Луу жилийн босгон дээр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Зафер Атеш Эдийн засгийн клубийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй /2024.02.06/ уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Ноён Элчин сайд Зафер Атеш Монгол Улсад 2021 оны дөрөвдүгээр сард томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон.

Энэ 2024 онд Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Түүх, соёлын өнө эртний харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд, хэрхэн өрнөж байгааг ноён Элчин сайд хэрхэн тодорхойлж байгааг дор сийрүүлэв.

Улс төрийн харилцаа

Аливаа хоёр орны улс төрийн харилцаа хэр бат бөх байна, түүнийг дагаад бусад харилцаа, ялангуая эдийн засгийн харилцаанд нөлөө үзүүлдэг. Монгол, Турк хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. 1996 онд Турк улсын ЭСЯ Улаанбаатар хотод, 1997 онд Монгол Улсын ЭСЯ Анкара хотод байгуулагдсан. Дидломат харилцаа тогтоосон 55 жилийн хугацаанд хоёр улсын хооронд 100 гаруй хамтын ажиллагааны гэрээ, протоколд гарын үсэг зуржээ.

Монгол Улс гадаад бодлогодоо Туркийг гурав дахь хөршөө гэж зарласан бол Турк улс Монголыг хамгийн ойрын ахан дүүсийн харилцаатай улс гэж үздэг. Хоёр улс өнөөдөр Иж бүрэн түншлэлийн харилцаатай, энэ Иж бүрэн түншлэлийн харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр чармайн ажиллаж байна.

Эдийн засгийн харилцааны механизмууд  

Хоёр улс эдийн засаг, худалдааны хувьд бие биенийхээ хэрэгцээг харилцан нөхдөг гэж үздэг. Монгол улсын импортоор авдаг гол бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг Турк улс үйлдвэрлэж байна, мөн Туркийн импортоор авдаг шаарддлагатай түүхий эд Монголд байдаг учраас хоёр улсын эдийн засаг өсөх бүрэн боломжтой.

Хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа 3 механизмаар хэрэгжиж ирлээ. Нэгд, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засгийн хамтарсан хороодоор дамжин хэрэгжиж байна. Энэхүү хороо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны зорилтуудыг тодорхойлдог. Хамгийн сүүлд хамтарсан хорооны хурал 2021 онд Анкара хотод зохион байгуулагдсан, энэ жилийн ээлжит Х хуралдаан Улаанбаатар хотод зохиогдох товтой байна. Хоёрт, хоёр улсын бизнесийн зөвлөлүүдийн харилцаагаар дамжин хэрэгжиж байна. Монгол талаас МХАҮТ, Туркийн талаас Гадаад эдийн засгийн харилцаа зөвлөл хэмээх байгууллага бий. Энэ хоёр зөвлөлийн бизнесийн зөвлөлдөх уулзалтыг зохион явуулахаар тохирсон. Бизнесийн зөвлөлийн хурлаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцан уулзуулж, цаашид хэрхэн ажиллахыг тодорхойлдог учраас маш чухал хурал юм. Гуравт, Монгол талаас МХАҮТ, Туркийн Танхим, биржүүдийн холбоотой хамтран ажилладаг. Хоёр улс аль аль талдаа Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимийг харилцан байгуулсан. Хэдийгээр танхимуудыг харилцан байгуулсан ч хараахан идэвхтэй ажиллахгүй байгаа, үүнийг идэвхжүүлэх шаардлага байна.

Худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх шинэ зорилт

Хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа улам бүр өргөжүүлэх боломж нээлттэй байна.

Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган 2013 онд Ерөнхий сайд байхдаа Монголд айлчилсан. Энэ үеэрээ хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтдоо 2020 оны сүүл гэхэд хүрсэн. Тоон үзүүлэлтийг авч үзвэл 2022 онд 110 сая, 2023 онд бага зэрэг буураад 100 сая ам.долларт хүрсэн. Энэ онд эргэлтээ бууруулахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. 2023 оны гуравдугаар сард Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэгийн Турк улсад хийсэн айлчлалынхаа үеэр худалдааны эргэлтийг 200 саяд хүргэх шинэ зорилтыг тавьсан.

Туркээс Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүнийг авч үзвэл машин, тоног төхөөрөмж тэргүүлэх эгнээнд байна. Тэр дундаа бэйкерийн тоног төхөөрөмж мөн ихээхэн хэмжээгээр нийлүүлжээ. Дараа нь бэлэн хүнсний бүтээгдэхүүн, шоколад, жигнэмэг гэх мэт, дараа нь эм болон эмнэлгийн хэрэгслүүд, мөн гэр ахуйн болон оффис тавилга, барилгын материал тэргүүлж байна. Харин Монголоос Турк руу боловсруулсан арьс шир, ноос, самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн, хушны самар байна.

