Засгийн газраас боловсруулан 2023 оны зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн Баасан /2024.01.05/ гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч санал хураалт явуулалгүй энэ долоо хоног руу шилжүүллээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу ирэх Пүрэв /2024.01.11/ гаригийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуулийн төслийн зарим заалтаар гишүүд зөрүүтэй байр суурь илэрхийлсэн, ялангуяа хуулийн төслийг боловсруулсан Засгийн газрын гишүүд нь өргөн барьсан төслийн зарчмаас зөрүүтэй байр суурь илэрхийлсэн нь ийнхүү санал хураалтыг хойшлуулах үндэслэл болж байгааг спикер Г.Занданшатар онцолсон.
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөрсдөө санал зөрөлдөж, улмаар унагах, гацаах явдал гарах болсон нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгаа”-г УИХ-ын дарга анхаарууллаа.
Засгийн газрын боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь зохицуулалт, үйлчлэх хүрээний хувьд илүү либеральчлагдсан хууль болсон хэмээн дүгнэх нь зүйд нийцнэ. Энэхүү хууль нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдаагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж байгаа дотоод, гадаадын бүх хуулийн этгээдэд хамаарах юм. Хуулийн үйлчлэх хүрээг “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаанд хамаарна” хэмээн томъёолжээ. Ингэхдээ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчийг зааглан тодорхойлсон. Тухайлбал, “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг; “гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/, гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг хэлнэ хэмээжээ.
Гэсэн хэдий ч Засгийн газрын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газраас хийсэн судалгаагаар 1990 оноос 2023 оны I улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73% нь уул уурхайн олборлох салбарт, 11% нь худалдаа үйлчилгээний, 16% нь бусад салбарт орж иржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна хэмээн Шадар сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн танилцуулгадаа дурдлаа.
Оюутолгой төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдсэн харагдаж байгаа ч сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42%-ийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байна.
2023 оны I улирлын байдлаар Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган ААН бүртгэлтэй байгаагаас 9,350 нь гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж байна. 1990-2023 онд нийт 14,836 гадаадын хөрөнгө оруулалттай ААН бүртгэгдсэнээс 5486 аж ахуйн нэгж татан буугджээ. Эдгээр ААН-ийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугдсан байна.
Сүүлийн 3 жилийн дунджаар ААН-ийн төлсөн нийт татварын 23 хувийг буюу 2.63 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүрдүүлсэн бол 2022 онд 16 хувь буюу 2.4 их наяд болж буурсан байна.
Тиймээс Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчийг зах зээлийн судалгаа, мэдээллээр хангах замаар хөрөнгө оруулалт татах, шинээр хөрөнгө оруулалт орж ирэх үеийн бүртгэл, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалтын үе шатад тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөлөөр хангах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Шинэ өөрчлөлтүүд
Хуулийн төслийг иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 гаруй байгууллагын 250 орчим төлөөллөөс нийтдээ 700 орчим саналыг хүлээж авчээ. Нийт ирүүлсэн саналын 60 хувийг хуулийн төсөлд тусгаж, 20 хувийг тусгаагүй, 20 хувь нь сэтгэгдэл байсан тул санал ирүүлсэн байгууллагуудад хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар хариу мэдэгдэж ажиллажээ.
Шинэчилсэн хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах зорилгоор дараах 10 зарчмын асуудлуудыг шинээр тусгасан байна. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгасан,
- Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулсан,
- Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, гомдлыг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан,
- Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан,
- Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тодорхойлж тусгасан,
- Татварын урамшууллын асуудлыг Татварын хуулиар зохицуулах өөрчлөлт оруулсан,
- Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан,
- Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн.
Маргаан дагуулсан босго
Шинэчилсэн хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаарддаг 100 000 ам.долларын босгыг байхгүй болгохоор тусгасан нь хамгийн их шүүмж дагуулж, эсрэг тэсрэг байр суурийг гишүүд илэрхийллээ.
Одоогийн мөрдөгдөж байгаа 2013 оны хуульд босгыг 100 000 ам.доллар тогтоосон. Босгыг байхгүй болгосон үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, хоёр хөршийн иргэд, дүрвэгчид олноор орж ирэх аюултай гэсэн байр суурийг Ц.Даваасүрэн, Д.Сарангэлэ, Х.Болорчулуун зэрэг гишүүн илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хаалттай байх нь хөгжлийг удаашруулна гэж үзэж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлээд хөрөнгө оруулалтын босго огт алга болохгүй, зөвхөн том компаниудад үйлчилнэ гэлээ.
Энэ удаагийн хуулийн төсөл нь энэ чуулганд орж ирж байгаа хоёр дахь удаагийн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл юм. Өмнө 2021 онд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын 4 гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг гэнэт оруулж ирсэн бөгөөд 100 000 ам.долларын босгыг 50 000 ам.доллар болгон бууруулах заалт маргаан дагуулж, улмаар төсөл боловсруулагчид хуулиа эргүүлэн татсанаар асуудал намжсан билээ.
Зарим салбарын хязгаарлалтыг цуцална
2013 оны хуулиар гадаадын төрийн өмчит хуулийн этгээд зарим салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан байсныг шинэчилсэн төслөөр халсан байна. Тухайлбал, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь Монголын уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт 33-аас дээш хувийн хөрөнгө оруулах тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байсан зохицуулалтыг халахаар өөрчилсөн байна.
Д.НАРАНТУЯА
Шинэчилсэн хуулийн төслийг дараах холбоосоос харна уу.





Leave a comment