Германы баруун чигийн үзэл баримтлалтай улстөрчид өнгөрсөн арваннэгдүгээр сард нууц уулзалт зохион байгуулж, Германд байгаа хэдэн сая цагаачдыг нутгаасаа гаргах тухай хэлэлцсэн мэдээллийг Correctiv энэ долоо хоногт ил болголоо. Баруунтнуудын төлөвлөгөөнд зөвхөн цагаачид төдийгүй герман иргэдийг хамруулах тухай хөндөгдсөн нь Германы нийгмийг цочроож, либерал ардчилсан нийгэм аюулд орлоо гэсэн мессежүүд гарч эхэлжээ.

Correctiv-ийн мэдээлснээр уулзалт Потсдам хотын ойролцоо болсон бөгөөд уг уулзалтад эрэн сурвалжлагч сэтгүүлчээ нууцаар оруулсан байжээ. Өөрийн сэтгүүлчийн мэдээлэл болон уулзалтад оролцсон зарим гэрчийн мэдээлэлд үндэслэн редакц мэдээллээ бататгасан байна.

Уулзалтад парламентад суудалтай намуудын төлөөлөл оролцсоны дотор баруун чигийн үзэл баримтлалтай AfD намын нөлөө бүхий төлөөлөл байжээ. Тухайлбал, тус намын парламент дахь бүлгийн тэргүүнээр ажиллаж байсан Роланд Хартвиг байсан бөгөөд тэрбээр AfD намын парламентын бүлгийн дарга Алиса Вайделийн хувийн зөвлөхөөр ажилладаг.

Гэрчүүдийн мэдээлснээр уулзалтын гол хэлэлцсэн асуудал нь хэрвээ AfD нам засгийн эрхийг авбал ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай байжээ.

Уулзалтыг бизнесмэн, шүдний эмч мэргэжилтэй Гернот Мёриг нээсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусийн эсрэг тэмцэл, бүх нийтийн вакцинжуулалт, Украин болон Газын зурвасын асуудлуудаар баруунтнууд дотроо байр суурийн зөрөөтэй байгаа хэдий ч бүгд санал нэгдэж байгаа нэг зүйл нь “Германчууд үндэстэн гэдэг утгаараа Баруунд тэсэж үлдэж чадах уу, үгүй юу гэдэг асуулт байна” хэмээн тэр онцолсон байна.

Түүнийг хэт барууны үзлийн IDB хөдөлгөөний удирдагч асан Мартин Зелльнер гол илтгэлээ танилцуулжээ. Түүний илтгэлийн гол концепц нь цагаачлалын асуудлыг эргэн харах нь гэсэн сэдэв байсан. Илтгэлийн гол санаа нь хэдэн сая цагаач иргэдийг, мөн цагаач угшилтай герман иргэдийг оролцуулан Хойд Африк руу шилцин суурьшуулах тухай юм.

Зелльнерийн илтгэлд дурдсанаар дараах гурван төрлийн цагаачид Германы нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой гэжээ. Үүнд, орогнол хүсч буй цагаачид, түр оршин суух эрх бүхий гадаадын иргэд, цагаач угшилтай, нийгэмд дасан зохицоогүй герман иргэд хэмээн тодорхойлжээ. Эдгээрээс сүүлийнх нь буюу цагаач угшилтай, Германы нийгэмд дасан зохицоогүй ангиллын хүмүүс “илүү аюултай” хэмээн Зелльнер онцолсон байна. Зелльнерийн тооцоогоор Хойд Африкт 2 сая хүртэл тооны хүмүүсийг шилцүүлэх боломжтой гэжээ.

Уулзалтад оролцохоор уригдсан бүх хүн уулзалтын гол сэдвийг мэдэж байсан гэдгийг гэрчүүд нотолсон байна. Уулзалтад ирсэн хүмүүс Зелльнерийн саналыг эсэргүүцэх, эсвэл шүүмжилсэн байр суурь илэрхийлээгүй, гагцхүү энэ төлөвлөгөө биелэх боломжтой эсэхэд эргэлзэж байжээ. Баяр сууриа илэрхийлсэн оролцогчдын хэлсэн үгээс эш татвал:

  • AfD намын парламентын гишүүн Геррит Юи “Зелльнертэй ижил байр суурь баримтлаад удаж байгаа”
  • AfD намын парламентын гишүүн Ульрих Зигмунд “гадаад эзэдтэй ресторанууд аль болох анхаарал татахгүй ажиллах ёстой”
  • Роланд Хартвиг “Зелльнерийн үзэл санааг залуучуудаар дамжуулан түгээх ёстой, үйл явдлын чигийг эргүүлэх залуучууд хөл дээрээ боссон, Tik Tok болон YouTube платформыг ашиглан залуучуудад зориулсан улс төрийн контент бэлтгэн түгээх хэрэгтэй зэрэг байр суурийг илэрхийлжээ.

Correctiv-ийн редакцийн зүгээс уулзалтад оролцсон хүмүүсээс байр суурийг авахаар холбогдож, “Уулзалтын үеэр хийсэн гол мэдэгдлүүдийн талаар та ямар байр суурьтай байна вэ” гэсэн асуултад хариулахыг хүсчээ. Асуултад ихэнх нь хариулаагүй байна. Парламентын гишүүн Ульрих Зигмунд хуулийн фирмээр дамжуулан “худал зүйлд буруутгаж байна, тэр уулзалтад улстөрчийн хувиар биш хувь хүний хувьд оролцсон, хүмүүсийг хүчээр шилжүүлэх нь хууль бус” гэсэн хариу өгчээ. Уулзалтыг зохион байгуулагч Гернот Мёриг хариундаа “Зелльнерийн илтгэлийг арай өөрөөр санаж байна, хэрвээ гэрчүүдийн нотолсон шиг байр суурь, ялангуяа герман иргэдэд тэгш бус хандсан байр суурь байсан бол миний анхаарлаас гадуур өнгөрөх учиргүй” гэжээ.

Хэт барууны үзэл баримтлалтай AfD нам 2013 онд байгуулагдсан. 2017 оны есдүгээр сарын сонгуулиар Бундестагийн гишүүдийн тоогоор 3 дахь нам болж чадсан. Сүүлийн үеийн судалгаагаар AfD нам сонгогчдын 20%-ийн дэмжлэгийг хүлээж байгаа. Саксон, Тюринг зэрэг мужид илүү дэмжлэгтэй, эдгээр мужийн сонгогчдын 30 гаруй хувь нь AfD намыг дэмждэг.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending