Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2024.02.19/ Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай байна. Ихэнх аймаг зудын байдал байгаагаас Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын байдалд байна.
Төмөр буюу мөсөн зуд гэдэг нь цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн хэсэгт мөсөн бүрхэвч тогтож мал өвч олж идэх, бэлчээрлэх боломжгүй болох үеийг хэлнэ. Өвлийн сал эхэлснээс хойш нийт нуьаг даяар огцом дулаарч, тэгснээ хэд хоногийн дараа эрс хүйррэх байдал хэд хэдэн удаа давтагдсан нь ийнхүү мөсөн зудыг дагууллаа.
Хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсоныг ОБЕГ мэдээллээ. Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгуудад хамгийн өндөр байна. Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
Сүүлийн өдрүүдэд үргэлжилж байгаа хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас орон нутагт малчид зутарч, шуурганд төөрч, осгохгүйн тулд уруудсан малынхаа араас явалгүй тэр чигт хаях тохиолдол нэмэгдэж байна.
Цас их орсоны улмаас орон нутгуудын зам боогдож, цасанд боогдсон малчдад хэрэгцээт хүнс, хэрэглээний бараа, малын өвч тэжээл хүргэхэд хүндрэлтэй байгаа юм. Хүчтэй цасан шуурганы улмаас Арвайхээр, Мандалговь, Даланзадгад, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт чиглэлийн замуудын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд түр хаалаа. Хөдөлгөөнийг хаасан замуудыг нээсэн ч халтиргаа, гулгаа ихтэй, автомашин зорчиход аюултай нөхцөлд байгааг ОБЕГ анхааруулсаар байна.
Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цувааг өнөөдөр /2024.02.19/ Улаанбаатар хотоос илгээлээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас нийт 1800 алба хаагч, 434 техниктэйгээр цасанд боогдсон 23,451 км зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 669 өрх айлд өвс, тэжээл, нүүрс хүргэсэн, зам, гарц хаагдсан 13,573 малчин өрх рүү 38,444 км зам гаргахаар ажиллаж байна.
Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.
1. Улсын нөөцөд байгаа 6,000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх,
2. 14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэх.
3. Дараагийн шатны арга хэмжээг ирэх 3-4-р сард авч хэрэгжүүлж, малчдад гурил, будаа, хүнс хүргэнэ.
Мөн гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
А.ҮЛЭМЖ





Leave a comment