяналтын механизм бүрдэхэд хангалтгүй ажээ. Тэгвэл дараагийн 30 жилд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
Эх сурвалж:
Colantone, I and Stanig, P 2019, “The Surge of Economic Nationalism in
Western Europe”, Journal of Economic Perspectives, vol. 33, no. 4, pp. 128-151.
Fuchs-Schündeln, N and Schündeln, M 2020, “The Long-Term Effects of Communism in Eastern Europe”, Journal of Economic Perspectives, vol. 34, no. 2, pp. 172-191.
Д.ГАН-ОЧИР, Монголбанкны Ерөнхий эдийн засагч





Leave a comment