Сөүл хотноо хоёр хоног үргэлжилсэн Монголын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам хоорондын уулзалтаар хоёр улсын хооронд улам бүр өсөн нэмэгдэж байгаа зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр одоо байгаа 5 дээр нэмэн 2 онгоцны буудлаас Монгол руу нислэг хийхээр болжээ. Жежү арлын болон Сөүлээс хойш 150 км-т байдаг Янганы олон улсын нисэх буудлаас Монгол руу шинээр нислэг үйлдэх сонирхолтой агаарын тээвэрлэгч компаниудын хүсэлтийг хүлээн авахаа Солонгосын Газрын харилцаа, дэд бүтэц, тээврийн яам мэдэгдсэн байна.

Бизнесийн мэдээллийн koreabizwire.com сайтын мэдээлснээр Солонгосын хамгийн том агаарын тээвэрлэгч Korean Air компанийг оролцуулаад 8 компани Монгол руу нислэх хийх зөвшөөрөлтэй.

Бусаны ойролцоох Гимхай олон улсын буудлаас 7 хоногтоо 6 удаа Монгол руу нисч байсныг 9 болгон нэмэгдүүлнэ. Онгоцны хүчин чадлыг харгалзан үзэж зөвшөөрөл олгодлог байснаас цуцлах тохиролцоонд мөн хүрчээ. Өмнө нь Монгол руу нисэх онгоц нь 200 хүртэл зорчигчийн суудалтай байх ёстой байсан бол энэ хязгаарлалтыг цуцалжээ.

Зуны ачааллын сарууд буюу 6-р сараас 8-р сарын хооронд зорчигчийн урсгалыг 7 хоногт 10,800 болгон нэмэгдүүлнэ. Өмнө байсан зохицуулалтаар оргил саруудын зорчигчийн урсгал 9,000-аар хязгаарлагдаж байжээ.

Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниуд Монголын зах зээлд ноёлж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлсэн Монголын талын санал, хүсэлтийн талаар уулзалтын үеэр тохиролцоонд хүрч чадаагүй хэмээн тус салбарын эх сурвалж мэдээлснийг Yonhap мэдээндээ онцолжээ.

БНСУ-ын Засгийн газрын статистикаар 2021 онд хоёр улсын хоорондох зорчигчийн урсгал 41,000 , 2022 онд 318,000, 2023 онд 653,000 болон өмнөх оноосоо хоёр дахин нэмэгджээ.

Энэхүү уулзалт болж байх цаг хугацаанд Монголын нийгмийн сүлжээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн тийзийн үнэ хэтэрхий өндөр, үйлчилгээний чанар муу гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн нь санаандгүй тохиолдол биш гэсэн хардлагыг төрүүлээд амжлаа.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending