Засгийн газраас УИХ-д өнгөрсөн оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт дахин хойшиллоо. УИХ дахь АН-ын бүлэг завсарлага хүссэнийг ёсоор болгож, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын 3 хоногийн завсарлага өглөө.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн боловч гишүүдийн байр суурь ихээхэн зөрүүтэй байсан учраас санал хураалтыг энэ долоо хоног руу шилжүүлээд байсан юм.
Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд баталсан. Энэ удаагийн өргөн барьсан хууль нь хөрөнгө оруулалтын эдийн засгийн агуулгыг тэлсэн хууль гэж тодорхойлж болно. Өмнөх хуулиудад дутагдалтай байсан хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, өмчийн маргааныг шуурхай бөгөөд хүндрэлгүй шийдэх, төрийн байгууллагуудын давхардсан хяналт шалгалтыг цөөлөх, цахим зохицуулалтыг тусгасан, өмнө байсан хязгаарлалтыг үгүй болгосон, бусад хуулийн давхацлыг арилгах зэрэг олон давуу талтай.
Хуулийн төслийг УИХ дээр өнгөрсөн долоо хоногт анх хэлэлцэх үеэс л хуулийн төсөлд тусгасан шинэ болоод давуу зохицуулалтуудыг огт хөндөгдөлгүйгээр зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын босго болон газар ашиглах заалт тойрсон эсрэг байр сууриуд хөвөрч, нэгдсэн хуралдааны өмнөх өдөр буюу өчигдөр /2024.01.10/ улс төрийн акц болон хувирлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Х.Баттулга Төрийн ордонд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа АН-ын нэрийн өмнөөс илэрхийлсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан үйлдлийг улс төрийн акц гэж нэрлэхээс өөр аргагүй. Х.Баттулгын мэдэгдлийн дараа хуулийн төслийг боловсруулагч Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар яаралтай зар тараан Х.Баттулгын үйлдэлд хариу байр сууриа илэрхийлсэн үйл явдал өчигдөр Төрийн ордонд өрнөлөө.

Өнөөдрийн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө МХАҮТ, Монгол дахь Европын холбоо, ХБНГУ, Их Британи, АНУ-ын Худалдааны танхимийн төлөөллүүд хамтран Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд орсон өөрчлөлтүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь энэ сэдэвт агуулга нэмсэн шигтгээ байлаа.
БАЙ БОЛСОН 3 СЭДЭВ
НЭГ: Газар
Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглуулах тухай заалт 1993 оны анхны хууль тусгагдсан. 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулах, энэ хугацаа дууссаны дараа 40 жилээр 1 удаа сунгахаар заасан. 2013 онд өөрчлөн батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд ашиглуулахаас гадна эзэмшүүлэх зохицуулалтыг оруулсан бөгөөд газрыг 60 хүртэлх жилээр эзэмшүүлэх, ашиглуулна, энэ хугацаа дуусвал 40 жилээр 1 удаа сунгахаар баталсан. Харин одоо УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд 2013 оны хуульд нэмсэн “газрыг эзэмшүүлэх” зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд шинэ хуулийн төсөлд оруулаагүй. “Хүмүүсийн яриад байгаа шиг өөр ямар нэгэн газартай холбоотой өөрчлөлт ороогүй” хэмээн Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн.
Гэхдээ энэ зохицуулалт нь Газрын тухай хуулийн “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасантай зөрчилдөж байгаа. Энэ зөрчлийг арилгахаар Засгийн газар ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Хоёр: Босго
Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 000 ам.долларын хөрөнгийн босгыг хуулийн төсөлд тусгаагүй. Үүнээс үүдэн 1 төгрөг бариад ирсэн гадаадын иргэн хөрөнгө оруулагч гэгдэж, монголчуудаас давуу эрх эдлэх нь гэсэн мессэж салхи мэт түглээ. Мэдээж энэ 1 төгрөг барьсан хүн нь өмнөд хөршийн иргэн байна гэсэн төсөөлөл олон хүний тархинд дүрслэгдэж, хятадуудад эзлэгдэнэ гэсэн монголчуудын тархинд хэдэн зуун жил хадгалагдсан айдсыг өдөөлөө. Иргэдийн тархин дахь энэ айдас улс төрийн түвшиндээ үндэсний аюулгүй байдал гэдгээр халхавчлагдаж байгаа нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өчигдрийн акц юм.
Бодит байдал дээрээ 1 төгрөг бариад ирсэн хүн хөрөнгө оруулагч гэж хэлэгдэх хууль эрх зүйн болоод эдийн засгийн орчин Монголд байхгүй нь хөгжлийн нэг илэрхийлэл төдийгүй аз юм.
