Европ болон Атлантикийн орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Мюнхений бага хурал ирэх Баасан гаригт эхлэх гэж байна. Тус хурал энэ жил 60 дахь удаагаа зохиогдоно.

Уламжлал ёсоор хурал эхлэхээс хэд хоногийн өмнө Munich Security Report-ийг танилцуулдаг. Хоёрдугаар сарын 13-ны Даваа гаригт энэхүү тайланг Берлин хотод хэвлэлийн бага хурал хийн танилцууллаа.
Тайлангийн гол суурь материал нь НАТО-гийн гишүүн орнуудыг оролцуулаад дэлхийн 11 оронд явуулсан судалгаанд хийсэн дүн шинжилгээ бөгөөд судалгаагаас харахад ирээдүйдээ итгэлгүй, сөрөг хариулт давамгайлжээ. Тайланг “Lose-Lose?” хэмээн гарчигласан нь энэхүү ерөнхий хандлагыг илтгэж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Дэлхийн улс төрд сөрөг чиг хандлага давамгайлж, геополитикийн хувьд тогтворгүй байдал нэмэгдэж, эдийн засгийн хувьд урьдчилан таамаглан тодорхойлох аргагүй нөхцөл үргэлжилж байгааг тайланд дурджээ.
Судалгаанд хамрагдсан орнуудын иргэдийн чамгүй их хувь нь 10 жилийн дараа гэхэд улс орон нь аюулгүй байдлын хувьд илүү эмзэг болж, эдийн засгийн хувьд доройтох байх гэсэн өөдрөг бус хариултыг өгчээ. Ирээдүйдээ хамгийн итгэлгүй хариулт Япон, Германд зонхилсон бол АНУ, Их Британид өөдрөг хариулт илүү хувьтай байжээ.
Хүйтэн дайн дууссаны дараах жилүүдэд ажиглагдаж байсан ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг үзэл унтарсан гэсэн ерөнхий дүгнэлтийг хийж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.
Хурлын үеэр Герман, Украины хооронд аюулгүй байдлын талаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурахаар товлогдсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зелинский баримт бичигт гарын үсэг зурна. Өнгөрсөн жилийн хурлын нэг гол сэдэв нь Украины асуудал байсан боловч Зеленский өөрийн биеэр оролцолгүй цахимаар үг хэлсэн. Украин өмнө ижил төрлийн хэлэлцээрийг Их Британитай байгуулсан.
Мюнхений бага хуралд Оросын төлөөлөгчид 1900-гаад оны сүүлээс байнга уригдаж оролцож байсан. 2007 онд Ерөнхийлөгч Путин, 2015 онд Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцсон бол бусад жилүүдэд Гадаад харилцааны сайдын түвшинд оролцож ирсэн. Харин Украин руу ОХУ довтолсон 2022 оноос хойш уг хуралд оросууд оролцоогүй. 2022 онд Оросын тал оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргаснаа зарлаж байсан бол өнгөрсөн 2023 онд болон энэ онд ОХУ-ыг уг арга хэмжээнд уриагүй. Оросын хэвлэлүүдээр сүүлийн өдрүүдэд “урьсан байсан ч очихгүй” гэсэн агуулга бүхий мэдээлэл хэд хэд гарчээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн 2007 онд Ерөнхийлөгч Путины Мюнхений хурлын индэр дээрээс хэлсэн үгийг ихээхэн түгээж байна. Ингэхдээ 17 жилийн өмнө Ерөнхийлөгч Путины Мюнхенд хэлсэн үг өнөөдөр биеллээ оллоо гэсэн гол мессэжийг түгээлээ.
Энэ жилийн гол сэдвүүд нь дайн үргэлжилсээр байгаа Ойрхи Дорнод болон Украины асуудал байна. Түүнээс гадна ирэх намар болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хөтөлбөрийн хувьд гол асуудал гэж харагдахааргүй байгаа ч үнэндээ хамгийн гол сэдэв юм хэмээн Германы хэвлэлүүд бичжээ. Хэрвээ Дональд Трамп дахин сонгогдвол НАТО-гийн хувь заяанд нөлөөлнө гэдгийг Европын улстөрчид бараг бүгд ойлгож байгаа ч ил гаргаж хэлэхгүй байгаа. Учир нь, Дональд Трамп Цагаан ордоны эзэн суувал АНУ-ыг НАТО-гийн эвслээс гаргаж, Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг зогсоох магадлал маш өндөр юм. Мюнхений хуралд АНУ-ын эрх баригч Ардчилсан нам болон БНН-ын төлөөлөл аль аль нь уригдсан. Хоёрдугаар сарын 10-нд Өмнөд Каролина мужид явагдсан БНН-ын нэр дэвшигчийн урьдчилсан сунгааныхаа үеэр Дональд Трамп НАТО-гийн гишүүн орнууд тус байгууллагын дүрэмд заасан ДНБ-ий 2%-ийг цэрэг, батлан хамгаалахад зарцуулна гэсэн үүргээ гүйцэтгэдэггүй болохыг шүүмжилсэн. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Трамп энэ байр сууриа нэг бус удаа илэрхийлж, гишүүний татвараа төлөөгүй орнуудыг хамгаалах шаардлагагүй хэмээн хариулж байсан удаатай.
А.ҮЛЭМЖ





Leave a comment