Оросын зах зээлээс хөрөнгөө гаргах, зарах процесс үргэлжилсээр байна. Оросын google гэгддэг технологийн Yandex групп Орос дахь хөрөнгөө 5,2 тэрбум ам.доллараар зарах хэлцэлд хүрснээ Даваа гаригт /2024.02.05/ мэдээллээ. Yandex групп нь Голланд болон Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай анх байгуулагдаж, 1990 оны сүүлээр Оросын зах зээлд маш богино хугацаанд байр сууриа эзэлсэн технологийн компани. 2011 онд Nasdaq-т бүртгэлтэй болсон. Хувьцааных нь 88%-ийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг.
2022 онд Оросын эрх баригчдын шахалтын улмаас мэдээний агрегатор болон онлайн хайлтын зарим хэсгээ Оросын төрийн мэдлийн ВКонтакте компанид зарсан.
Багагүй хугацааны турш явагдсан хэлцлийн дүнд ийнхүү эзэмшлийн хувиа зарахаар болж байна. Ингэснээр Yandex 100 хувь оросуудын мэдэлд очих юм.
Украин руу ОХУ довтлохоос өмнө буюу 2021 оны зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум ам.долларт хүрч байсантай харьцуулахад хэлэлцэн тохирсон 5,2 тэрбум ам.доллар гэдэг бол Yandex-ийн хувьд бага үнэлгээ юм. 5,2 тэрбум ам.доллар гэдэг бол одоогийн ханшаар 230 орчим тэрбум рубль. Украины дайнаас хойш Кремлийн зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг 50% бууруулан авах шахалтад оруулсан. Зарим хөрөнгө оруулагчид тухайлбал, Danone, Carlsberg компаниуд хөрөнгөө нэр төдий үнээр Оросын төрд шилжүүлсэн.
Reuters-ийн мэдээлснээр Yandex групп хэлцлийн наймаагаа хятадын юаниар хийгдэх бөгөөд мөнгөн шилжүүлгийг ОХУ-аас өөр газар нутагт хийхээр тохиролцсон ажээ. Наймааг ам.доллар болон рублиэр хийгдэх хоёр талын яриа амжилттай болоогүй учраас аль аль талынх нь ашиг сонирхолд нийцсэн валют хятадын юань байжээ.
А.ҮЛЭМЖ





Leave a comment