2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс Google компани Chrome хөтөч дээрх third-party cookie-гийнхээ 1%-ийг унтраалаа. Google компани cookie-гээс шат дараатайгаар татгалзахаар шийдвэрлэсний эхний алхам нь энэ болж байгаа юм. Төлөвлөсний дагуу энэ 2024 оны сүүл гэхэд Google cookie-гээс бүрэн татгалзана.

Cookie гэж юу вэ?

Үүнийг энгийнээр ойлгоход интернэт орчинд аялахад хялбар болгох зориулалттай хөтчүүдийн үүсгэсэн санах ой гэж ойлгож болно. Internet cookie, web cookie, browser cookie, simply cookie, http cookie гэх зэргээр янз янзаар нэрлэдэг.

Интернэт орчинд хийж байгаа бидний үйлдэл бүр компьютер дээр хадгалагддаг. Тодорхой вэб рүү нэвтрэх үйлдэл бүр дахин давтагдашгүй дугаар үүсгэн cookie-д хадгалагддаг бөгөөд дараагийн удаа нэвтрэхэд үүсгэсэн давтагдашгүй дугаараар хялбар нэвтрэх боломжтой болдог. Хэрэв cookie байхгүй бол бид жишээ нь, Facebook руу нэвтрэх тоолондоо нэр, нууц үгээ хийх шаардлагатай гэсэн үг. Cookie-д интернэт орчин руу нэвтэрсэн бүхий л мэдээлэл, зочилсон вэб, хайлтууд, имэйл хаяг гээд бүгд хадгалагддаг.

Cookie интернэт орчинд хялбар зорчих боломжийг олгож байгаа ч бас эрсдэл агуулдаг. Бидний cookie-г хэн нэгэн авчихвал яах вэ? Зарим веб хуудсууд руу ороход “таны cookie-г авахыг та зөвшөөрч байна уу” гэж асуудаг. Хэрэглэгчийнхээ зөвшөөрсөн cookie мэдээллийг авсан тал өөрсдийн маркетингад ашиглахын зэрэгцээ Google, Youtube, FB зэрэг платформуудад худалддаг. Хакерууд ч cookie-н араас хөөцөлддөг.

Хэрэглэгч cookie мэдээллээ өөрсдийн хөтчөөс харах боломжтой. Хулганы баруун товчыг даран inspect element хэсгийг сонгож харж болно.

Cookie нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Session cookie /хөтчийг нээснээс хойш орсон веб хуудсуудын мэдээллийг хадгалдаг. Хөтөчийг хаахад устдаг/, Persistent cookie /үйлдлүүд, нэвтэрсэн хуудсууд, нэвтрэлтийн мэдээллийг хөтчийг хаасны дараа ч хадгалагддаг/, First-Party cookie /хэрэглэгчийн өөрсдийн үүсгэсэн хөтчийг ашигласан мэдээлэл/, Third-Party cookie /хэрэглэгчийн санаатай болон санаандгүй нэвтэрсэн бүхий сурталчилгааны хуудсууд зөвшөөрөлгүйгээр cookie үүсгэдэг, үүнээс гадна хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дундаас нь авсан cookie/, Zombie cookie /Third-Party cookie компьютер дээр хадгалагдсаныг мэдээд устгасан ч хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд байдаг төрлийн cookie юм. Ингэснээр бид устгасан ч бүрэн устгагдалгүй биднийг үргэлжлүүлэн хянаж байх боломжтой нээгдэнэ/.

Cookie халах шийдвэр ба медиа зах зээл

Google-ийн энэ шийдвэр онлайн орчинд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн хэрэгслүүдэд таатай зүйл биш юм. Cookie байхгүй болсноор зар сурталчилгааны орлогод тулгуурлан мэдээллээ үнэ төлбөргүйгээр нээлттэй түгээдэг вэб сайтуудад сөрөг нөлөөтэй. Cookie мэдээлэлгүй болсноор зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдээ таньж мэдэж байсан байдал үгүй болж, харанхуй нүх мэт байдал үүсч магадгүйг Press Gazette анхааруулжээ. Press Gazette нь Их Британийн хэвлэл мэдээллийн салбарын мэдээллийг түгээдэг байгууллага юм.

Chrome хөтчийн cookie байхгүй болсноор онлайн орчинд мэдээллээ үнэгүй түгээдэг редакциуд мэдээллээ төлбөртэй түгээх зарчим руу шилжихээс өөр аргагүй болно хэмээн Press Gazette дүгнэжээ. “Үнэгүй мэдээний эрин үе дууслаа” хэмээн онцолжээ.

Cookie мэдээлэл нь зар сурталчилгаа олгогчдод зах зээлээ таних, зар сурталчилгаагаа оновчтой тодорхойлох, зар сурталчилгаа хүлээн авагчдыг сегмэнтлэх, идэвхжүүлэх цаг үеийг нарийвчлах зэрэг боломжийг олгож байсан юм. Энэ байдал нь цахим орчны хэвлэл мэдээллийн байгууллагуудад давуу тал болж байлаа. Зар сурталчилгаагаа аль хэдийн сошиал платформуудад алдаад байгаа медиа компаниудын хувьд энэ алхам хүнд цохилт болж мэдэхээр байна.

Технологийн компаниудын сүүлийн жилүүдэд баримталж байгаа стратегийн бодлого, шийдвэрүүд ийнхүү хэвлэл мэдээллийн зах зээлд улам илүү сорилт болж байна. Мэдээний контентын түгээлтийн гол платформууд болсон Facebook, Twitter/X компаниуд мэдээ түгээх алгоритмдээ өөрчлөлт оруулж, түгээх хувь хэмжээг бууруулж эхэлсэн. Ингэснээр мэдээний хандалтын урсгал дор хаяж 20%-иар буурсан талаар АНУ, Их Британийн редакциуд хэлж байгаа юм. Мэдээний хандалт, зар сурталчилгааны орлого хоёр шууд хамааралтай учраас нэн таагүй нөхцөл бий болж байгаа юм. Press Gazette-ийн мэдээлснээр Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2023 оны зар сурталчилгааны орлого 8% буурчээ.

Үүнээс гадна технологийн аваргууд мэдээний контентийг нь үнэгүй түгээж, мэдээний контент бэлтгэсэн редакцид ирэх хандалт авч байгаа нь шударга бус гэж үзэн хууль баталж, мөнгө нэхэмжилсэн тохиолдол нэмэгдэж байна. Австрали 3 жилийн өмнө хууль гаргасан бөгөөд технологийн аваргуудтай хэдэн сар үзэлцсэний эцэст Google болон Facebook Австралийн томоохон мэдээллийн сувгуудтай гэрээ байгуулж, нөхөн төлбөр олгож эхэлсэн. Өнгөрсөн жил Канадад мөн ижил нөхцөл байдал үүсч, медиа салбарынхан санасандаа хүрсэн. Гэхдээ энэ тохиролцоо нь зөвхөн хил дамнан, дэлхий даяар мэдээллийн орон зайтай редакциудад илүүтэй хамаатай болохоос жижгүүдэд хүртээлгүй байгаа юм.

Дэлхийн том редакциудын хувьд зовинол болж байгаа энэ асуудал Монголын медиа зах зээлд тийм ч нөлөөтэй биш. Учир нь, цэвэр зар сурталчилгааны орлогоор амьдарч байгаа редакц бараг байхгүй, байгаа нь гарын таван хуруунд болов уу гэж таамаглаж байна. Мөн cookie мэдээллээ ашиглан, зар сурталчилгааны стратеги боловсруулж байгаа нь ховор болов уу.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending