XVII жарны Хилэн эх хэмээх модон луу жил айлчлан ирлээ. Монгол түмний нэгэн жилийг өнтэй давсаны баяр Цагаан сард зориулан Монгол төрийн дээд эрхийг баригч УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга ирж буй онд ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засгийг сайжруулах чиглэлд зарим нэг шинэчлэлт хийх шаардлагатай байгааг хэлсэн үгэндээ онцолжээ. Тухайлбал, иргэдэд ээлтэй татварын шинэчлэл хийх шаардлагатай байгаа гэлээ. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдүүлнэ хэмээн хэлсэн нь сүүлийн хоёр сар өрнөөд байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон маргаанд парламентын зүгээс хариу өглөө. Даацаа дийлэхээ больсон нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц эрэлхийлж байгаагаа хэлсэн байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ажиллах иргэн бүрт газар эзэмшүүлэх санаачилга гаргаж УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улирч одсон усан туулай жилд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн салбарт хүрсэн амжилтуудаар бахархаж буйгаа илэрхийлээд уламжлалт соёл, зан заншлыг эрхэмлэн хадгалж, хөгжүүлэхэд анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ.

Хоёр эрхмийн Цагаан сарын мэндчилгээг хүлээн авна уу.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ

Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн 1-ний мэнд өргөн дэвшүүлье.

Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монгол түмэн буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй.

Улиран одож буй усан туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужигарсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.

Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна. 

Энэ бол Монгол Улсын Их Хурлаас ард түмэн засаглах эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрх зүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм.

Нүүрсний сонсгол, нээлттэй хэлэлцүүлгүүдээр ард түмний мэдэх эрх хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна.

Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Энэ бол том өөрчлөлт, цоо шинэ хэм хэмжээ, тэс өөр хандлага тогтож, улс орон бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж буй их хөдөлгөөний эхлэл юм.

Энэ хөдөлгөөн одоохондоо эмх замбараагүй үйл хөдлөл мэт санагдаж болох ч эцсийн дүндээ нийт нийгмээрээ ЭМХЭРЧ ЦЭГЦРЭХ ЖАМ ЁСНЫ ЗӨВ ХӨДӨЛГӨӨН гарцаагүй мөн.

Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн.

Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна.

Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ.

Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ мөн.

Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе.

Дэлхий даяар болон Монгол эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа Улаан залаат, Хөх монголчууд минь урган гарч буй Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны Хилэнт эх хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Настан буурлуудын ерөөл үр хүүхдүүдээ ивээж, насны буян хишиг нь өнө мөнхөд дэлгэрч, хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгож, буурал жилээ үдэж, буянтай жилээ угтахаар сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар, од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг, аж амьдралдаа нийцүүлэн, монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн барс сард сар шинэ, цагаан сараа ёслон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм.

Бидний өвөг дээдэс ирж буй жилийнхээ өнгө төөрөг, өлзий дэмбэрлийг цагаан өнгөөр бэлгэдэн, сар шинийн баяраар цайвар зүсмийн морь унаж, цагаан дээл хувцсаар гоёж, цагаан идээ ундаагаа хүртэж, сүүн цагаан сэтгэлээр ерөөл бэлгэтэй үг хэлэлцэж, эвийг эрхэмлэн, итгэлийг бэхжүүлж, ахас ихсээ хүндэтгэн, ард түмнээрээ ёслон золгодог сайхан уламжлалтай.

Монголчууд бидний энэхүү өв соёлын өвөрмөц онцлогийг манай нэрт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай нэгэнтээ “Миний ардын сэтгэл цагаан, Мэндлэн золгох ёс нь ариун” хэмээн яруу тунгалгаар шүлэглэн хэлсэн байдаг.

Энэхүү үндэсний их баяр ёслолоороо монгол хүн бүр эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн мөргөж, эцэг эх, ахас ихсээ хүндлэн золгож, их түүхээрээ бахархан, өв соёлоороо гоёж, үр хүүхдүүддээ өвлүүлэн, үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ.

Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.

Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа.

Хөх тэнгэрийн хүчтэн луу жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь босоо монгол бичиг шигээ өөдөө байж, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх болтугай.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай.

Сар шинийн баярын энэ өдөр өнө эртний түүхтэй нүүдэлчин түмний өв соёл, эрдэм ухааныг өвлөн тээгч, эрдэнэт мал сүргийн эзэн малчин түмэндээ өвлийг өнтэй, хаврыг хавтай давж, дэлгэр сайхан зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай монгол түмний минь цог хийморь, буян заяаг Их Эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар өнө мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Leave a comment

Trending