Бизнесийн харилцааны тэргүүлэх чиглэл- Мах, махан бүтээгдэхүүн болон арьс шир боловсруулах салбар

Эдийн засгийн харилцаанд мах махан бүтээгдэхүүн, арьс ширний салбарыг түлхүү хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж байгаа. Хоёр улсын арьс ширний салбарын хамтын ажиллагааны суурийг тавиад байна. НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллагаас өнгөрсөн 2023 онд Монголын арьс ширний салбарын төлөөллийг Турк улсад ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр Туркийн Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын гарын үсэг зурсан. Монгол улсад үйлдвэрлэж байгаа арьс ширний өгөөжийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэх, стандартыг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэхэд Туркийн туршлагыг нэвтрүүлэх тухай тусгагдсан. Өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэж байгаа арьс ширийг дэлхийн стандартад хүргэх тал дээр Туркийн талаас хамтран ажиллаж байна гэж ойлгож болно. Турк улс өнөөдөр арьс ширийг өндөр түвшинд үйлдвэрлэж байгаа, Монголоос арьс ширний түүхий эд авах хэрэгцээ бидэнд байгаа.

Мах, махан бүтээгдэхүүний худалдааны хувьд Туркийн талаас биелүүлэх шаардлагатай зүйлс байгаа, үүнийг бид үе шаттайгаар даван туулж махны экспортыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Элчин сайдын хувьд үүрэг ажлаа дуусгахаас өмнө Турк руу Монголын махыг экспортлохыг эхлүүлье гэсэн зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн 2023 оны гуравдугаар сард Гадаад харилцаа сайд хатагтай Б.Батцэцэгийн Туркэд хийсэн айлчлалын үеэр 4 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь махны экспорттой холбоотой гэрээ байсан. Турк улсын Халал махны магадлал итгэмжлэлийн байгууллага, Монголын талаар Стандарт, хэмжил зүйн байгууллагын хамтын ажиллагааны гэрээ байсан. Туркийн Халал махны магадлан итгэмжлэлийн байгууллага Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн байгууллагад үе шаттайгаар сургалт зохион байгуулж, халал махны магадлан итгэлжмлэлийн сертификатыг олгох эрх бүхий байгууллага болгох нь гэрээний гол агуулга. Ингэснээр ийм сертификат авсан ААН Турк улс руу мах экспортлох боломжтой болох юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд халал махны үйлдвэрүүд өргөжсөн. Турк улсаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр халал мах үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэрүүд байгуулагдсан байдаг.

Шинээр хөгжиж буй салбар

Эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг мөн цохон тэмдэглэхийг хүсч байна. Туркийн томоохон эмнэлгүүдийн төлөөлөл Монголд ээлжлэн айлчилж, Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож байна. Турк улс өнөөдөр орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд, боломжит үнээр үзүүлж байна.

“Туркиш Эйрланс”-ийн онцгой ач холбогдол

Монгол Улсад 2021 оны дөрөдвүгээр сард Элчин сайдаар томилогдон ирсэн цагаасаа хойш хоёр улсын хоорондох агаарын нислэг бол хоёр улсын эдийн засгийн харилцаа болоод Монгол Улсын гуравдагч улсуудтай харилцахад, мөн иргэд хоорондын харилцан зорчих тал дээр чухал ач холбогдолтойг анзаарсан. Тиймээс Туркийн агаарын тээвэрлэгч “Туркиш Эйрланс” компанийн нислэгийн давтамжийг нэмж өгөөч гэсэн хүсэлтийг дээд байгууллагуудад уламжилж ирсэн. Олон удаагийн уулзалтын эцэст хоёр улсын Иргэний агаарын тээврийн байгууллага нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх гэрээнд 2022 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан. Энэ гэрээний хүрээнд хувийн хэвшлийн “Туркиш Эйрланс” компани өөрийн тооцооллыг хийгээд, өвөлдөө долоо хоногт 3-4 удаа, магадгүй зуны улиралдаа өдөр бүр нисэх боломж нээгдсэн байгаа. Энэ өвлийн саруудад долоо хоногт 3 удаа нисч байна. Цаашдаа эрэлт хэрэгцээгээ дагаад нислэгийн тоогоо нэмэх асуудал нээлттэй.

2024 онд төлөвлөгдөж буй айлчлал, ажлууд

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Өндөр дээд хэмжээний буюу Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоганы айлчлал болох эсэх нь одоогоор эцэслээгүй ч айлчлах магадлал өндөр байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч хоорондоо харилцан албан ёсны урилгуудаа илгээсэн.

БНТУ-ын Үндэсний Их хурлын дарга Нуаман Куктулуш Монгол Улсад зохион байгуулагдах “Транс-Алтай” худалдаа, эдийн засгийн форумд оролцох урилгатай байгаа, оролцох эсэх хариугаа хараахан өгөөгүй байна.

БНТУ-ын Үндэсний Их хурлын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын Байнгын хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчлах товтой.

БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын Яашар Гулер сайд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй.

2024 оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний форумд Туркийн Гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан сайд уригдсан.

Хоёр улсын парламент хоорондын Худалдаа эдийн засгийн хамтарсан хорооны Х хурал Улаанбаатар хотноо болно.

Хоёр улсын Гадаад харилцааны яамдууд хоорондын Улс төрийн ээлжит уулзалт Улаанбаатар хотод болно.

