Жил гарангийн өмнө сүр дуулиантайгаар эхэлж байсан нүүрсний гэх тодотголтой хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 15-нд эхэлж өчигдөр /2024.01.31/ уг хэрэгт татагдсан хүмүүст ял оноосноор өндөрлөлөө. Шүүх хурлыг өнгөрсөн онд хэд хэдэн удаа зарласан ч тэр тоолонд ямар нэг шалтгаанаар хойшилсоор 2024 он гараад эхэлсэн юм. Харин шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр хаалттай шүүсэн билээ. Шүүх хурлыг ийнхүү хаалттай явуулахаар шийдвэрлэсэнл олон нийт дургуйцэж байгаагаа илэрхийлж байсан.
Энэхүү хэрэгт 11 хүнийг холбогдуулан мөрдөн шалгаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тухайн үедээ энэ хэрэгт 100 илүү хүнийг холбогдуулан шалгасан ч эцсийн мөчид 11 хүнд ял оноох хүсэлтийг прокуророос шүүх рүү шилжүүлсэн юм.
Шүүгдэгчдэд дараах ялыг шүүхээс оноолоо. Үүнд,
Шүүгдэгч Т.Аюурсайханд (УИХ-ын дэд дарга асан) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч И.Даваадоржид (ХНХЯ-ны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Б.Отгонжаргалд (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Гантөмөрт (“Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Ганхуягт (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Х.Батхишигт (“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Эрдэнэбаярт (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч О.Дагвадоржид (“МД трэйвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч П.Бадамхандад (“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн эхнэр) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн.
Харин шүүгдэгч О.Данзанлувсантүдэв (Говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр), Т.Түвшинбаатар (УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы төрсөн дүү) нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Гэмт хэргээс улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв хэмээн шүүхийн мэдээнд дурджээ.





Leave a comment