Гурав: Анхаарал татсан банк, санхүүгийн салбар
2013 оны хуулиар гурван салбарт гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлсан нь нэгд, банк, санхүү, хоёрт, уул уурхай, гуравт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарууд юм. Энэ хязгаарлалтыг шинэ хуулийн төсөлд тусгаагүй нь эсрэг, тэсрэг байр суурийг дагуулаад байна. Ялангуяа банк, санхүүгийн салбарыг ийнхүү чөлөөтэй болгож байгааг эсэргүүцэж байгаа хэсгийн байр суурь нөгөөх нь 1 төгрөгтэй ижил байр суурь. Хятад банк орж ирээд монголчуудыг зээлийн хүүгээр дамжуулан тартагт нь тулгаж, гарцгүй болмогц өмч, газар нь хятадуудад шилжинэ гэсэн үндэслэл. Энэ үндэслэлээ өнгөрсөн зууны эхэн үеийн Да Шэн Кү буюу монголчуудын нэрлэж заншсанаар Даашинхүүгийн пүүсийн жишээгээр хүч нэмж байна. Сонирхуулахад, Да Шэн Кү-гийн пүүс өнөө цагийн ойлголтоор үндэстэн дамнасан корпорацийн хэмжээнд хүртэл хөгжсөн компанийн хэмжээнд хүртлээ тэлсэн байсан ч БНХАУ байгуулагдсаны дараагаар бүх хувийн өмчийг нийгэмчлэх кампанит аяны шуурганд нирвэгдсэн байдаг.
Да Шэн Кү-гийн пүүсийн өнөө цагийн хувилбар нь Банк оф Чайна (Bank of China). Банк оф Чайна нь Монголд төлөөлөгчийн газраа нээгээд 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус банкны зүгээс салбараа тодорхой нөхцөлтэйгөөр нээх зөвшөөрлийг Монголын Засгийн газраас хүсэлтээ ирэлхийлээд удаж байгаа. Банк оф Чайна зөвшөөрлөө илгээсэн тэр цаг үетэй нь давхцан эсэргүүцсэн байр суурийг хэвлэл мэдээллээр өргөн хүрээтэй хийж байсан түүхтэй. Энэ асуудал олон жил маргаан дагуулсан сэдэв хэвээр байна.
Ч.Хүрэлбаатар сайдын зүгээс Монголд гадаадын банкны салбарыг нээх болсон гэдгийг өнгөрсөн жилээс хойш нэг бус удаа олон нийтэд илээр илэрхийлсээр ирсэн.
Эдийн засагч, шинжээчдийн зүгээс ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир дараах байр суурийг илэрхийлсэн хэдхэн сарын өмнө илэрхийлжээ. “…манай орны хувьд корпорайт харилцагчаа дагах, байршлын хувьд ойр байх гэсэн шалгуурыг авч үзвэл Оюутолгой болон уул уурхайн бусад төслийг дагасан хэлбэрээр, 2 хөрш рүү экспортлогч эсвэл импортлогч компаниудын харилцагч болохоор 2 хөршийн банк дотоод зах зээлд орж ирж, бие даасан нэгжээр үйл ажиллагаа явуулах магадлал нь өндөр байна.
Харин, банкны зах зээлийн хэмжээ бага, эс төрөлжилттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй, төлбөрийн тэнцэл, валютын ханшийн гадаад шоконд өртөх эмзэг эмзэг байдал өндөр, нэг хүнд ногдох ДНБ харьцангуй бага, түүхэн өгөгдлийн хувьд эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал өндөр зэрэг нь гадаадын банкны дотоод зах зээлд нэвтрэх сонирхлыг бууруулах чиглэлд нөлөөлөхөөр байна. Иймд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах бодлого, чиг үүргийн хүрээнд эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь гадаадын банк нэвтрэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
Өнөөдөр улс төрийн хүрээнд илүү яригдаад буй гадаадын банкны дотоод зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин, түүний сурталчилгааг сайн хийх, дотоодын хүүний түвшин, зөрүү өндөр байх зэрэг нь дангаараа хангалтгүй. Гэхдээ дотоодын банк, санхүүгийн зах зээлийн онцлог, боломж, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх, сурталчлан таниулах нь эерэг өөрчлөлт бий болгоно.
Иймд хөрөнгө оруулалтыг татах институц нь манлайлаад, бусад бүх түвшинд, шат шатандаа гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийг дотоод зах зээл рүү татахын тулд тууштай, нийцтэй ажиллавал үр дүнд хүрэх нь дамжиггүй бизээ” гэжээ.
Дотоодын хөрөнгө мөнгөний нөөц хязгаарлагдмал учраас бид гадаадаас хөрөнгө татах талаар ярьж, орчин нөхцөлийг нь нээлттэй, таатай болгосоор ирсэн. Ямар ч сайхан хууль гаргаж, таатай орчин бүрдүүллээ гэсэн ч хуулийн хүрээ хилд нь тогтоон барих хяналтыг УИХ, Засгийн газраараа дамжуулан тавих бүрэн боломж монголчууд бидэнд бий. Мөнгө бол усны урсгалтай ижил, хааж боолоо гэхэд чөлөөтэй гольдрил руугаа урсан оддог.
Д.НАРАНТУЯА
Холбоотой контент:





Leave a comment