Хоёр орны цэргийн салбарын 11 дэх удаагийн уулзалт Анкара хотноо болно. Мөн цэргийн сургуулилалтад харилцан оролцоно.

Турк-Монголын Бизнес форум болно.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2023-2025 оныг Visit Mongolia буюу Монгол Улсад зочлох жил хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ 2024 онд Монгол Улсад Аялал жуулчлалын форумыг зохиохоор төлөвлөж байна.

Туркийн тэргүүлэх 2 компани Монголд гүйцэтгэгчээр ажиллаж байна

Өнөөдөр Монгол улсад Туркийн 2 том компани ажиллаж байна. “ИНКА Констракшн” компани нь Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл дээр ажиллаж байгаа бол “МАПА” компани нь Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын ундны усны хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Аль аль нь гүйцэтгэгч компаниар ажиллаж байна. ИНКА компани байгуулагдсан цагаасаа 2000 гаруй, МАНФА компани 1000 гаруй төслүүдийг хийж гүйцэтгэсэн туршлагатай.

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан Ж.Энхбаярын айлчлал амжилттай болсон

2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга асан Ж.Энхбаяр Турк улсад айлчилсан. Энэ айлчлал маш амжилттай, ажил хэрэгч болсон. Энэ айлчлалаас 6 сарын өмнө буюу 2023 оны зургадугаар сард Туркийн ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр хоёр улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Ноён Ж.Энхбаяр Туркийн батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн салбарыг  илүүтэй сонирхож, батлан хамгаалахын үйлдвэр эрхэлдэг хэд хэдэн хувийн компанид зочилсон. Хэдийгээр Ж.Энхбаярын айлчлалын үеэр ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй ч хоёр орны батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чиглэлээр хэхщрхэн хамтран ажиллах шинэ чиглэлийг оруулж ирсэн учраас энэ чиглэлийг хөгжүүлэн ажиллана.

Мэргэн Тоньюкукийн хөшөөний музей энэ онд нээлтээ хийнэ

Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа түүхэн бичээс, үнэтэй өвүүдийг олж илрүүлэх, хамгаалах тал дээр хоёр улс хамтын ажиллагаагаа олон жил хэрэгжүүлж ирсэн. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутаг дахь Түрэгийн хаан Билэг хөшөө дурсгалын музей болон музей руу очих авто замыг ТИКА-гийн тусламжтайгаар барьж байгуулсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Түрэгийн хааны зөвлөх Мэргэн Коньюкукийн хөшөөний музей барих ажил ид өрнөж байна, ирэх зун нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Археологийн судалгааны ажил зөвхөн Монголд биш Туркийн газар нутагт хийгдэж байгаа нь дурдахад таатай байна. Турк, Ираны хилийн зааг дахь Ван мужид Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны баг ажиллаад, Монголын Ил хааны үеийн, тухайлбал, Хүлэгү хааны үеийн олдворуудыг олж илрүүлсэн. Энэ судалгааны ажил сүүлийн жил хагасын хугацаанд үргэлжилж байна. Түүхэн баримт бичгээс үзэхэд Хүлэгү хаан Туркийн Ван нуурын орчмыг Монголын байгальтай төстэй байсан учраас зуны ордноо байгуулсан байдаг. Энэхүү ордны олдворууд ихээхэн олдож байгаа.

Мэргэн Тоньюкук болон Билэг хааны хөшөөний бичээст анх удаа турэг гэдэг үгийг бичиж үлдээсэн учраас бидэнд эдгээр дурсгал маш үнэтэй.

Монгол орон, монголчуудын тухай

Монгол Улсад Элчин сайдаар томилогдохоос өмнө Монгол орныг сонирхон, түүх соёлынх нь талаар шимтэн уншдаг байсан. Зөвхөн надаар хязгаарлагдахгүй, Туркийн ард түмэнд Монголд маш элэгтэй учраас, Монголын түүхийг сонирхож, Монголд ирж үзэхийг маш их хүсдэг. Монгол бол маш ардчилсан улс. Маш хурдтай хөгжиж байгаа орны нэг. Залуу хүн амтай. Энэ утгаараа газар дээрээ ч, газар доороо ч баялаг ихтэй орон.

Маш идэвхтэй гадаад бодлогтой, үргэлжийн үйл явдал өрнөдөг, дэлхийн онцлох томоохон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулдаг. Гадаад бодлогын хувьд дэлхийн хэмжээнд өөрийгөө харуулж чаддаг,өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй болж чаджээ гэж би дүгнэж байна.

Монголчууд өөрийн түүх, соёл болон ёс заншлаа сайн дагаж мөрддөг, алхам тутамдаа хэрэгжүүлж чадаж байна. Орчин цагтай нийцэж хөгжиж чадсан урлаг соёлтой. Наадмын нээлтийг үздэг, маш өнгөлөг, үзүүштэй болдог. Энэ бүхэн Монгол орны талаар миний өмнө төсөөлж байсан зүйлсийг илүү өнгөлөг болгож, Монгол орныг би илүү хайрлаж, хүндэтгэдэг болсон.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending